Стратеги академийн захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй сонгуулийн тогтолцоо болоод сонгогчдын боловсролын талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд сонгуулийн холимог системтэй байна гэсэн заалтыг оруулах гээд чадсангүй. Зарим нь манайд холимог систем хэрэгтэй гэж байна. Нөгөө хэсэг нь хэрэггүй гэх юм. Таны бодлоор аль систем нь илүү тохирох вэ?
-Дэлхийд сонгуулийн маш олон систем, суудал хуваарилах арга байна. Харин бид сүүлийн 7 удаагийн сонгуульд анализ хийгээд үзэхээр, нэг мандаттай мажоратори систем. Эсвэл холимог систем Монголд илүү тохирох юм байна гэдэг нь харагдсан. Нэг мандаттай мажоратори систем улс оронд хүчний төвлөрлийг бий болгодог. Улс төрийн намуудын зөвшилцлийн үйл явцыг нэмэгдүүлдэг. Хэт туйлшрамтгай, үндсэрхэг намуудыг хязгаарладаг. Мөн сонгогч саналаа өгөхөд амар хялбар байдаг. Хүнийг нь харж сонгоно гэдэг сонгогчдын сэтгэл зүйн онцлогтой таардаг. Сонгуулийн дүн гарах үйл явц амар. Ийм давуу тал байгаа ч сул тал бас бий. Мажоратори системийн гол сул тал нь улс орны нэгдмэл эрх ашиг орхигддог. Тойрогт төвлөрсөн төрийн бодлого явуулж эхэлдэг. Ялангуяа төсөв хуваарилах үед мэдэгддэг.
Мажоратори системийн бас нэг сул тал нь, хүчний харьцааг бодитоор тусгадаггүй. Өөрөөр хэлбэл, сонгогчдын санал маш их гээгддэг. Харьцангуй бага саналын зөрүүгээр сонгуульд үнэмлэхүй олонхийн санал авах боломж гардаг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн үүнийг харуулж байгаа юм. Холимог системийг манайд тохирно гэж үздэг. Давуу тал ч бий. Энэ системийн гол давуу тал нь улс төрийн намуудын хүчний харьцааг хамгийн бодитоор харуулдаг. Нөгөө талаар хүн амын болон газар нутгийн төлөөллийг УИХ-д оруулж ирэх бүрэн боломжтой тогтолцоо. Өөрөөр хэлбэл, парламентад зөвхөн хүн амын төдийгүй газар нутгийн төлөөлөл байх ёстой. Гэтэл мажоратори системийн үед газар нутгийн төлөөлөл нь илүү УИХ-д орж ирдэг. Холимог системтэй байснаар хүн амын төлөөллөө оруулж ирэхэд хэрэгтэй.
Жишээлбэл, Герман, Оросын жишээгээр парламентын гишүүдийн 50 хувь нь мажоратори, үлдсэн нь пропорциональ системээр сонгогддог байж болно шүү дээ. Ер нь энэ хоёр систем хоёулаа давуу болон сул талтай. Энэ хоёр тогтолцооны сул талыг даван туулах гэсэн оролдлого гэдэг утгаараа холимог систем зөв.Холимог системийг авч хэрэглэвэл 2+1 нам буюу хоёр гол намаас гадна гурав, дөрөвдөгч намын төлөөлөл УИХ-д орж ирж, эвслийн Засгийн газар бүрдэх магадлалтай. Энэ холимог системээр сонгуулиа зохион байгуулж байгаа орнуудын жишиг. Харин манай хоёр том намд холимог системийг шууд аваад хэрэглэх зориг байхгүй байна. Дээрээс нь нэг тойргоос удаа дараа сонгогдсон гишүүд “тойргоо услах”-аас үүдэлтэйгээр холимог системийн эсрэг санал өгчихөв үү гэж харагдлаа. Хоёр, гурван сонгуулийн дараачаас холимог системийг хэрэглэвэл илүү тохиромжтой л гэж харж байна.
-Холимог тогтолцоог сонгохоор сонгогдохгүй байх магадлалтай хүмүүс намын жагсаалтын ард нуугдана гээд байгаа?
