Хилийн чанадад байгаа иргэд хуулийн төсөлд саналаа ирүүлнэ үү!

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсэгт Ц.Мөнхцэцэг гишүүн багтсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан хилийн чанадад аж төрж буй монгол иргэдийг саналаа ирүүлэхийг уриалав.

Тэрбээр "Сүүлийн 30 гаруй жилд Монгол улсаас хилийн чанадад түр болон урт хугацаанд оршин суухаар явж буй иргэдийн тоо ихээхэн нэмэгдлээ. Тэр хэрээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эх орондоо эргэн ирэхэд дэмжлэг үзүүлэх Монгол төрийн үүрэг өндөрсөж байна.

Мөн өндөр боловсролтой, чадварлаг боловсон хүчнүүд цалин, үнэлгээнээс болоод хилийн чанадад цагаачлан гарах болсноор Монгол улс хүний нөөцийн баялгаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүрээд байна.

ЭЗХАХБ-ын гишүүн орнууд руу цагаачлан гарч буй монголчуудын ихэнх хувь нь өндөр боловсролтой иргэд байгааг Дэлхийн банкны судалгаанаас харж болно.

Тийм учраас Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөлд эх орондоо эргэн ирж ажиллах монголчуудаа дэмжих, гадаадад аж төрж буй иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалах Монгол төрийн үйл ажиллагааг илүү сайжруулах талаар хуулийн төсөлд тусгах шаардлага байна" гэжээ.

Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар томилогдсон билээ. Иймд хилийн чанадад байгаа монгол иргэд хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүдэд саналаа ирүүлж болох юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба