АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гадаад бодлогын ялгаа

Маргааш //2020.11.04/ болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарын гадаад бодлогын үзэл баримтлал ямар байгаа, хэн нь ерөнхийлөгч болохоос хамаараад дэлхий дахины улс төр, эдийн засгийн харилцаанд ямар өөрчлөлт гарах бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Дэлхийн ардчилсан улс орнуудаас хамгийн хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалтай гэж тооцогддог АНУ-ын дэлхийн тавцан дахь байр суурь нь ерөнхийлөгчийн гадаад бодлогын үндсэн дээр тодорхойлогддог.

Хоёр нэр дэвшигчийн үзэл баримтлалын суурь ялгаа бол Трампын “Америк нэгдүгээрт” хэмээх номлол болон Байдены олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого юм.

Ингээд Америкийн гадаад бодлогын талаарх Трамп болон Байдены зарчмын ялгаатай гол байр суурийг Америкийн гадаад бодлогын зөвлөл хэмээх тинк танк болон бусад судлаачдын байр сууринд үндэслэн танилцуулья.

БНХАУ


Трамп

Трамп Хятадыг эдийн засгийн хувьд муу муухайн үүр уурхай – оюуны өмчийн хулгай, валютын ханшийн манипуляц, экспортын татаас өгдөг, эдийн засгийн тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж буруутгадаг.

Америк-Хятадын харилцаанд америк ажилчдын эрх ашгийг хамгаалах, хоёр талын худалдаанд АНУ-ны худалдааны алдагдлыг бууруулахыг шаарддаг. Мөн коронавирусын халдварыг анх тарааж, дэлхийн хэмжээний хямралд хөтөлсөн учир Хятадад хариуцлага тооцох ёстой гэж Трамп үздэг юм.

Байден

Хятадын өсөлт бол ноцтой сорилт гэж Байден үздэг. Мөн Хятадын шударга бус худалдааны үйл ажиллагааг шүүмжилдэг, Хятад шинэ технологи, хүний эрхийн салбарт АНУ-ыг гүйцэж болзошгүй гэж Байден сэрэмжлүүлдэг. Тийм учраас Трампынхаас илүү үр нөлөөтэй бодлого явуулж, холбоотнуудтайгаа нийлж Хятадын өрсөлдөөнийг давах ёстой гэдэг.


Уур амьсгал, эрчим хүч

Трамп

Дэлхийн бусад төрийн тэргүүнүүдээс ялгаатай нь Трамп уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг, үүнд хүний үйл ажиллагаа буруутай гэдэгт итгэдэггүй. Утаа ялгаруулагч түлш үйлдвэрлэхийг дэмждэг, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан.

Байден

Байдены хувьд уур амьсгалын өөрчлөлт бол бидний аюулгүй байдалд учирч буй хамгийн том аюул занал гэж үздэг. Үүнийг шийдэхийн тулд хувьсгал хэрэгтэй гэж уриалдаг. Трамп түлшний бохирдол, утаа зэргийг бууруулах, шинэ технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулах үндэсний төлөвлөгөөг сонгуулийн үеэр олон нийтэд танилцуулсан. Тэрээр хүлэмжийн хийн талаар түгшиж буйгаа илэрхийлдэг бөгөөд цэвэр нүүрс гэх зэрэг бусад эрчим хүчний эх үүсвэрийг дэмждэг  юм.


Ковид-19

Трамп

Трампын дэлхийн удирдагчдаас ялгаатай бас нэг байр суурь бол Ковид-19 цар тахлын аюулыг үл ойшоодог, үүний эсрэг тэмцэх холбооны нэгдсэн хүчин чармайлтыг эсэргүүцэж ирсэн явдал юм.  Тэрээр 2020 оны нэгдүгээр сард, АНУ дахь Ковидын халдвар хяналтад байгаа гэж мэдээлж байсан. Гэхдээ 3 сараас нөхцөл байдал хүндэрч эхлэх үеэс мужийн засаг захиргаанд эрх мэдэл олгож, улсын хэмжээний арга хэмжээг авч эхэлсэн билээ.

Байден

Байден Ковид-19 цар тахлын эсрэг авах үндэсний цогц хөтөлбөрийг дэвшүүлж байгаа. Цар тахалтай хийх тэмцэлд ерөнхийлөгчийн манлайлал чухал гэдгийг онцолж, оношилгоо, эмчилгээ, бусад эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн.

Мөн тэрбээр цар тахлын эсрэг явуулж буй Трампын арга хэмжээг шүүмжилж, АНУ-ыг дэлхийд манлайлагчийн байр сууринд нь эргэн аваачна гэдгээ сонгуулийн сурталчилгааны уулзалтууддаа мэдэгдэж байгаа.


Терроризмтой тэмцэх

Трамп

Терроризмаас хамгаалахын тулд Трамп дотоодын шалгалт, хяналтыг чангатгах, Африк, Ойрхи Дорнодод дрон ашиглан цохилт хийх, цагаачлал, дүрвэгч нэвтрүүлэхэд хязгаарлалт тогтоох бодлого явуулж байна.