-Холимог системийг хэрэглэвэл нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд яаж бичих үү. Сонгогчид хэрхэн санал өгөх вэ гэдэгт олон хувилбар бий. Жишээлбэл, холимог системээр намын жагсаалт орж ирсэн ч гэсэн намаас жагсаасан нэр дэвшигчдийг сонгогчид өөрсдөө эрэмбэлж болно. Өөрөөр хэлбэл, нээлттэй саналын жагсаалтын хувилбараар явуулахад ямар нэг асуудал гарахгүй. Сонгогчид намаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг дугуйлж, эрэмбэлнэ. 2012 онд бол намаас нэр дэвшигч 28 хүнээ эрэмбэлсэн. Сонгогч эрэмбэлсэн хүмүүст нь ямар нэг байдлаар санал өгөх эрхгүй, зөвхөн намын нэр дугуйлсан. Холимог системийг сонговол ийм асуудал үүсгэхгүй байх боломжтой. Өнөөдөр хэтэрхий барууны үзэлтэй, улс орны тогтолцоог хүчээр өөрчилье гэдэг хандлагатай намууд гарч ирж байгаа тохиолдолд мажоратори систем нь ойрын үедээ хамгийн аюулгүй тогтолцоо болоод байна.
-Холимог системийг сонгосон ч сонгогчид намаас дэвшүүлсэн хүмүүсийг эрэмбэлнэ гэлээ. Гэхдээ Монголд сонгогчдын боловсрол хэтэрхий сул байна. Таньдаг хүнээ л дугуйлах магадлал нь өндөр шүү дээ. Тэгэхээр нөгөө л хэдэн хүн төрд буцаж гарч ирэх боломжтой болно?
Хувь хүнийг сонгодог мажоратори системийн хамгийн том сул тал олны танил болсон, популистуудыг сонгох магадлал өндөр байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд намд төвлөрсөн бодлогыг хүчтэй тавьж өгөх холимог системийг сонговол боломжтой. Гэхдээ л нөгөө хэдэн олонд танигдсан хүнд санал магадлал байсаар л байна. Сонгогчид саналаа өгдөг хэд хэдэн сэдэл байна.
- Нэгдүгээрт, намын харьяаллаар саналаа өгнө.
- Хоёрдугаарт, нэр дэвшигч нь хэн байна вэ гэдгийг харна.
- Гуравдугаарт, бусад сэтгэл зүйн хүчин зүйл буюу тухай нэр дэвшигч таалагдсан эсэх, нутаг усны хамаарал байна уу гэдгийг харна.
Мөн тухайн нэр дэвшигчтэй ямар нэгэн байдлаар холбоотой, өмнө нь хамт ажиллаж байсан эсэх гэх зэргээс үүдэж сонгодог. Тийм учраас аль ч системийн үед олны танил хүн л сонгогдох нь ойлгомжтой. Зөвхөн пропорциональ системийн үед л намын жагсаалтад эрдэм мэдлэгтэй хүмүүсийг багтааж, сонгох боломжтой байдаг.
-Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлийн ажлыг хиймээр байна. Манай сонгогчид 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг гэгддэг шүү дээ. Ийм байхад зөв хүний сонгоход хэцүү л байх?
–Монголын төрийн өнгөрсөн 29 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа нь сонгогчийн боловсролд анхаараагүй явдал.Бид Сонгуулийн ерөнхий хороонд удаа дараа хүсэлт тавьж үзэж байсан. СЕХ хуулийн дагуу сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллах ёстой байгууллага. Гэтэл сонгуулийн үеэр зөвхөн сонгууль явуулах л зардал гаргаж өгсөн. Энэ л бидний гол ажил. Бидний хүн хүчний нөөц үүнээс илүү гарч чадахгүй гэж хариулдаг. Тийм учраас СЕХ-ны хүн хүчний нөөцийг нэмэгдүүлж, зардал мөнгийг нь ч нэмж өгөх хэрэгтэй байна. Сонгогчийн боловсролын чиглэлээр хэдэн судлаачид, эрдэмтэд л бага сага ажил хийж ирсэн. Төрөөс энэ чиглэлээр юу ч хийгээгүй. Төр шинээр сонголтоо хийх гэж байгаа залуу сонгогчид руу чиглэсэн боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.
-Сонгогчдын улс төрд итгэх алдарч байгаа талаарх судалгааг та ярьдаг. Ерөнхийлөгчөөр сонгуулиар “Цагаан сонголт” гэж маш их уриалсан. Ирэх оны сонгуулиар ч дахиад ийм уриалга гарч магадгүй байна?
-Сонгогчдын улс төрийн оролцоо буурч, төрд итгэх итгэл алдрах нь ардчиллын үйл явцад маш аюултай. Ардчилал олонхийн саналаар сонгогдсон улс төрийн хүчин төр барих ёстой. Гэтэл сонгогчдын үлэмж бага хэсэг нь сонгуульд саналаа өгч байна.
