Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
ПОПУЛИСТ АМЛАЛТ ГАЗАР АВБАЛ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ АСАР ХОРТОЙ
-Иргэдийн саналыг өөртөө татах зорилгоор үнэнд нийцэхгүй, хэрэгжих боломжгүй амлалтыг хуулиар хэрхэн зохицуулдаг юм бэ. Ер нь зохицуулж болох уу?
-Эхлээд популист амлалт гэж юуг хэлээд байгаа юм гэдэгт товчхон мэдээлэл хийе. Популист гэдэг нь бодлого ярихаас илүү ард түмэнд таалагдах гэсэн, ард түмний сэтгэлийг хөдөлгөх аргыг хэрэглэж сонгогчдыг татахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжих гэх мэт түр зуурын сэтгэл хөдөлгөсөн амлалтад тулгуурлаж улс төрийн бодлого явуулахыг хэлнэ.
Жил жилийн сонгуулийн ѳмнѳ иргэд сонгогчдын саналыг татах зорилгоор улс тѳрийн намууд болон зарим бие даан нэр дэвшигчид популист амлалт ѳгѳх үйлдэл гардаг. 2016 оны сонгуулиас эхлээд улс тѳрийн нам болон бие даагчдын мѳрийн хѳтѳлбѳрт аудитаар дүн шинжилгээ хийлгэж, тухайн мѳрийн хѳтѳлбѳрт тусгасан амлалт нь хэрэгжих боломжтой эсэхэд дүгнэлт ѳгдөг болсон. Жишээлбэл, УИХ-аас баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд сонгуулийн мѳрийн хѳтѳлбѳр ямар байх тухай гол шаардлагыг тавьсан. Сонгуулийн мѳрийн хѳтѳлбѳрийг Монгол Улсын хѳгжлийн үзэл баримтлал, урт хугацааны болон дунд хугацааны хѳгжлийн бодлогуудад нийцүүлж боловсруулах ёстой. Бие даагчид ч мѳн адил.
Сонгуулийн тухай хуулийн 38.5-д зааснаар “Мѳрийн хѳтѳлбѳрт заасан арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Тѳсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тѳсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар аудитын байгууллаа дүгнэлт гаргана” гэсэн байгаа.
Тэгэхээр намууд сонгуульд ѳрсѳлдѳнѳ гэж зарлахаа урьтал болгохоос илүүтэй мѳрийн хѳтѳлбѳрѳѳ боловсруулж мэргэжлийн аудитын байгууллагаар дүгнэлтээ гаргуулсан байх ёстой.Тѳсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг нь хэрэгжих магадлалтай буюу Монгол Улсын бодит байдал, хѳрѳнгѳ оруулалтын хэмжээнд нийцэхүйц амлалт байх ёстой. Энэ жил УИХ-ын сонгуулийн жил. Он гарахаас өмнө зарим улс төрийн нам популист амлалт өгч эхэлсэн.
Тухайлбал, МАХН ипотекийн зээлийн хүүг тэглэнэ гэж өнгөрсөн намар мэдэгдэж, 20 орчим мянган сонгогчийн иргэний үнэмлэхний мэдээллийг бүртгэлжүүлж авсан. Энэ бол яах аргагүй Сонгуулийн болон Тѳсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг зѳрчсѳн үйлдэл болсон.
Ер нь Сонгуулийн тухай хуулиар намууд ямар нэгэн байдлаар ул үндэсгүй амлалт ѳгѳх ёсгүй. 2012,2011 онуудад уул уурхайн баялгийн хѳрѳнгѳ оруулалт ид орж ирж байх үед бэлэн мѳнгѳний амлалт ѳгч, бэлэн мѳнгѳ маш ихээр сонгогчдод тараасан. Энэ алдаагаа давтахгүй байх үүднээс 2016 оны сонгуулиас эхлээд “Уул уурхай газрын тос эрдэс баялаг, баялгийн болон бусад салбарын орлого түүнчлэн улс орон орон нутгийн тѳсвѳѳс иргэдэд аливаа хувь хишиг олгох тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх тухай амлалт байж болохгүй” гэсэн шинэ заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан. Мѳн 38.3.3-т “Зээлийн болон бусад ѳр тѳлбѳрийг хүчингүйд тооцох, хѳрвүүлж болохгүй” гэж маш тодорхой зааж ѳгсѳн.
