Дэлхийн улс төрийн намууд хаашаа явж байна вэ

УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэгдэх гэж байгаатай холбогдуулан дэлхийн улс орнуудын намуудын хөгжлийн хандлага ямар байна, манай намуудынх ямар байна гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм.      

XXI зууны эхэнд дэлхийн улс орнуудын намын гишүүнчлэл, бүтэц үйл ажиллагаа урьд өмнөхтэй харьцуулахад ихээхэн өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Энэхүү үйл явцыг дараах байдлаар авч үзье.

Улс төрийн намуудын гишүүнчлэл яагаад буурч байна вэ

1980-аад оныг хүртэл либераль ардчилсан орнуудад сонгогчид барууны ба зүүний хэмээх улс төрийн хоёр чиглэлийн намуудад тогтвортой хуваагдаж, нам сонгогчийн хоорондын холбоо хүчтэй байлаа. Сонгогчдын зан үйлд анги, бүлэг, хөрөнгө чинээ гэх мэт нийгмийн давхраажилтын ялгаа голчлон нөлөөлж ихэнх сонгогчид аль нэг намын тогтвортой дэмжигч байв.

Гэтэл 1980-аад оны эхэн үеэс сонгогчдын санал өгөлт, үнэт зүйлийн чиг хандлагад ихээхэн өөрчлөлт гарсан юм. Аж үйлдвэрийн эрчимтэй хөгжил, хүн амын орлогын тогтвортой өсөлт, нийгмийн бүх гишүүдийн боловсролын хүртээмж нэмэгдсэний үр дүнд нийгэм дэх давхраажилтын эрс ялгаа бүдгэрч тогтвортой дунд анги бий болжээ. Улмаар анги бүлэг, орлого, арьс өнгө зэрэг социал бүтцийн ялгаагаар улс төрийн намыг дэмжих уламжлалт хандлага суларсан юм. Улс төрийн намд үйлдвэр, хамт олноороо гишүүнээр элсч кампаничлан дэмждэг байсан цаг ард хоцорч улс төрөөс хүнийсэх үйл явц газар авсан нь өнөөг хүртэл үргэлжилж бай

 

Улс төрийн намд үйлдвэр, хамт олноороо гишүүнээр элсч кампаничлан дэмждэг байсан цаг ард хоцорч улс төрөөс хүнийсэх үйл явц газар авсан нь өнөөг хүртэл үргэлжилж байна.

Ийнхүү сонгогчдын зан үйл өөрчлөгдөх болсон гол шалтгаан нь Өрнөдийн улсууд аж үйлдвэржилтийн дараах нийгэм буюу постмодерн нийгэмд шилжин орсон явдал юм. Постмодерн нийгмийн гол шинж бол нийгмийн гишүүдийн үнэт зүйлийн чиг хандлагын өөрчлөлт. Уламжлалт нийгмүүдэд хүчтэй байдаг хамт олонч үзэл, нийгэм дэх аль нэг бүлэгт харьяалагдаж байж нэр хүнд, байр сууриа тодорхойлуулах хэрэгцээ үеэ өнгөрөөж постмодерн нийгэмд хувь хүний бие даасан байдал гол болдог. Өрнөдийн постматериалист залуу үе улс төрийн намыг гэхээсээ нийгмийн хөдөлгөөнийг дэмжих болсон байна.

Бүдүүвч 1. Зарим улсуудын намын гишүүнчлэлийн төлөв. (Сонгуулийн насны иргэдийн дунд улс төрийн намын гишүүнчлэлийн эзлэх хувь)

Дээрх бүдүүвчинд харуулснаар либераль ардчилсан орнуудын намын гишүүдийн тоо жил ирэх тутам буурч Австрийг эс тооцвол 2011 оны байдлаар сонгуулийн насны иргэдийн дунд улс төрийн намын гишүүдийн эзлэх хувь дунджаар 4,3 болсон байна. Харин Монгол улсын хувьд улс төрийн намуудын гишүүдийн эзлэх хувь 20 орчим байгаа нь ихээхэн өндөр үзүүлэлт юм.

