Энэ удаагийн УИХ-ын сонгуульд мэдлэг чадвартай, нэр цэвэр, итгэл хүлээхүйц, шударга ёсны илэрхийлэл болсон шилдэг залуус нэр дэвшээд байгаа билээ. Тэдний нэг бол УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, Улс төр судлаач, доктор (Ph.D), дэд профессор Цэрэнжамцын Мөнхцэцэг юм. “Танайд өнжье” буландаа түүний гэр бүлийг урилаа.
Гэрийн эзэгтэй бидэнд үүдээ тайлж өгөөд “Зочид ирнэ гэсэн учир гарынхаа пиццагаа хийлээ” хэмээсээр шарах шүүгээнээсээ уур нь савссан амттай пицца гаргаж ирж ширээнээ тавилаа. Гэрийн эзэн Д.Бадамдаш эхнэртэйгээ адилхан Улс төр судлаач мэргэжилтэй. Д.Бадамдаш оюутан цагийн амьдралаасаа ийн хуучлав. Тэд нэг ангийн хоёр бөгөөд 1993 онд МУИС-д Улс төр судлалын тэнхим байгуулагдаж анхны элсэлтээ авахад 13 оюутан шинээр элсэхэд тэдний дотор Д.Бадамдаш, Ц.Мөнхцэцэг хоёр байжээ. Ингэж энэ хоёр учирч, тухайн үед улс төр судлалын чиглэлийн ном бүтээл ховор байсан учир гадаад хэл дээрх онолын ном, сурах бичгүүдийг судлахын тулд бие даан англи, герман хэл сурах шаардлага тулгарчээ. Хамтдаа сурч мэдэхийн төлөө нэг нэгэндээ тусалж, дэмжиж байсан нь ирээдүйн амьдралынх нь суурийг бат бөх тавьсан байна. Ингээд зав чөлөөгүй, маш их ачаалалтай дөрвөн жилээ ард хийж 1997 онд хоёулаа Улс төр судлалын ангиа улаан дипломтой төгсөж, амьдралын их замд хамтдаа хөл тавьжээ.
Ц.Мөнхцэцэг Дэлхийн зүүн төвийн дэвшилтэт намуудын байгууллага болох Прогрессив Альянсын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон анхны монгол эмэгтэй.
Энэ байгууллага нь дэлхийн 144 нам, улс төрийн байгууллагаас бүрддэг, дэлхий дахинд ядуурал нэмэгдэж, баян орнууд болон бага буурай хөгжилтэй орнуудын ялгаа гүнзгийрч буйн эсрэг бодлогын болон улс төрийн ажиллагаа явуулдаг томоохон байгууллага бөгөөд удирдах бүрэлдэхүүнд нь Монгол эмэгтэй анх удаа багтсан нь бахархмаар үйл явдал юм.
Д.Бадамдаш, Ц.Мөнхцэцэг хоёр ийнхүү 27 дахь жилдээ хамтдаа бүтээж, хамтдаа тэмүүлж, нэгнээ түшиж гурван хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Нийгмийн олон салбар, чиглэл дундаас ярвигтай гэмээр салбар бол улс төрийн шинжлэх ухаан юм. Энэ бол төрт улс анх бий болсон цагаас ч өмнө хүн төрөлхтний дунд бий болсон эртний шинжлэх ухаануудын нэг гэгддэг билээ. Ц.Мөнхцэцэг бол Монголын өнөө цагийн шилдэг улс төр судлаач гэдэгтэй хэн ч маргахгүй. Улс төр дэх учир нь ойлгогдохгүй элдэв сэдэв, үйл явдал, улстөрчдийн ааш аяг, хууль ёс, шударга ёс, дотоод болон гадаадын улс орнуудын улс төрийн үйл явцад анализ, харьцуулсан дүгнэлт хийж цаг үетэй нь холбогдуулж тайлбар-ярилцлагыг сонин, телевиз, радио, сайтуудаар тогтмол өгч, нийтлэл, өгүүлэл бичиж, ард олонд улс төрийн талаар үнэн бодитой зүйл ярьдаг идэвхтэй улс төр судлаач. Түүнийг 2016 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд битүүхэн байсан ч тэрээр дэвшээгүй. Харин энэ удаад тэрээр шийдвэрээ гаргасан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм.