Тэр дундаа популистуудын амлалтад биш бодлого, хөтөлбөрт саналаа өгдөг боловсролтой сонгогчид багасахын хэрээр гишүүд маш цөөхөн хүний саналаа гарч ирдэг.
Энэ нь төр засаг, улс орны ирээдүйд маш хохиролтой. Тиймээс сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо хийх хэрэгтэй. Хэдийгээр тэр тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс таалагдаж байсан ч гэсэн намын бодлого, мөрийн хөтөлбөрт нь саналаа өгөх хэрэгтэй. Түүнээс биш хүнд тулгуурлан саналаа өгөх нь явуургүй зүйл. Ардчилал гэдэг хувь хүнд найдахаас илүү тогтолцоонд найдах ёстой систем. Тогтолцоог улс төрийн намууд бий болгодог. Тиймээс улс төрийн намын мөрийн хөтөлбөрт саналаа өгдөг байх хэрэгтэй.
-2020 оны сонгууль ямар маркетингтай болно гэж та бодож байна?
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар соошл сүлжээний сурталчилгаа давамгайлсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүний хэнд нь ч бодлого, мөрийн хөтөлбөрөө ярих боломж олгоогүй. Тийм цаг ч байгаагүй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног л байсан. 2020 оны сонгуулийг арай өөрөөр хийх байх гэж найдаж байна. Ирэх долоо хоногоос сонгуулийн хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болов уу. Сонгуулийн хуулиндаа соошл орчинг хэрхэн зохицуулах, сурталчилгааны хугацааг сунгах асуудлаар ямар өөрчлөлт оруулах талаар судлаачдын зөвлөгөөг авах шаардлагатай байна. Тухайлбал, хөдөөгийн тойрог хотынхоос олон. Тэгээд хол хол явж, сурталчилгаагаа хийх болдог. Тийм учраас сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаж өгөх хэрэгтэй. Дор хаяж дөрвөн 7 хоног байх хэрэгтэй юм билээ. Шинэ нам юм уу, тухай тойрогт нэр дэвшиж байгаа шинэ хүнд өөрийгөө таниулах боломж өгөхгүй байсаар сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусдаг. Тиймээс сонгуулийн тэгш зарчмыг хангах үүднээс сурталчилгааны хугацааг нэмэх шаардлагатай.Сошиалыг Герман л зохицуулсан. Бусад улсууд яг л бидэн шиг яах вэ гэсэн байдалтай л байна. Манайх ч уг нь зохицуулах шаардлагатай юу гэвэл тийм. Харин яаж зохицуулах вэ гэдэг учраа олохгүй л байна. Ирэх оны сонгуульд мэдээж сошиал нөлөөлөх нь тодорхой.
-Сонгуулийн хуульд ямар зүйл, заалтуудыг оруулж өгөх нь зөв гэж харж байна?
-Улс төрийн намд тавих шалгуур, мөрийн хөтөлбөрт нь оруулах аудитын шалгалтыг илүү тодруулж хэрэгтэй. Сонгогчдыг мөнгөөр татсан амлалтуудыг болиулах ёстой. Тухайлбал, МАХН-ын үнэгүй орон сууц өгөх ч бололтой амлалт өгөөд байгааг зохицуулах заалтуудыг сонгуулийн хуульд оруулж өгмөөр байна.Сонгогчдыг татах гэж оролдсон популист амлалтууд Монгол Улсын хөгжилд асар их гай болно. Тиймээс сонгуулийн хуулиндаа бодлогод төвлөрсөн намыг бэхжүүлэх, популизмаас сэргийлэх, сонгууль дахь хөрөнгө мөнгөний нөлөө буюу санхүүжилтийг аль болох хязгаарлах ёстой. Жишээлбэл, АН-ын 100 сая төгрөг гэдэг асар их аюул дагуулна. Ийм жишиг бүх улс төрийн намд байгаа бол халах ёстой. Тэгэхгүйгээр хөрөнгө мөнгөтэй олигархиудын нөлөөг улс төрөөс халж чадахгүй. Тийм учраас нам, тэр дундаа сонгуулийн санхүүжилтийг асар их анхаарч, тусгаж өгөх хэрэгтэй. Сонгуулийн хуульд оруулж өгөх бас нэг заалт нь эмэгтэйчүүдийн квот. Хуучин 25 байсан одоо 20 болсон. Үүнийг буцааж сэргээж, квотыг нэмэх хэрэгтэй. Олон улсын жишиг бол тавь тавин хувьтай байна. Гэтэл манайх ухралт хийгээд байгаа юм.
Эх сурвалж: Zaluu.com