Өрнөдийн улсуудын намын гишүүнчлэл буурах үйл явц үргэлжилсээр байна. Жишээлбэл, Европын улсуудаас гишүүнчлэлийн хувьд хамгийн томд тооцогддог ХБНГУ-ын Социал-демократ намын гишүүдийн тоо 1990 оноос хойш 39 хувиар цөөрч 2013 оны байдлаар 473,662 мянга болсон бөгөөд жил ирэх тутам шинээр элсэх гишүүдийн тоо буурсаар байгаа ажээ.

Улс төрийн намын бүтцийн өөрчлөлт

Дээр дурьдсанаар улс төрийн намуудын гишүүнчлэл буурснаар улс төрийн намуудын уламжлалт бүтэц мөн адил шинэчлэгдэхээс өөр аргагүй болов. Намуудын гишүүдийн тоо цөөрсөөр массын бус шинжтэй болж байгаа бол хуучны кадрын буюу боловсон хүчний намууд нь гишүүдтэй болж байгаагийн улмаас намуудын хувьд бүгдийг хамарсан буюу “catch all”  юмуу хоршсон намын хэлбэр болох картел загварт шилжих шилжилт эрчимтэй явагдаж байна.

1980-аад он хүртэл улс төрийн намууд сонгуулийн кампани явуулахдаа шууд, хувь хүнд чиглэсэн, нүүр тулсан шинжтэй харилцаа хийж байсан бол өдгөө нэр дэвшигч ба сонгогчдын хооронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан харилцах болсон тул хуучны олон хүнд тулгуурласан гишүүдийн өргөн далайц бүхий үйл ажиллагаа төдийлөн шаардагдахгүй болов.

Тиймээс улс орны газар нутгийг хамарсан бүтэц бүхий, массыг хамарсан гишүүнчлэлийн оронд улс төрийн намууд харьцангуй цомхон бүтэцтэй болж эхэллээ.

Намын байнгын үйл ажиллагааг төв аппаратын цөөн тооны мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж гишүүд дэмжигчдийн өргөн оролцооны оронд Think thank төвүүд, мэргэжлийн судлаач, мэргэжилтнүүдийн өндөр түвшинд боловсруулсан стратеги, хөтөлбөрүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах болов. Намууд зөвхөн сонгуулийн үед л идэвхтэй үйл ажиллагаа явуулж, сонгуулийн бус цагт намын үйл ажиллагаа парламент дахь намын бүлэгт төвлөрөх болов. Ийнхүү намын үйл ажиллагаа зөвхөн парламентад төвлөрч байдаг тул намд орон нутгийн бүх нэгж дээр салбар, үүр байгуулах шаардлагагүй болжээ.

Шинэ нам, хөдөлгөөнүүд

Дэлхийн улс орнуудын намын төлөвшилтөнд гарч буй дараагийн нэг чиг хандлага бол улс төрийн тавцанд цоо шинэ хэв маяг бүхий намууд төрөн гарч буй явдал юм. Шинээр төрж буй эдгээр намууд нь уламжлалт намуудаас эрс өөр үзэл суртал, үйл ажиллагаатай байгаа юм. Тухайлбал, бүтцийн хувьд огт гишүүнчэлгүй юмуу интернэтэд суурилсан, эсвэл ганц лидерт төвлөрдөг байх жишээтэй.

Дэлхийн улс орнуудын намын төлөвшилтөнд гарч буй дараагийн нэг чиг хандлага бол улс төрийн тавцанд цоо шинэ хэв маяг бүхий намууд төрөн гарч буй явдал юм. Шинээр төрж буй эдгээр намууд нь уламжлалт намуудаас эрс өөр үзэл суртал, үйл ажиллагаатай байгаа юм.

