Намууд шүүх, цагдаатай холбоотой хүнийг нэр дэвшүүлсэн нь том алдаа болсон
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр дахин санал хураалтад сонгогчид идэвхтэй оролцож, өндөр дүнтэйгээр Төрийн тэргүүнээ сонгох ёстойг онцлов.
-Ерөнхийлөгчийн сонгууль болсон ч аль нэг нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар боллоо. Судлаач хүний хувьд энэ удаагийн сонгуулийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Энэ хавар явагдсан Францын болон Өмнөд Солонгосын сонгуулиудтай харьцуулахад манай энэ удаагийн сонгууль бодлогын өрсөлдөөн болж өнгөрсөнгүй. Нэр дэвшигчдийн дэвшүүлж буй асуудал, бодлогын шийдэл, мөрийн хөтөлбөр тун бага яригдлаа. Олны анхаарал татсан сенсаац мэдээллүүд л давамгайлав. Сонгогчид үндсэндээ "харанхуй" байсаар санал хураалтын өдөртэй золгож байна. Үндсэндээ гарааны рейтинг, сонгуулийн сүүлийн рейтинг энэ гурвынх ойр явсаар ийм дүнтэй золголоо. Бид гурван намаас нэр дэвшигчид тодорсон цагаас л иргэдийн дунд тандалт судалгаа хийсэн. Судалгаагаар гурван намын нэр дэвшигчдийн санал ойролцоо байсан. Тодруулбал, нэр дэвшигчид 28- 35 хувийн санал авах дүр зураг ажиглагдаж байсан юм. Тиймээс сонгуулийн сурталчилгааны эхэн үед л энэ удаагийн сонгууль хоёр үе шаттай болох нь гэсэн таамаг гаргаж байлаа. Ерөнхийд нь дүгнэж үзвэл энэ сонгуулийн үр дүн бол иргэдийн улс төрд үл итгэх, намуудад итгэл алдарсны асар том илэрхийлэл боллоо.
-Сонгуулийн санал хураалтаар гурван нэр дэвшигч 30-38 хувийн санал авлаа. Нэр дэвшигчдийн санал ойролцоо болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Судалгаанаас үзэхэд энэ гурван нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэх сонгогчдын тоо тааруу байсан. Өөрөөр хэлбэл, сонгогчид өөр хүлээлттэй байсан. Ер нь бол 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн гол хоёр тоглогч болох МАН, АН-ыг тогтмол дэмжигч сонгогчдын тоо буурч, хөвдөг сонгогчид ихэссэн. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар гуравдагч хүчин буюу “Шударга ёс” эвсэл санал өгсөн нийт сонгогчийн 25 орчим хувийн санал авсан. Анх удаагаа гуравдагч хүчин ийм өндөр санал авсан юм. Энэ дүр зургийг дахин давтлаа.
-Улс төрд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа гэсэн үг үү. Нэр дэвшсэн С.Ганбаатар 407 мянга орчим сонгогчийн санал авсан нь МАХН-ын нэр хүндтэй холбоотой юу?
-Сонгогчдын дунд МАХН-ын рейтинг өндөр байсан учраас С.Ганбаатар ийм санал авлаа гэж шууд утгаар ойлгож болохгүй. Ер нь аливаа Ерөнхийлөгчийн сонгуульд намын гэхээс илүүтэй хувь хүний хүчин зүйл чухал байдаг нь АНУ болон Францын ерөнхийлөгчийн сонгуулиудын жишээ харуулж байна. Яг үүнтэй адилаар С.Ганбаатар хэмээх нэр дэвшигчийн хувийн харизм, имиж тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, МАН, АН-д итгэх иргэдийн итгэл буурсан нь нэр дэвшигч С.Ганбаатар өндөр санал авахад голлох хүчин зүйл болсон. Гурван сонгогч тутмын нэг нь нэр дэвшигч С.Ганбаатар санал өгсөн нь МАН, АН-д үзүүлж буй эсэргүүцлийн нэг хэлбэр.
-Энэ удаагийн сонгуулиар анх удаагаа сонгогчид эсэргүүцлээ илэрхийллээ. 18 мянга орчим сонгогч нарт нэр дэвшигчид таалагдсангүй?
-Бидний ажиглалтаар боловсрол өндөртэй, мэдээлэлд ойр байдаг сонгогчид энэхүү эсэргүүцлийн санал буюу цагаан хуудас өгсөн. Энэ нь нийт санал өгсөн сонгогчийн 1.3 хувийг эзэлж байгаа ч тодорхой анхааруулга өгч байгаагийн илрэл юм.
