Энэ сарын 19-нд болох Орон нутгийн ээлжит сонгуулийн талаар МУБИС-ийн багш, “Улс төрийн коммуникацийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газрыг дангаараа барьж байна. Ийм нөхцөлд болох гэж байгаа орон нутгийн ээлжит сонгууль нэлээд өвөрмөц болох болов уу. Таны бодлоор энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог нь юу вэ?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог бол зөвхөн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болж байгаа явдал. 2012 онд орон нутгийн сонгууль болон УИХ-ын сонгуулийг хамт явуулах үйл явц эхэлж, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг анх удаа УИХ-ынхтай хамт явуулж байсан бол өнгөрсөн зургадугаар сард аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулсан. Тийм учраас одоо сонгогчид зөвхөн сум, дүүргийн ИТ-өө сонгох болж байна.
Дараагийн нэг онцлог бол УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д нэг нам үнэмлэхүй ялалт байгуулсан ийм үед сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдаж байгаа явдал. Гол өрсөлдөөн эрх баригч МАН болон сөрөг хүчин болох АН гэсэн хоёрхон намын хооронд явагдаж байна. Харин 2012 онд энэ хоёр намын зэрэгцээ МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл” гуравдагч намын төлөөлөл болон хүчтэй өрсөлдөж нийслэлийн болон зарим аймагт суудал авч байсан юм. Ийм нөхцөлд иргэд сонгуульд хэрхэн оролцож, саналаа яаж өгөх нь судлаачдын анхаарлыг татаж байна.
-Танай судалгааны хүрээлэн орон нутгийн сонгуулийн талаар судалгаа хийж байна уу?
-Есдүгээр сарын 24-26-ны хооронд судалгаа хийлээ. Судалгааны дүнгээс үзэхэд иргэдийн тэн хагас нь аль намд саналаа өгөхөө сонгоогүй, сонгуульд оролцох эсэхээ ч шийдээгүй байна. Ер нь хүмүүсийн дунд эргэлзсэн, тээнэгэлзсэн байдал давамгайлж байгаа нь судалгаанаас харагдсан. Учир нь УИХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул доод шатны хурлуудад АН-ыг дэмжиж, МАН-д хяналт тавих нь зүйтэй гэх хүмүүс байхад нөгөө хэсэг нь АН сум, дүүрэгт олонх болбол дээд шатны удирдлагатай хэл амаа ололцож ажиллахгүй, улс орны ажил цалгардах магадлалтай гэж үзэж байгаа нь ажиглагдлаа.
Өнгөрсөн жилүүдийн орон нутгийн сонгуулийн түүхээс харахад зөвхөн 2012 онд л АН олонх болсон. Үүнээс бусад бүх сонгуульд МАН олонх болж ирсэн. Тиймээс олон жилийн зүй тогтол энэ удаа давтагдах уу, эсвэл иргэд төрд хяналт тавихын тулд дунд болон доод шатны ИТХ-д АН-д саналаа өгөх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Мөн иргэд орон нутгийн сонгуульд идэвхгүй оролцох төлөвтэй байна.
-Та иргэд сонгуульд идэвхгүй оролцох магадлалтай гэлээ. Яагаад иргэд орон нутгийн сонгуульд идэвхгүй оролцдог юм бол, үүнийг яаж засах вэ?
-Сүүлийн жилүүдийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад орон нутгийн сонгуульд сонгогчдын оролцоо идэвх доогуур байлаа. Жишээлбэл, Монгол Улсын түүхэнд анх удаа 2008 онд нийслэлийн 3 дүүрэгт, 2012 онд нийслэл болон Дархан-Уул, Орхон аймгийн зарим хэсгийн хороодод ирц хүрээгүй учраас дахин сонгууль явуулж байлаа. Орон нутгийн сонгуульд иргэд идэвхгүй оролцож байгаа гол шалтгаан нь иргэдийн дунд орон нутгийн хурлын байгууллагын үйл ажиллагааг дутуу үнэлэх, орон нутгийн сонгуулийг үл тоох явдал юм. Иргэд орон нутгийн хурал гэхээс илүү Засаг дарга, УИХ-ын гишүүнд асуудлаа хэлж, өргөдөл гомдлоо шийдүүлэх эрмэлзэлтэй байдаг. Тиймээс иргэдэд нутгийн удирдлагын талаар болон ИТХ-ын тухай мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй.