МАХН иргэдийг татах арга хэмжээ явуулсан нь Сонгуулийн хуулийг зөрчсөн хууль бус арга хэмжээ болсон. Өөр тодорхой жишээнүүд орон нутгийн сонгууль дээр их гардаг. Манай нам ялбал танай ажилгүй байгаа тэрийг ажилтай болгоно гэх ч юм уу. Иймэрхүү хэн нэгнийг ажилд оруулна, мѳнгѳн болон мѳнгѳн бус эд зүйл амлах заалт сонгуулийн мѳрийн хѳалбѳрт байж болохгүй.
2016,2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа нам нэр дэвшигчийн мѳрийн хѳтѳлбѳрт нэлээн хатуу хязгаарыг тогтоож ѳгсѳн. Ингэж байж популизмаас сэргийлнэ.
-Тэгсэн ч гэсэн популист амлалт гарсаар байдаг шүү дээ?
-Мажоритар системийн гол онцлог нь хувь улс тѳрч тоглолт хийх боломж, орон зай их байдаг.Улс тѳрийн намууд мѳрийн хѳтѳлбарѳѳ аудитаар хянуулаад хэт их популист үзлээс хамгаалчихаж байна. Тэгвэл тухайн тойрогт ѳрсѳлдѳж байгаа олны танил дуучин эсвэл бѳх ч юм уу тэдгээр хүмүүсийн популист амлалтад хяналт тавихад хэцүү байдаг.Тиймээс мажоритар систем нь хувь улс тѳрчдѳд популист амлалтуудаар тоглолт хийх орон зайг бий болгодог.
–Ерѳнхийлѳгч тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж мэдэгдсэн нь нийгэмд нэлээн хүлээлт үүсгэлээ. Нѳгѳѳ талдаа улс тѳрчид болон эдийг засагчид судалгаа үндэслэлгүй хариуцлагагүй явдал гэж байна. Ерөнхийлөгчийн мэдэгдэл популист амлалт мѳн үү?
-Нэг талаас нь харахаар тэтгэврээс ѳѳр орлогогүй нийгмийн хэсэг хүмүүсийн амьжиргааг дэмжих гэсэн халамжийн бодлого. Эдийн засгийн суурь тооцоог хийгээгүй бол популист амлалт мѳнѳѳс мѳн.Халамжийн бодлого байх ёстой юу гэвэл тийм. Гэхдээ халамж шаардлагатай байгаа хэсэгт чиглэж урт болон дунд хугацаанд эмзэг бүлгийнхний нийгмийн болон эдийн засгийн асуудлыг шийдэж ѳгѳх ёстой. Түүнээс биш нэг удаа бэлэн мѳнгѳ тараах, ѳр тэглэх байдлаар халамжийн бодлого явж болохгүй. Шинэ он гарахтай зэрэгцэн Ерѳнхийлагчийн тэтгэврийн ѳрийг тэглэх тухай мэдэгдсэн мэдэгдэл нь популист шинжтэй гэж үзэж судлаачид бид үзэж байна.Ѳрийг нэг удаа тэглэснээр цаашид гарах үр дагавар нь юу байх вэ, түүнийг нь тооцсон уу үгүй юу, банкны бодлого болон бусад ѳргѳн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд хэрхэн нѳлѳѳлѳх тооцоо судалгааг хийсэн эсэх нь эргэлзээтэй байна.
-Улс тѳрийн нам болон улс тѳрчдийн популист амлалт нийгэмд ямар сѳрѳг нѳлѳѳтэй вэ?
-Бид өнгѳрсѳн 70 жилийн хугацаанд тѳрѳѳс бүхнийг олгодог,хянан зохицуулж ирсэн социалист нийгэмд амьдарч ирсэн. Төр нь бүхнийг шийдэж өгдөг байсан учраас ард иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээг бий болгосон. Тэгвэл одоо үүсээд байгаа асуудал яг энэ бэлэнчлэх сэтгэлгээг ѳѳгшүүлж өгч байна. Зээл авчихлаа ѳрийг нь тѳр тэглэнэ.