Хэдийгээр улс төр судлаач, нийгэмд өрнөж буй үйл явдалд тайлбар хийдэг ажил хэрэгч эмэгтэй ч гэлээ гэр бүлдээ цаг гаргахыг ихэд эрмэлздэг, хань, үр хүүхдүүддээ халамж анхаарал сайн тавьдаг ээж, эхнэр ажээ. Хэдийгээр сонгуулийн ажилтай, зав муутай байгаа ч өглөө эртлэн босч гэр орны ажил, гэр бүлийнхнийхээ хоол ундыг зэхэж амжина. Гэхдээ энэ бүхнийг амжуулахад нөхрийнх нь нэмэр их ээ.
Ц.Мөнхцэцэг нөхрөө ихэд хүндэлж, найрсаг хандана. Нөхөр нь эхнэрээ энэ их ачаалалтай байгаа үед нь аль болох ядраахгүйг хичээж байгаа нь харагдлаа. Эднийх амралтын өдрөөр гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрүүлнэ. Агаар салхинд гарна, байгальд аялна. Гэр бүлээрээ дугуй унана. Гэр бүл халуун дулаан, хайр энэрлээр бялхдаг ариун нандин орчин байх ёстой гэж үздэг учир хамтдаа байгаа цаг мөч бүхнээ хайрлана.
Ц.Мөнхцэцэг гурван хүүхэдтэй айлын дундах. Ах, охин дүүтэй. Багаасаа дайчин, цагийг ягштал баримталдаг, хэлсэндээ хүрдэг, хамгийн гол нь бүхнийг нарийн төлөвлөж чаддаг хүүхэд байсныг түүний ах Ц.Мөнхбат ярьж байлаа. Ц.Мөнхбат хоёр охин дүүгээ сургууль соёлын мөр хөөлгөж, сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд хувийн амьдралаа ч хойш нь тавьжээ. Хоёр дүүгээ их сургууль төгсөж, хань ижилтэй болсны дараа л сая өөрөө гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болжээ.
Ц.Мөнхцэцэг “Ахдаа баярлаж явдгаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Хоёр дүүгийнхээ сургалтын төлбөрийг олохын төлөө олон жил ажиллаж, бүхнээ зориулсанд баярлалаа. Ээж, ахынхаа ачийг хариулна аа” хэмээн чин сэтгэлийн үгээ дайсан юм. Ах нь найман настайдаа сургуульд орж Цагаан толгойн 35 үсгээ үзэхэд таван настай Ц.Мөнхцэцэг зэрэгцэж суусаар Цагаан толгойн үсгээ цээжилж, уншиж бичиж сурсан байжээ. Багаасаа аливаад хариуцлагатай, ой тогтоолт сайтай, хичээл зүтгэлтэй хүүхэд байсан гэдэг.
Бага ангийнх нь багш Д.Энхтуяа түүний энэ занг сурагч болсон анхны өдрөөс нь анзаарч, улам хөгжүүлэхийн тулд илүү даалгавар өгч, нэмэлт хөтөлбөрөөр хичээллүүлдэг байжээ.
Багшийнх нь тэр их хичээл зүтгэлийн үр дүнд Ц.Мөнхцэцэг арван жилийн сургууль, их сургууль, ажил дээр гараад ч үргэлж л шилдэг нь байж, хамт олныхоо зүгээс “Хөдөлмөрч дайчин, мэдлэгтэй, шулуун шударга” гэдэг тодорхойлолтыг цаг үргэлж авсаар явна.