Сонгогчдын оролцоонд нөлөөлж буй дараагийн нэг хүчин зүйл бол сонгогчийн бүртгэлийн систем. Зөвхөн тухайн оршин сууж буй газраа байнгын бүртгэлтэй иргэд л орон нутгийн сонгуульд саналаа өгөх ёстой. Гэтэл хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн газар авч байгаагийн улмаас хотод шинээр суурьшиж буй иргэдийн нэлээд хувь нь дүүрэг, хорооноос зөвшөөрөл өгөөгүй “задгай” хэмээн нэрлэгдэх газарт бууж иргэний үнэмлэхээ албан ёсоор шилжүүлж чадаагүй байдаг нь сонгуульд үл оролцох нэг шалтгаан болдог. Мөн нийслэлд түр хугацаагаар оршин суугч гэж тооцогддог оюутнууд болон улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг хүмүүс сонгуульд оролцохгүй завсарддаг томоохон бүлэг болж байгаа юм.
Сонгогчдын ирцэд нөлөөлж буй дараагийн нэг хүчин зүйл бол орон нутгийн сонгуулийг УИХ-иас хэдэн сарын дараа явуулдаг цаг хугацааны хүчин зүйл юм. УИХ-ын сонгуулийн үеэрх намуудын ухуулга сурталчилгаанаас залхсан сонгогчид хэдхэн сарын дараа болдог орон нутгийн сонгуулийг ойшоож үздэггүй нь судалгаанаас харагддаг.
Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд СЕХ-ны зүгээс сонгогчдын боловсрол, сонгуулийн оролцооны талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг далайцтай хийх ёстой юм, харамсалтай нь ингэж чадахгүй байна.
-2016 оны УИХ-ын сонгуулийн ирц 2012 оныхоос өссөн үзүүлэлттэй гарсан. Ирц өсөх шалтгаан юу байсан юм бол?
-2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.2 хувь байсан. Энэ жилийнх 72.1 хувь буюу өмнөхөөс 7 хувиар өссөн. 2016 оны УИХ-ын сонгуулийн ирц өсөхөд хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болох юм. Эхнийх нь сошиал сүлжээ, түүгээр дамжиж буй мэдээллийн урсгал олон түмний сэтгэл зүйд нөлөөлсөнтэй холбоотой. Олон түмний сэтгэлзүйн гол шинж нь бусдыг даган дуурайж ижилсэх хандлага юм. Сэтгэлзүйн энэхүү онцлог сүүлийн жилүүдэд цахим ертөнцөд шилжсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал сүлжээнд сайн үйлсийн болон байгаль орчныг хамгаалах, эх орон үндэс угсаагаа хадгалах гэх мэтийн нийгэмд тустай үйлсээс эхлэн ууланд авиралт, жингээ хасах, амьдралын хэв маягаа өөрчлөх гэх мэтийн зугаа цэнгээний шинжтэй төрөл бүрийн аян, давалгаан өрнөж олон түмнийг хамрах болов. Урьд өмнө улс төрийг огт сонирхдоггүй байсан сонгогчид, тэр дундаа залуучууд нэг нэгнээ дуурайх, найз нөхдийн тавьсан мэдээллийг цааш дамжуулах байдлаар улс төрийн үйл явц, сонгуулийн талаарх маргаан мэтгэлцээнд татагдан оролцдог болж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр эрдэмтэн судлаачид, хэд хэдэн телевиз, сонгогчдын боловсролын чиглэлээр ажилладаг ТББ-ууд, Пи-Ар-ын компаниуд сонгогчдын оролцоог дэмжих, тэр дундаа интернет хэрэглэгч гол бүлэг болох залуу сонгогчдыг сонгуульд оролцуулах чиглэлээр цуврал нэвтрүүлэг, сошиал сүлжээний аян, давалгаа өрнүүлсний үр дүнд хотын зарим тойргуудад сонгогчдын ирцийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж чадсан.