Хоёрдугаарт, тэтгэврийн зээл аваагүй хѳгшчүүл ялгаварлалтад ѳртсѳн болчихож байгаа юм. Зээл аваагүй хүмүүс нь яах юм бэ гэсэн хандлага нийгэмд бий боллоо шүү дээ. Тиймээс зээлийг тэглэх биш тэтгэврийг нь нэмэх эсвэл ахмад настанд зориулсан нийгмийн хамгааллын ѳѳр бодлого хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Ингэж байж урт болон дунд хугацаандаа тэтгэврийн бодлогод нѳлѳѳлнѳ. Түүнээс биш нэг удаагийн ѳр тэглэх асуудал нь дараагийн удаа хэн миний ѳрийг тэглэх болоо гэсэн хариуцлагагүй,бэлэнчлэх сэтгэлгээг улам сэдрээж, өөгшүүлж байна. Популист амлалт газар авбал хѳгжлийн бодлогод сѳргѳѳр нѳлѳѳлдѳг асар их хортой зүйл. Зарим улс тѳрийн намууд улс орны алсын хѳгжлийг харсан эдийн засгийн ул суурьтай, хүн амын болоод гадаад дотоод хүчин зүйлээ тооцсон бодлого боловсруулаад санал болгодог. Гэтэл олны анхаарлыг татах гэсэн ѳнѳѳ маргаашийг харсан ахархан бодлого илүү ард иргэдийн анхааралд хүрдэг. Энэ бол бодлогын ѳрсѳлдѳѳн биш. Олныг ѳѳртѳѳ татах гэсэн явуургүй арга.
Намууд бодлогоор ѳрсѳлдѳж сонгуульд оролцдог, хѳгжлийн бодлого ярьдаг байх хэрэгтэй.Өнөө маргаашаа харсан хувааж идэх бодлогоос илүүтэй урт хугацаанд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр бодлого тодорхойлж ярих хэрэгтэй байна шүү дээ. Халамжийг хавтгайруулах эсвэл өр зээлийг тэглэнэ гэсэн бодлого нөгөө талдаа нийгмийг хагалан хуваадаг. Бодит жишээ одоо ч гэсэн нийгэмд үүссэн байна шүү дээ. Зээл авалгүйгээр амьдралаа зохицуулж ирсэн ахмадууд нэг удаагийн өр тэглэх Ерөнхийлөгчийн бодлогын гадна үлдэж байгаа учраас тэд нарт гомдол яах аргагүй үүснэ. Үүний оронд бүх ахмадуудыг хамруулсан бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. Өр тэглэхээс илүү ахмадуудын нийгмийн хамгааллыг хэрхэн сайжруулах вэ гэх мэт өөрөөр шийдэж болох олон зүйлс байгаа. Үүн дээр улс төрийн намууд бодлогоо уралдуулмаар байна. ҮАБЗ хуулийн чанартай үйлчлэх шийдвэр биш. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Томоохон санхүүжилтийг зайлшгүй төсөвт тодотгол хийж байж шийддэг.
-Ард иргэд нь популист амлалтад итгэж сонголт хийсний эцэст улс орон нь дампуурсан бодит жишээ Венесуэл улс шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Сонгуулийн өмнө улс төрийн нам нэр дэвшигчид сонгогчдыг татахын тулд популист амлалт өгөх нь хаана ч ямар ч улс оронд байдаг зүйл.Тухайн улс орон хуулиар хязгаарлаагүй л бол янз бүрийн амлалт өгөх нь элбэг байдаг. Тэр дундаа шилжилтийн орнууд буюу дарангуйллаас ардчилалд шилжиж байгаа зүүн Европын пост коммунист орнууд, Латин Америк, Африкийн орнуудад маш их түгээмэл байдаг.
Хэт популист амлалт улс орны хөгжлийн бодлогыг алдагдуулж, алсын хараагүй, зөвхөн өнөө маргаашийг харсан нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорондын ахархан бодлогыг хардаг учраас улс орны хөгжил эдийн засагт асар их хортой
. Бидний хамгийн сайн мэддэг бодит жишээ Латин Америкийн газрын тосны хамгийн том ордтой Венесуэл улс сүйрсэн шүү дээ. Популист хоёрхон Ерөнхийлөгчийн хар гайгаар энэ улсын эдийн засаг бүрэн дампуурсан. 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Уга Чавос нэр дэвшсэн. Түүний гол амлалт нь юу байсан бэ гэхээр “нефтийн томоохон үйлдвэрүүдийг гаднынхан болоод үндэсний хөрөнгөтнүүд эзэмшсэн байна. Тиймээс баялгийг ард түмний гарт өгнө. Гадаадын империалистуудыг хөөж гаргана, улс оронд баян ядуугийн ялгааг арилгана. Баячуудын хөрөнгийг хурааж иргэдэд тараана, улс орны бүх салбарыг төр өөрийн мэдэлд авна” гэж хэт популист амлалт өгч ялалт байгуулсан. Улс орныхоо байгалийн баялгаар эргээд баялаг бүтээх биш бүгдийг нь тарааж хуваарилсан. Мэдээж эхний 2,3 жил бага орлоготой болон дунд орлоготой иргэдэд өөрчлөлт мэдрэгдэж, маш их таалагдсан. Түүнийг үндэсний аврагчаа гэж үзсэн. Гэвч Уго Чавос гурав, дөрвөн сонгуульд ялалт байгуулсны эцэст 10,20 жилийн дараа улс орны эдийн засаг нь бүхэлдээ зогссон. Популист улс төрчдийн амлалт иргэдэд хамгийн их таалагддаг. Гэвч эцсийн дүндээ улс орон мөхлийн ирмэгт ирдэг ийм л хор хөнөөлтэй.
Венесуэлд улс дампуурсан бас нэг шалтгаан нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэмжээлшгүй нэг хүний засаглалтай байсантай холбоотой юм. Монгол Улс парламентын засаглалтай учраас нэг поп Ерөнхийлөгч гарч ирж, бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй юм.
- Ард иргэд популист амлалт, улс орны хөгжлийг тодорхойлсон бодлого хоёрыг ялгаж салгаж сонголтоо хийж чаддаг байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн боловсрол маш чухал байна шүү дээ. Ер нь иргэдийн сонголт хийх мэдлэг, боловсрол нь ямар байна вэ?
- Монголд ардчилал бий болсон 30 жилд хийж чадаагүй, огт хаясан нэг зүйл нь яах аргагүй иргэдийн улс төрийн боловсрол юм.Сонгогчид бодлого сонгодог байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн хувь хүн, за энэ манай тойрогт юм хийчих болов уу гэсэн олны танил эсвэл бизнесмен хүн сонгож байсан нь урт хугацаандаа сөрөг нөлөөтэй байлаа. Бид бодлого ярьж, бодлогын сонголт хийж байх ёстой.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн жишээнээс хархад, Энхболд, Баттулга, Ганбаатар гурвын сонгуулийн кампанит ажил бодлого, хөтөлбөр ярих орон зай цаг хугацаа өгөөгүй. Ерөөсөө л үндсэрхэг үзэл,Хятад, Монгол гэсэн цэвэр сэтгэл хөдлөлд тулгуурласан зүйлсийг ярьсан.
Гэтэл сонгууль гэдэг бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Хөдөө орон нутаг, хотын захын зарим дүүрэгт иймэрхүү үр дүн харагддаг. Хэн нь ч гарсан ялгаагүй. Тиймээс манай аймаг, манай тойрогт юм хийчих бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүн сонгосон нь дээр байх гэсэн хандлагаар ханддаг. Хөрөнгө мөнгөтэй хүн сонгочихвол юм хийж магадгүй гэсэн байдлаар сонголт хийж байна. УИХ бодлого боловсруулдаг газар. Тэнд хууль санаачлаад бодлого ярих хэмжээний хүн л байх ёстой. Тэгж байж тухайн тойргийн ард иргэдийн төлөө ажиллана. Өнгөрсөн сонгуулийн үр дүнг хархад олны танил хүмүүсийг сонгосон. Тэдгээр нь нэг ч хууль санаачлаагүй дараагийн сонгуультай золгож байна шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд анхаарч ажиллах ёстой гол байгууллага. Харамсалтай нь энэ үүргээ төдийлөн хангалтгүй гүйцэтгэж ирсэн. Сонгууль зохион байгуулах ажлаа л хийдэг. Улс төрийн намууд гишүүд дэмжигчдээ соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Ингэж байж иргэд сонголтдоо хариуцлагатай хандаж зөв хүнээ сонгодог юм.
Эх сурвалж: gereg.mn