-Үүнийг зарим судлаач сонгогчийн боловсрол дээшилсэнтэй холбон тайлбарлаж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Сонгогчийн боловсрол дээшилсэн гэж дүгнэхэд хэцүү. Яагаад гэвэл сонгогчдын дунд хийсэн судалгаагаар сонгогчид нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэлд дөжирсөн шинжтэй байсан. МАН -ын нэр дэвшигчтэй холбогдох 60 тэрбум, АН-ын нэр дэвшигчтэй холбоотой төмөр замын хэрэг, оффшорын асуудал болон МА ХН-ын нэр дэвшичийн холбогдох 50 сая воны хандивын асуудал сонгогчдын саналд нөлөөлөхүйц хүчин зүйл болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, улстөрчид, улс төрийн намууд авлига, хээл хахууль угаас авдаг, бүгд л их бага хэмжээгээр идэж ууж байгаа гэх хандлага иргэдийн дунд түгээмэл байлаа. Энэ бол харамсалтай дүр зураг. Хэрэв сонгогчийн боловсрол өндөр байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүн ийм гарахгүй байсан.
Сонгогчид харанхуй байдлаар сонгуульд оролцож, саналаа өгч байна
-Гэхдээ ирэх долоо хоногт дахин санал хураалт болно. Сонгуулийн ирц хүрэхгүй байх гэсэн болгоомжлол байна?
-Баяр наадам, амралтын үе таарч байгаа тул сонгогчдын идэвх сул байх магадлалтай. Мөн С.Ганбаатарыг дэмжиж байсан сонгогчид мухардалд орсон байхыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна өнгөрсөн санал хураалтаар эсэргүүцлээ илэрхийлсэн сонгогчид энэ удаа дахин цагаан хуудас өгөх үү, эсвэл сонгуульд огт оролцохгүй үлдэх үү гэдэг нь тодорхойгүй. Товчхондоо, дахин санал хураалтын ирц өмнөхөө гүйцэхгүй. Энэ удаагийн дахин санал хураалт Монголын улс төрд урьд өмнө байгаагүй жишгийг бий болгож байгааг онцлох хэрэгтэй байх.
-Дахин санал хураалт өрсөлдөж байгаа хоёр нэр дэвшигчийн хэнд нь илүү ашигтай вэ?
-Хэнд нь илүү ашигтай вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Сонгуулийн дүнд С.Ганбаатарыг дэмжсэн сонгогчдын сонголт болон эсэргүүцлээ илэрхийлсэн 18 мянга орчим иргэний байр суурь ихээхэн нөлөө үзүүлнэ. Дахин санал хураалт бол нэр дэвшиж байгаа хоёуланд нь ашиггүй хувилбар. 1993 оноос хойших зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар анхны санал хураалтаар ялагч тодорсон байдаг. Харин энэ удаад дахин санал хураалт болох болсон нь улс төрийн гол хоёр тоглогч болох МАН, АН өөрсдөдөө дүгнэлт хийх ёстойг харуулж байгаа юм.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байсан учир намууд сөрөг сурталчилгаа түлхүү ашиглалаа хэмээн үзэж байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сурталчилгаа 45 хоног үргэлжилж байсан. Харин 2013 оны сонгуулиар энэ хугацаа багасаж, 33 хоног болсон. Энэ удаад 18 хоног сонгуулийн сурталчилгаа хийлээ. Сурталчилгааны хугацаа багасахын хэрээр сонгогчид бодит мэдээлэл авах нь хомс байна. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах хугацаа олдсонгүй. Хэрэв төрийн тэргүүнээ бүх ард түмнээсээ сонгодог энэхүү тогтолцоог үргэлжлүүлбэл сурталчилгааны хугацааг нэмэх ёстой. Сонгогчид үнэн зөв, бодит мэдээллийг авч, сонголт хийх боломжийг олгох хэрэгтэй гэж бодож байна. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэд хэдэн мэтгэлцээ зохион байгуулах ёстой. Сая сонгуулийн сурталчилгааны сүүлчийн орой ганц удаа мэтгэлцээн зохион байгуулсан нь үнэхээр хангалтгүй байсан. Уг нь Телевизүүдийн холбооны хийх гэж байсан шиг тодорхой сэдвүүдээр хэд хэдэн удаа мэтгэлцээн явсан бол хүмүүст илүү хэрэгтэй байлаа. Тэгсэн бол нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн талаар сайн мэдэх байв.
-МАХН-аас цагаан санал өгөхийг далд байдлаар уриалж, нийгэмд тодорхой акц өрнүүлж байгаа нь цахим ертөнцөөр ажиглагдаж байна шүү дээ. Товчхондоо, МАХН-д дахин санал хураалтыг хүчингүй болгох сонирхол өндөр байна. Хэрэв дахин санал хураалт хүчингүй болбол дахин сонгуульд МАХН гар бие оролцох боломж бүрдэнэ?
-Хэрэв ирц бүрдэхгүй юм уу эсвэл аль ч нэр дэвшигч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авахгүй бол сонгууль бүхэлдээ хүчингүй болж дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Гэхдээ энэ нь эдийн засгийн хувьд томоохон алдагдал хүлээнэ гэдгийг сонгогчид сайн ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: ubinfo.mn