Дараагийн хүчин зүйл нь сонгогчдын ирцийг механикаар ирц өсгөх үйл явц буюу хүмүүсийн ярьж заншсанаар “царцааны нүүдэл” энэ жилийн сонгуулийн ирцэд зарим аймгуудын хувьд нөлөөлсөн. 2016 оны зургадугаар сарын 29-нд буюу санал хураалтын өдөр СЕХ сонгогчдын ирцийг мэдээлэх үед зарим аймагт сонгогчдын ирц зохиомлоор нэмэгдсэн нь ажиглагдсан. Жишээлбэл, СЕХ-ноос мэдээлснээр 17 цагийн байдлаар Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт сонгогчдын ирц 75.2 хувь, Увс аймгийн 31 дүгээр тойрогт ирц 81.4 хувьтай байсан. Гэтэл тэр үед улсын дундаж 55 хувь байснаас үзэхэд энэ хоёр тойрогт сонгогчдын ирцийг механикаар нэмэгдүүлсэн нь илт харагдаж байлаа. Зүй тогтлын хувьд аль нэг аймагт ийнхүү сонгогчдын ирц улсын дунджаас даруй 20-30 хувиар илүү гарах боломжгүй. Тэр тусмаа сонгууль дуусахад бүхэл бүтэн 5 цаг дутуу байхад сонгогчдын ирц ийм өндөр түвшинд хүрсэн байгаа нь тухайн тойргуудад гаднын хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна.
-Иргэд яагаад орон нутгийн ИТХ-ыг асуудлаа шийдвэрлүүлэх чухал нэгж гэж үздэггүй юм бэ. Ямар нэгэн шалтгаан байгаа байх.
-Иргэд нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдэл бага гэж үздэг нь судалгаанаас харагддаг. Орон нутгийн хурлын байгууллагын бие даасан байдлыг бусад улсуудынхтай харьцуулбал хангалттай түвшинд хүрээгүй байна. ИТХ-ын үүрэг нь үндсэндээ стратеги, төсвийг хэлэлцэх, батлах зэрэгт чиглэгдэж байгаа ч бодит байдалд энэ үүрэг нь бэлэгдлийн шинж чанартай болж байна. Орон нутагт шийдвэр гаргах эрхтэй гол байгууллага нь иргэдээс сонгогдсон Хурлууд бус Засаг дарга юм. Тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хангалттай хэрэгжүүлээгүй тохиолдолд огцруулах эрхгүй. Тиймээс ИТХ нэлээн бэлгэдлийн шинжтэй бөгөөд үйл ажиллагааны эрх мэдлийн хүрээ хязгаарлагдмал. Олон улсын чиг хандлага бол төвлөрлийг сааруулах, нутгийн хурлын байгууллагын бие даасан байдлыг өргөжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд явж байна.
-Ер нь бусад улс орнуудад орон нутгийн сонгуулиа хэрхэн зохион байгуулж, иргэдээ татан оролцуулдаг юм бол?
Орон нутгийн сонгууль бол иргэдийг төрийг удирдах хэрэгт оролцуулах шууд ардчиллын гол механизм юм. Орон нутгийн сонгуулийг амжилттай зохион явуулахаас улс орны ардчиллын цаашдын чиг хандлага шууд хамаардаг тул улс орнууд нутгийн удирдлагын байгууллагын сонгуульд ихээхэн ач холбогдол өгдөг. Ер нь бол орон нутгийн сонгуульд сонгогчдын эрх ашгийг шууд хөнддөг. Зам тээвэр, ундны ус, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх мэтээр иргэдийн эрх ашгийг хөндөх эн тэргүүний асуудлыг парламентын түвшинд бус орон нутгийн түвшинд шийддэг. Тийм учраас орон нутгийн сонгуульд аль болох олон субьектийг оролцуулах, сонгогчдын оролцоог хөхүүлэн дэмжихэд улс орнууд анхаардаг.
Монгол Улсын Cонгуулийн хуульд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд болон сумын ИТХ-ын сонгуульд 51-ээс доошгүй, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулсан иргэн бие даан нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг.
Харин хөгжингүй орнуудад нам бус институт, төрийн бус байгууллагууд болон сонгогчид нийлж нэг хүнийг нэр дэвшүүлэх зэргээр орон нутгийн сонгуульд оролцох төрөл бүрийн боломж нээлттэй байдаг. Тухайлбал, Канадад 10-20 хүн нэгдэж байгаад нэг хүнээ нэр дэвшүүлж болдог. Германд мужийн парламент буюу Ландтагийн сонгуульд 200-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан хүн бие дааж нэр дэвшдэг. 80 сая хүн амтай Герман улсын хувьд 200 хүний гарын үсэг бол маш бага тоо шүү дээ. Австралид гэхэд 15 хүний гарын үсэг цуглуулаад бие даан нэр дэвших боломжтой. Энэ 15 хүн дотор нь тухайн нэр дэвшигчийн гэр бүлийн гишүүд нь ч байж болдог. Ерөнхийдөө орон нутгийн сонгууль зөөлөн босготой гэсэн үг.
