Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүүхдийг хүчирхийлэл болон зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх, явган хүний гарцан дээр дайруулж амь насаа алдах асуудал сүүлийн үед их гарч байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ" гэсэн юм.
Хууль зүйн Х.Нямбаатар "Хүүхдийг хүчирхийллийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 10 сарын 01-ээс туршилтаар нийслэлийн ЕБС-иудад хичээл орж эхэлсэн. 2021 оны 9-р сарын 01-нээс бүх ЕБС ийм хичээлтэй болно. Бид гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хандлагаа өөрчилж байгаа" гэх хариултыг өглөө.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг АТГ-ын даргаас төсөв нэмэгдсэнтэй холбогдуулан асуулт асуув. Энэ оны Төсвийн төсөлд хамгийн их өссөн дүнгээр орж ирсэн нь АТГ-ын газрын төсөв байв. Тодруулбал, тус газрын төсөв 2019 оныхоос 76.4 хувиар, 2020 оныхоос 10.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Авлигатай тэмцэхийн тулд гэмт хэрэг гарсны дараа мэдээлдэг биш нийгмийн соён гэгээрүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүүтэй ажилладаг болмоор байна. Энэ тухай Авлигатай тэмцэх тухай хуульд ч заасан байдаг" гэж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба