УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хороонд ажиллахаар боллоо

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хороонд ажиллахаар боллоо. Тэрээр олон жил судалж, бас шүүмжилж ирсэн парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө голлох хууль тогтоомжуудад ийнхүү  ажиллахаар болжээ. 

"Монголчуудын хамгийн их хүсэмжилж буй нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоох, шүүхийн шударга бус байдлыг арилгах, төрийн албан дахь авилгын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, төрийн албанд ах дүү хамаатан садан, намын харьяалал, нутаг усны хамаарлаар алагчилж үзэх, тал тохой татахын эсрэг хүчтэй дуу хоолой болон ажиллана гэж бодож байна.

Цаазын ял, экстремизм, национализм, авторитаризмын эсрэг зарчмын байр сууриа бодлогын түвшинд илэрхийлэн зүтгэх болно.

Мөн боловсролын салбарт 20 гаруй жил багшилсан хүний хувьд Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд мөн ажиллах болов. Боловсролын шинэчлэл, тэр дундаа боловсролын салбар дахь тэгш бус байдлыг багасгах, ашгийн бус сургалтын бгыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэхэд голлон анхаарна" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.