Мөн орон нутгийн сонгуульд улс төрийн намын нөлөөг багасгах, нам бус сонгууль явуулах, байгаль орчин, иргэний, хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг сонгуульд оролцуулах нь нэмэгдэж байна. Жишээ нь, Канадын улс төрийн намын тухай хуулиар хүн ам цөөтэй орон нутгийн нэгж дээр улс төрийн намын үйл ажиллагааг хориглодог. Тодруулбал, 20,000-аас цөөн оршин суугчтай хот, тосгонд улс төрийн намын анхан шатны нэгж үүр гэж байдаггүй. Тийм учраас ийм хот тосгонд нутгийн удирдлагын байгууллагад иргэд бие дааж нэр дэвшдэг байна.
Тэгэхээр Монгол улсын хувьд орон нутгийн сонгуульд зөвхөн нам зонхилох үүрэгтэй оролцдог байдлыг халах, иргэд болон ТББ-уудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай.
-Энэ удаагийн сонгуульд нийт 7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч өрсөлдөнө. Та нэр дэвшигчдийн жагсаалттай танилцсан байх. Тэдний ур чадвар, чансааг хэрхэн дүгнэсэн бэ?
-Энэ жилийн орон нутгийн сонгуулийн нэг онцлог нь яах аргагүй залуу нэр дэвшигчид олон тоогоор өрсөлдөж байгаа явдал. Энэ жилийн хувьд боломжийн мэдлэг боловсролтой, туршлагатай залуучууд орон нутгийн анхан шатны сонгуульд нэр дэвшиж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан зэрэг олны сонирхол татсан нэр дэвшигчид сонгуульд оролцох болсон нь олон нийтээс сайшаал, шүүмжлэлийг аль алиныг дагуулж байх шиг байна. Энэ бол нэг талаас зөв жишиг. Учир нь төрийн өндөр албан тушаалтан өөрийн хүүхэд, гэр бүлийн гишүүдээ томоохон албан тушаалд тохоох, томилох бүрэн боломжтой. Гэтэл дээрх хоёр улстөрчийн хүүхэд улс төрийн замналаа анхан шатны сонгуулиас эхэлж байгаа нь сайшаалтай алхам. Төрийн төлөө зүтгэхээр шийдсэн бол доороос эхлэх нь зөв юм.
-Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-нээс эхэлсэн. Ямар мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа хийвэл иргэдэд илүү хүрэх вэ?
- Хот, хөдөөд сурталчилгаа түгээх, мэдээлэх байдал ялгаатай. Нийслэлийн болон аймгийн төвийн сонгогчдын тодорхой бүлэгт хямд төсөр, олон хүнд мэдээлэл түгээх боломжтой суваг болох сошиал сүлжээг хэрэглэх бүрэн боломж байна. Харин сумд болон хотын захын дүүргүүдийн иргэд телевизээс мэдээлэл авах боломжтой. Харамсалтай нь орон нутгийн сонгуулиар телевизийн сурталчилгааг УИХ-ын сонгууль шиг далайцтай хийх санхүүгийн болон бусад боломж нэр дэвшигчдэд хязгаарлагдмал. Тиймээс нэр дэвшигчид хэвлэмэл сурталчилгааны материал болон сонгогчидтой биечлэн нүүр туулсан уулзалт хийх байдлаар сонгуулийн сурталчилгаа явуулж байна.
-Иргэд орон нутгийн сонгуульд оролцохдоо нэр дэвшигчийн юуг илүү анхаарах шаардлагатай вэ. Нам уу, хүн үү?
-Өмнөх сонгуулиудын цуврал судалгаанаас харахад сонгогчид нэр дэвшигчийг сонгохдоо намын харъяалал, ажлын туршлага, эцэг эх, удам судар, нутгийн хүн эсэх гэх мэт олон хүчин зүйлийг харгалздаг. Ер нь бол иргэд сонголт хийхдээ тухайн сум орон нутагт хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг харгалзан үзэх хэрэгтэй. Иргэдийн ахуй амьдралтай холбоотой асуудлыг хүлээн авах, дамжуулах, шийдвэрлэх гол хүн нь сум, дүүргийн ИТХ. Тиймээс иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сайн судалж, иргэдийн ашиг сонирхолд нийцэж буйг, хэрэгжих магадлалтай эсэхийг нь харах хэрэгтэй.
Эх сурвалж: ub.life