Арван жилдээ байхдаа ахтайгаа хамт сургуулиа төлөөлөн математик, физикийн олимпиадад тогтмол орж, үргэлж тэргүүлдэг онц сурлагатан байжээ.
Нөхөр нь ч мөн сурлага сайтай, үеийнхэн дундаа толгой цохидог сурагч байж. Тийм ч болохоор одоо том хүү Б.Төрболд нь “Эм Ай Ю” сургуульд программ хангамжийн мэргэжлээр амжилттай суралцаж байна.
Хүн амжилттай явахад сайн ар тал, түшигтэй ханийн үүрэг маш их. Ц.Мөнхцэцэг нөхөртэйгөө учирснаа энэ насны ерөөл хэмээн үздэг гэж байлаа. Д.Бадамдаш, Ц.Мөнхцэцэг нар их сургуулиа төгсөөд гэр бүл болж, 2000 онд ууган хүүгээ өлгийдөн авч аав ээж болцгоожээ. Энэ бол эдний гэр бүлийн сайхан дурсамжийн эхлэл. Одоо эднийх хоёр хүү, нэг охинтой болоод байна.
Гурван хүүхдээ өсгөж, ажлаа хийхийн хажуугаар ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар тус тус ажиллаж, олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм. 1997 онд МУИС-ийг бакалаврын зэрэгтэй төгссөн бол хоёр жилийн дараа МУИС-д магистрын зэргээ амжилттай хамгаалжээ. 2006-2008 онд МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан байна. Харин 2015 онд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор тус сургуулийн Дэд профессор эрдмийн цол хүртжээ. Ц.Мөнхцэцэг “Өнөөдөр” сониноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд тус сонины Улс төр, гадаад мэдээний албанд тоймч орчуулагчаар ажиллаж байгаад 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багшаар ажиллажээ. Энэ хугацаанд 2007 онд Германд зочин судлаачаар ажилласан бол 2013 онд АНУ-д зочин судлаачаар ажиллажээ. Америкаас ирээд 2014-2019 оны хооронд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор, 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж улс төрийн ажлын гараагаа эхлүүлээд байна. Харин өнгөрсөн жилээс Стратеги академийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна.
Ц.Мөнхцэцэг “Хийсэн бүтээснээ тэр болгон нийтэд зарлаад, гэр бүлийнхээ тухай олон хүнд дэлгээд байдаггүй юм. Харин сонгуульд нэр дэвшиж байгаа үед бүгдээ ил тод зарлах ёстой болдог юм байна” хэмээн даруухан инээмсэглэнэ.
Д.Бадамдаш, Ц.Мөнхцэцэг нар 1999 онд найзынхаа хоёр өрөө байрны нэг өрөөнд нь тусдаа гарч байжээ. Д.Бадамдаш 2001 онд АНУ-ын Фулбрайтын сангийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд АНУ-д улс төр судлалаар хоёр жил магистрантурт суралцсан байна.
2006 онд эднийх өөрийн гэсэн байртай болж, өөрийн гэсэн гал голомтоо бадраажээ. Ц.Мөнхцэцэг “Нөхөр бид хоёр хэзээ ч төрийн мөнгөөр гадагшаа сургуульд явж байгаагүй. Өөрсдөө л тэтгэлэгт хамрагдаж, уралдаант шалгалт өгч тэнцэж гадагшаа явж байлаа” хэмээлээ.
Д.Бадамдашийнх гэр бүлийн гишүүдийнхээ төрсөн өдрийн баярт ихэд ач холбогдол өгч, гэр бүлээрээ тэмдэглэнэ. Таван биенийхээ төрсөн өдрийн баярыг гэр бүлийн баяр болгож, цагийг дурсамжтай өнгөрүүлнэ.
