“Gogo” мэдээний агентагийн сэтгүүлч Б.Адъяасүрэнтэй ярилцлаа.
-Ирэх дөрвөн жилд та намын мөрийн хөтөлбөрөөс гадна төрийн бодлогод хэрхэн оролцож, ямар ажлуудыг хийх зорилго тавиад байгаа вэ?
-Би улс төр судлаач, эрдэмтэн хүний хувьд Монгол Улсын төрийн байгуулалтын гол хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дагаж гарах 40 гаруй органик хуулиуд, тэр дундаа Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг хийхэд мэдлэг, чадвараа дайчлан ажиллах болно. Мөн Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоох, нийгмийн тэгш бус байдлыг багасгах, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын шинэчлэлүүдийг хийхэд гар бие оролцох болно. Мөн нийгмийн хамгааллын томоохон зорилт болох Хуримтлалын сангийн тухай хуулинд анхаарлаа хандуулан ажиллана. Ингэхдээ нийгмийн даатгал, тэтгэврийн реформыг дэмжиж ажиллахаас гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний үр шимийг хүртэж, хуримтлалын сангаараа дамжуулж, эмнэлгийн болон бусад өндөр төлбөртэй үйлчилгээнүүдийг авах боломжийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд анхаарч ажиллана.
Мөн орлогод нийцсэн орон сууц, анх удаа байр авч байгаа иргэдэд ипотекийн зээлийн хүүг 4-6 хувийн хүүтэй олгох амлалтуудын биелэлтийг хангах чиглэлд ажиллана. Үүнээс гадна Засгийн газрын хийх хамгийн чухал ажил нь коронавирусийн цар тахлын хүндрэлийг даван туулах бодлого юм. Үүний тулд бид шат шатандаа хэмнэлтийн хөтөлбөрийг зарлах талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нийгмийн олон асуудлыг дагуулж байгаа. Тиймээс богино хугацаанд хүндрэлийг даван туулахын тулд шинэчлэлийн бодлогууд хэрэгтэй байна.
-Та улс төр судлалын доктор, улс төр судлаачийн хувиар Улс төрийн намын шинэчлэлийн талаар их ярьдаг. Энэ удаагийн сонгуульд хэтэрхий олон улс төрийн хүчин байна гэдэг шүүмжлэл олны дунд байлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын шинэчлэлтэй холбоотой асуудлууд тусгагдсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 дүгээр бүлэгт Улс төрийн нам бол бодлогын нам болж, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж заасан. Мөн улс төрийн үйл ажиллагаа, санхүүжилт ил тод байх ёстой бөгөөд улс төрийн намыг төрөөс дэмжинэ гэсэн гол зарчмыг тусгасан. Тиймээс бид эн тэргүүнд Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой. Ер нь манай улсын хувьд дэлхийн ардчиллын гол зарчмуудын дагуу улс төрийн нам эрүүлжиж, цөөхөн хэдэн хүний эсвэл тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө бус үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, намын бодлого, мөрийн хөтөлбөр судалгаанд суурилсан байх ёстой. Түүнчлэн нам бол улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх институци байх шинэчлэлийг хийх шаардлага байгаа юм. Энэ хүрээнд бид улс төрийн нам төлөвшсөн, өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судалж, ХБНГУ, Европын загвараар улс төрийн намыг тодорхой хэмжээнд төрөөс дэмждэг, эргээд улс төрийн нам нь үйл ажиллагаа, санхүүжилтээ тайлагнадаг, олон нийтэд нээлттэй, хариуцлагатай байдаг, нам доторх ямар нэгэн албан тушаалыг хөрөнгө, мөнгөөр үнэлдэггүй энэ шинэчлэл рүү явах ёстой. Монгол Ардын Нам ирэх жил 100 жилийн ойгоо хийх нам учраас бусад намуудаа манлайлан ажиллана. Төрөөс бүх намуудад дэмжлэг үзүүлдэг, намын шинэчлэлд тухайн намын гишүүд болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого явуулах ёстой. Монгол төрийн сонгууль бол бодлогын өрсөлдөөн байх ёстой. Өнгөрсөн 30 гаруй жилийн гол алдаа нь хөрөнгө, мөнгөөр сонгуульд оролцох эсвэл тойргийг услах байдлаар гарч ирсэн хүмүүс сонгуульд ялдаг байсан явдал. Харин энэ удаагийн сонгуулиар МАН анх удаагаа улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн зардлыг олон түмний хандиваар хийлээ. Мөн шинжлэх ухааны судалгаанд үндэслэж мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгуульд оролцож ялалт байгууллаа. Цаашдаа сонгуулийг бага зардлаар хийдэг, сонгогчдод ил тод нээлттэй байдаг шилэн тогтолцоо руу МАН шилжинэ. Ингэхийн тулд Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хамтад нь шинэчлэх шаардлага байгаа юм.
-УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд эрх баригч нам олонх суудал авч, сөрөг хүчин маш бага суудал авлаа. Энэ талаар?
-2020 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд оролцох зарчмаа танилцуулсан. Энэ зарчмаар нэр цэвэр, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, иргэдийн хүсэн хүлээлтэд нийцэж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн. Ингээд хоёрдугаар сараас хойш цуврал судалгаануудыг хийж, 76 нэр дэвшигчээ тодруулахад хуучин гишүүдээс рейтинг доогуур байсан хүмүүс нь нэрээ татаж, нэр дэвшээгүй. Оронд нь 30 орчим шинэ залуу лидерүүдийг МАН нэр дэвшүүлсэн. Энэ нь нийгмийн хүлээлтэд их нийцсэн. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН рейтингийн судалгааг 7, 7 хоногоор хийж байлаа. Ард түмэн Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцлийг дэмжиж байсан. Мөн коронавирусийн цар тахлын хүнд нөхцөл дэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг иргэд дэмжиж, ирэх дөрвөн жилд Ерөнхий сайдын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүсч, багаар нь дэмжинэ гэдэг хувь судалгаагаар өндөр байсан юм. Өөрөөр хэлбэл, ард иргэд хямралын үед тогтвортой төр засгийг, төр засгийн шинэчлэлийн бодлогыг хүсч сонголтоо хийлээ. Үүнээс гадна сонгуулийн мажоритар систем маань нэг нам үнэмлэхүй олонх болох нөхцлийг бүрдүүлсэн.
-Та Стратеги академийн захирлаар ажилласан байсан. Энэ судалгаанд голлох үүрэгтэй ажилласан гэж ойлгож болох уу?
-МАН-ын Стратеги академи бол намын сургалт, судалгааны гол байгууллага. Тэр утгаараа намын бодлого, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал, намын олон нийтийн дундах рейтинг, хүлээлтийг тодорхойлдог. Энэ удаа Стратеги академи судалгааны хараат бус 5-6 байгууллагатай хамтран ажиллаж, нэг тойрогт 3-5 удаагийн судалгааг хийсэн.
-Энэ удаагийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх парламентуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Эмэгтэй гишүүдийг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд илүү ажиллана гэж ард иргэд хардаг. Та энэ чиглэлд ямар бодлого, чиглэл барьж ажиллах вэ?
-Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын болон хүүхэд, эмэгтэйчүүдийн бодлогуудыг үргэлжлүүлнэ. Тухайлбал, цалинтай ээж хөтөлбөр байна. Мөн хүүхдийн тооноос хамаарч хүн амын орлогын албан татварыг хөнгөлөх, нийгмийн хамгааллын бусад үйлчилгээнүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжсэн шинэчлэлүүдийг хийхэд гар бие оролцоно. Түүнчлэн хүүхдийн нийгмийн болон гэр бүлийн орчин дахь аюулгүй байдлыг хангах, хүчирхийллээс ангид байх асуудлаар бусад эмэгтэй гишүүдтэйгээ хамтран ажиллана. Ингэхдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэхээс гадна хүчирхийлэлд өртөхгүй байх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцооны шинэчлэлийг хийхэд онцгойлон анхаарч ажиллана. Энэ асуудалд манай эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Үүний зэрэгцээ МАН Хөгжлийн гэрээ мөрийн хөтөлбөртөө тусгасан хүүхэд, залуу үе, ахмад настан зэрэг нийгмийн бүх бүлэгт чиглэсэн бодлого, амлалтаа хэрэгжүүлж ажиллана.
Эх сурвалж: gogo.mn