Уламжлалт намууд нийгмийн бүхий л салбарын асуудлаар бодлого, мөрийн хөтөлбөр боловсруулж гишүүд дэмжигчдийн өргөн давхаргыг татахыг эрмэлздэг байсан бол өдгөө шинээр гарч ирж байгаа намууд тодорхой нэг  юмуу цөөн хэдэн асуудлыг л гол болгож сонгуульд оролцож байна. Эдгээр шинээр гарч ирж буй намуудын онцлогийг дараах байдлаар авч үзье.

  • Польш дахь Паликотын хөдөлгөөн, Италийн Беппе Гриллогийн хөдөлгөөн гэх мэт  уламжлалт намын бүтцээс эрс ялгаатай сул бүтэц бүхий намын хэв маяг газар авч эхлэв.
  • Намын уламжлалт бүтцэд бус ганц хүний удирдлагад тулгуурласан аяндаа гарсан нам хөдөлгөөнүүд хүмүүсийн дэмжлэг авч байна. Тухайлбал Итали дахь Таван од хөдөлгөөний үндэслэгч бөгөөд удирдагч нь алиалагч, блогчин Беппо Грилло энд дурьдах хэрэгтэй. Беппе Грилло  хэмээх итали эр 2005 оны 10 сараас http://www.beppegrillo.it хаяг бүхий нийгэм улс төрийн асуудлын блог нээж итали, англи, япон хэлээр хөтөлж эхэлсэн бөгөөд 2008 он гэхэд дэлхийн хамгийн олон хандалт бүхий блог болсон байна. Улмаар 2010 оноос ус, хүрээлэн буй орчин, тээвэр, холбоо харилцаа, өсөлт гэсэн таван асуудлыг гол болгодог Таван од хөдөлгөөнөө байгуулж сонгуульд оролцох болсон юм.
  • Улс төрөөс огт ангид байдлаар үүссэн Словак дахь “Энгийн хүмүүс” хэмээх нам мэт намууд мөн бий болж эхэллээ.
  • Төв ба Зүүн Европ дахь зүүний чиглэлийн ногоон намууд
  • Зөвхөн интернэтийн эрх чөлөөг зорилго болгосон “Далайн дээрэмчдийн нам” мэтийн улс орны хөгжлийн хөтөлбөр санал болгохгүй ганцхан асуудлыг л зорилгоо болгодог намууд үүсч байна.
  • Герман дахь Зүүний нам гэх мэт зарим шинэ намууд социал демократ болон консерватив зэрэг тогтсон үзэл баримтлалуудыг эргэж харахыг уриалах болов.
  • Европ дахь дүрвэгчдийн асуудал, алан хядах үйл ажиллагааны улмаас цагаачлалын эсрэг, исламын эсрэг байр суурь бүхий хэт барууны популист хэв маягийн авторитар удирдлагатай намууд шинээр төрж байна.

Эдгээр нам нь уламжлалт намын бүтэц, холбоо харилцааны хэв маягаас эрс ялгаатай байгаа болохоор нам гэхээс илүү хөдөлгөөн, тэр байтугай “цахим нам” гэж судлаачид үздэг юм. Тухайлбал ХБНГУ-ын Берлин, Заарланд зэрэг мужийн 2011, 2012 оны орон нутгийн сонгуулиудад зөвхөн интернэт ашиглан суртал ухуулга явуулдаг “Далайн дээрэмчдийн нам 7.4-8.9 хувийн санал авч чадсан бөгөөд олон түмний дундах рейтинг нь өссөөр байгаа аж. Үүнийг Германы судлаач Хартлеб интернэтийн үеийнхний оршин буй дэглэмийг эсэргүүцэж буйн нэг илрэл гэж тайлбарласан байдаг.