Д.Бадамдаш “Мөөгий маань оюутан байхаасаа л ачаалалттай байсан. Одоо ч тэр. Ажлаасаа тарж ирээд хоёр багынхаа хичээлийг давтуулна, хоол унд хийнэ, гэр орны ажлаа амжуулна. Манай хүн ер нь шөнө сууж л эрдэм ном, бичиг цаасны ажлаа хийдэг юм. Ер нь хэн хэн маань их ачаалалттай ч гэр бүлээ орхигдуулалгүй авч явдаг” гэлээ.
Ц.Мөнхцэцэгийн ээж Ё.Цэрэнжамц гуай насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан эмч. Одоо нас нь дал гарсан ч хөнгөн шингэн, нийгмийн идэвхтэй нэгэн. Д.Бадамдашийн том хүү нь хоёр эмээгээ ялгахын тулд “Жерри” эмээ, “Том” эмээ хэмээн том, жижиг биетэйгээр нь ялган дууддаг байсан нь бүр хэвшил болж Ё.Цэрэнжамц гуайг ач, зээ нар, худ ураг, ойрын гэлтгүй бүх хүн нь “Жерри” гэж дууддаг юм байна. “Жерри” эмээгийн хөдөлмөрч, тууштай зан гурван хүүхдэд нь өвлөгджээ. Хэзээ ч замын дундаас буцдаггүй, нэг газартаа, нэг мэргэжилдээ тууштай байхын зэрэгцээ шударга, ёс зүйтэй байхыг ээжээсээ сурцгаажээ. Ц.Мөнхцэцэгийн хувьд ажлын их ачааллаа бууруулж, стрессээ тайлдаг гол арга нь дугуй унах.
Хүн өөрийн гэсэн хобби, дуртай юмтай байх ёстой. Түүндээ цаг заваа зарцуулж, өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж байх ёстой гэж үздэг ажээ.
Ямар сайндаа л сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд Сонгуулийн штабынхан нь түүнийг эржээ. Гэтэл тэрээр Дугуйн клубийнхэнтэйгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөлж, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл дугуй жийгээд өдөр нь буцаж ирсэн байна. Хүн өөрийн гэсэн хобби, дуртай юмтай байх ёстой. Түүндээ цаг заваа зарцуулж, өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж байх ёстой гэж үздэг ажээ.
Д.Бадамдаш, Ц.Мөнхцэцэг хоёрын хувьд хэзээ ч албан тушаалын араас гүйдэггүй гэдгийг нь эргэн тойрныхон, найз нөхөд нь онцолдог юм байна. Тэгш бус байдлыг арилгах, шударга ёс тогтоох ёстой гэдэг зарчмыг ажил, амьдралдаа баримталдаг бөгөөд Ц.Мөнхцэцэгийн Мөрийн хөтөлбөрт ч энэ нь тусгагджээ. УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвшихээр болсныг ах, ээж нь анх сонсоод дэмжээгүй гэнэ. “Юүгэхэв. Улс төр чинь их л бохир гэлцэх юм. Эрдмийн ажлаа хийгээд явбал яасан юм” хэмээн дургүйцжээ. Гэсэн ч Ц.Мөнхцэцэгийн хувьд энэ нийгэмд тэгш эрх алдагдаж, шударга бус үйлдэл хэр хэмжээнээсээ давсан гэж үзсэн учир улс төр рүү орж, өөрийнхөө сурсан мэдсэнээ улс эх орондоо зориулна гэж бат шийдсэн байна.
Ц.Мөнхцэцэгийн үгийн санд “Шоудна” гэж үг байхгүй. Өгүүлэл бичнэ, эрдмийн ажил дээрээ анхаарал хандуулна, ажлаа амжуулна гээд цаг үргэлж бичиг цаас дэлгэсэн ширээний ард шөнө дөл болтол суудаг эрдэмтэн. Түүнд энэ хичээнгүй зан ээжээс нь, эмээгээс нь өвлөгджээ. Эмээ нь 87 насалсан бөгөөд 1992 онд анхны шинэ Үндсэн хууль батлагдаж, УИХ-ын чуулган хуралдахад зурагтаар үзээд суучихдаг байжээ. Гаднаас хүн орж ирэхэд чуулганыг бараг тэр чигээр нь яриад өгчихдөг ой сайтай, төр улсын хэрэгт анхаардаг гойд ухаантай нэгэн байжээ. Д.Бадамдашийнх хүүхдүүдээ ч гэсэн номонд дуртай болгожээ.
