Хүний эрхийн түгээмэл зөрчлүүдийг арилгахын төлөө ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2020.07.08) Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Tус хороог УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Энхбаяр нарын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. 

Монгол Улс Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцид хүний эрхийг эн тэргүүнд дээдлэх үүрэг хүлээсэн боловч бодит байдал дээр зөрчилтэй асуудлууд гарсаар буй. Тэгвэл УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллана. Ялангуяа жендерийн тэгш бус байдлыг багасгах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гадаадад байгаа Монголчуудын эрхийг хамгаалах, тусгай хэрэгцээтэй иргэдийн нийгмийн оролцоо, тэгш боломж зэрэг хүний эрхийн олон чухал асуудлыг анхаарч ажиллах юм.