Орчин үеийн улс төрийн намуудын хэв маяг

Дээр дурьдсанаас үзэхэд цаг хугацааны хувьд бүлэг маягийн ба олон түмний намууд үеэ өнгөрөөж өдгөө Өрнөдийн улс орнууд бүтцийн хувьд ойролцоо, сул гишүүнчлэл бүхий бүхнийг шүүрэгч ба хоршсон нам намууд давамгайлж байгаа нь харагдаж байна. Энэ хоёр намын хэв маяг аль аль нь сул гишүүнчлэлтэй, мэргэшсэн улс төрчдийн нам юм. Дээрх хоёр намын гол ялгаа бол санхүүжилт билээ. Бүхнийг шүүрэгч нам хувийн санхүүжилт дээр тулгуурладаг бол хоршсон нам төрийн санхүүжилтийг гол болгож бизнесийн бүлэг, элитүүдийн нөлөөнөөс ангид байдаг юм.

Монголын намууд ямар байна вэ?

Монгол улс олон намын тогтолцоо бүхий ардчилсан дэглэмд шилжээд 25 жил болжээ. Өдгөө Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байна. Гэвч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нь цөөхөн юм. Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн хурлын гээд нийт  18 сонгууль болж өнгөрснөөс МАН, АН-аас гадна ердөө 5 улс төрийн нам УИХ, Орон нутгийн хурлуудад ямар нэгэн хэмжээгээр төлөөллөө сонгуулж байжээ. УИХ-д суудалгүй жижиг намуудын зарим нь Дээд шүүхэд бүртгэгдсэн төдий л байгаа болохоос идэвхтэй улс төрийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна.

Уг нь энэ хуулийг аль 2015 оны хаврын чуулганаар өргөн барьчих байсан юм. Гэтэл сандал ширээний асуудлаас болоод хойшилсоор байгаад одоо сонгуулийн яг өмнөхөн орж ирж байгаа нь уг хуулийг эрүүл саруулаар харж ирээдүйг бодож батлахад ихээхэн саад учруулж болзошгүй.

Харин УИХ-д суудалтай зонхилох намуудын хувьд өмнөх тогтолцооноос уламжлагдсан удирдлага зохион байгуулалтын шаталсан, нүсэр бүтэц, гишүүнчлэлийн хатуу зарчим зэрэг нийтлэг шинжтэй байгаа юм. Намууд гишүүдийн тоогоор хөөцөлдөх, олон гишүүдтэй харагдахыг эрмэлздэг бол иргэд улс төрийн намуудад үзэл баримтлалыг нь дэмжиж элсэх бус ашиг хонжоо харж гишүүнээр элсэх явдал газар авчээ.

Намын бүтэц, үйл ажиллагаа, гишүүнчлэлийн хэв маягийн хувьд өнөөгийн Монголын улс төрийн намууд ХХ зуунд тархаж байгаад 1980-аад оноос үеэ өнгөрөөсөн хатуу гишүүнчлэл бүхий массын намын хэв маягтай байгаа юм. Үүнээс үзэхэд Монголын улс төрийн намууд хөгжингүй орнуудын улс төрийн намуудын хөгжлөөс даруй 30, 40 жил хоцрогдсон бололтой.

Тийм учраас УИХ-д өргөн барьсан намын тухай хуулийн төсөлд Монголын улс төрийн намуудын энэхүү хоцрогдлыг арилгах, намыг мөнгө олох, албан тушаалд хүрэх арга хэрэгсэл гэж үздэг олны дундах хэвшмэл ойлголтыг халж дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэх зорилго тавьсан юм. Намд улс төрийн болон санхүүгийн хариуцлага хүлээлгэж иргэдийн улс төрийн боловсролыг  дээшлүүлэх, төрийн бодлогод хувь нэмэр оруулах, санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнадаг байх зэрэг үүргийг хуулиар ногдуулж байна.

Уг нь энэ хуулийг аль 2015 оны хаврын чуулганаар өргөн барьчих байсан юм. Гэтэл сандал ширээний асуудлаас болоод хойшилсоор байгаад одоо сонгуулийн яг өмнөхөн орж ирж байгаа нь уг хуулийг эрүүл саруулаар харж ирээдүйг бодож батлахад ихээхэн саад учруулж болзошгүй.

Эх сурвалж: eagle.mn