Д.Бадамдашийнх хүүхдүүдээ ч гэсэн номонд дуртай болгожээ.
Ц.Мөнхцэцэг Таван буудалд төрж, өссөн гэр хорооллын хүүхэд.1983 онд тухайн үеийн Сүхбаатарын районы 17 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсэн орж,есдүгээр анги хүртлээ сурчээ. Дараа нь 11 дүгээр хорооллын II сургууль руу шилжин тэндээ аравдугаар ангиа төгссөн байна.
Нийгэм баян чинээлэг, ядуу гэсэн хоёр давхаргад илт хуваагдаж буйд тэрээр эмзэглэдэг бөгөөд “Авлига, өмч хувьчлал зэрэг хууль бус аргаар баяжсан улстөрчид олон болсноос тэгш бус байдал газар аваад байна. Тэд энгийн иргэдийн ахуй амьдралын талаар мэддэггүй. Энгийн иргэдийн эрх ашгийг төрд төлөөлөх, энэ шударга бус байдал, ядуурлыг дорвитой шийдэх, гэр хорооллынхны зовлон, бэрхшээлийг мэддэг хүнийг бид өөрсдийнхөө төлөөлөл болгож төрд илгээх ёстой” гэсэн байр суурьтай юм байна. Сонгогчдын хувьд Ц.Мөнхцэцэгийг улс төрд байх ёстой, одоо бий болоод байгаа алдаа завхралыг арилгахад хувь нэмрээ оруулах, өөрчлөлт хийж чадах мэргэжлийн улс төр судлаач, эрдэмтэн гэж үнэлж байгаагаа илэрхийлсээр байгаа аж.
Хүн багахан цаг хугацаанд ихийг амжуулах боломжтой байдаг. Хамгийн гол нь цагаа зөв зарцуулж, төлөвлөх ёстой.
Д.Бадамдашийнхан амралтын өдрийн уламжлалын дагуу бүгд дугуйгаа аваад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явахаар боллоо. Ц.Мөнхцэцэг “Хүүхдүүдтэйгээ хамт дугуй унаж жийж байгаад гэртээ очоод бичиг цаасны хэдэн ажил бий. Тэрийгээ амжуулна. Дараа нь иргэд, сонгогчидтойгоо уулзана. Угаас завгүй, ачаалалтай ажилладаг болохоор сонгуулийн сурталчилгааны өдрүүд надад нэг их ачаалалтай санагдахгүй байна. Хүн багахан цаг хугацаанд ихийг амжуулах боломжтой байдаг. Хамгийн гол нь цагаа зөв зарцуулж, төлөвлөх ёстой” хэмээн инээмсэглэлээ. Тэрээр өөрийнхөө хийсэн ажил, өөрийнхөө тухай ярихдаа аль болох би гэдэг үгнээс татгалзаж, бид, монголчууд гэж ярих агаад гэр бүлийнхээ тухай биш улс орон, нийгэм, ард олныхоо амьдралыг богино хугацаанд хурдан сайжруулах гарцыг ярихыг чухалчлах ажээ.
Монголчууд биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Нэр дэвшигч Ц.Мөнхцэцэгийн хувьд биеэ, гэрээ ийнхүү засчээ. Харин одоо төрөө засахаар ирж байна.Түүнд итгэж болно.
Д.ГАНСАРУУЛ
УИХ-н сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Мөнхцэцэгийн сурталчилгааны сониноос