Байден

Харин Байден их хэмжээний цэрэг дайчлахгүйгээр бага хэмжээний тусгай хүчний ашиглан, агаарын ширүүн цохилтоор гадны орнуудад байгаа террорист сүлжээнд цохилт өгөх нь зүйтэй гэж үздэг.


Цахим аюулгүй байдал, цахим бодлого

Трамп

АНУ-ын технологийн томоохон компаниудыг 2020 оны сонгуульд өөрийнх нь эсрэг хуйвалдсан гэж дайсагнасан харьцаатай байгаа. Америкийн сонгууль дахь Оросын оролцоог үл ойшоодог, Оросын тагнуулын өмч хөрөнгөд эдийн засгийн хориг болон бусад арга хэмжээ авсан.

Байден

Байден цахим аюул занал бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд томоохон сорилт бөгөөд дотоодын ардчилалд аюул учруулна гэдэг. Мөн хувь хүний нууцыг хадгалах, үзэн ядсан үг хэллэгийг хязгаарлах, цахим мөрдөлт хийх зэрэгт технологийн дэвшил хийхийг хувийн компаниудаас засгийн газар шаардах ёстой гэсэн хатуу байр суурьтай.


Батлан хамгаалах

Трамп

Трамп батлан хамгаалах салбарт нэлээд анхаарч, төсвийг нэмсэн. Мөн шинэ зэвсэг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, сансарт гарах шинэ салбарыг нээсэн. Тэрээр Афганистан, Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийг бууруулна гэж амлаж байгаа. Мөн дэлхий дахинд Хятад болон бусад улстай хийх өрсөлдөөнд онцгой ач холбогдол өгдөг.

Байден

Байден АНУ-ындэлхий дахин дахь цэргийн үйл ажиллагааны заримыг нь дэмжээд, заримыг нь шүүмжилдэг. Гадны улс орны нийгмийг эмхлэн байгуулахад АНУ-ын үүрэг оролцоо хязгаарлагдмал бөгөөд боломж муутай гэдгийг Трамп ил тод мэдэгддэг. Байдены Трампаас ялгарах гол байр суурь бол олон улсын харилцаанд дангаарших бус олон улсын байгууллагууд, холбоотнуудтай хамтран ажиллах, дипломат бодлогод анхаарах ёстой гэх байр суурь юм.


Дипломат бодлого ба гадаадын тусламж

Трамп

Трамп АНУ-ыг олон улсын нэлээд олон гэрээ, тохиролцооноос гаргасан. Учир нь эдгээр гэрээ, хэлэлцээрүүд  АНУ-д ашиггүй,нөөцийг үр зарцуулахад хүргэсэн гэж үздэг юм. Мөн Трампаас болж АНУ батлан хамгаалах салбараас эхлэн худалдааны асуудлаар урт хугацааны холбоотнуудтай сөргөөцөлдөх болсон. Трамп олон улсын байгууллагууд,тэр дундаа НҮБ ыг шүүмжилдэг. АНУ-ын хилийн чанадад үзүүлдэг тусламжийг танах ёстой гэж үздэг.

Байден

Харин Байден холбоотнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллахгүйгээр АНУ шинэ сорилтыг давж чадахгүй гэж үздэг. Олон улсын гэрээнүүдээс гарсан нь АНУ-ын дэлхий дахинд амласан амлалтаасаа буцахад хүргэсэн хэрэг болсон гэж шүүмжилдэг юм.


 Эдийн засгийн бодлого

Трамп

Татвар бууруулах, зохицуулалтыг бууруулах бодлого барьсан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг бий болгож, шинэчлэл, ажлын байрыг нэмсэн гэдэг. Ковид халдвар 2020 онд эдийн засгийн бууралтад хүргэсэн, төсвийн алдагдал, үндэсний өр ковидтой холбоотой зардлаас болоод их хэмжээгээр нэмэгдсэн.

Байден

Байдан өөрийгөө дунд ангийн эрх ашгийг хамгаалагч гэдэг бөгөөд эдийн засгийн боломж, бололцоо муудаж байгаа нь Америкийн нийгэмд туйлшрал, зөрчлийг бий болгож байна гэж үздэг. АНУ-ын бүтээгдэхүүн, дэд бүтэц, судалгаанд зарцуулах төсвийг нэмэх хэрэгтэй, эдийн засгийн аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдал гэдэг.


Цагаачлал

Трамп

Цагаачлал бол Трампын голлон анхаарсан асуудал юм. Тэрээр 2016 оны сонгуульд оролцохдоо хууль ёсны болон хууль бус цагаачлалыг эрс бууруулахаар амласан, цагаачдад зориулсан түр саатуулах байр, улсаас албадан гаргах, визний бодлогыг чангатгах арга хэмжээ авсан.

Байден

Цагаачлалын талаарх Трампын бодлогыг Байден ихэд буруушаадаг. Энэ бодлого нь ёс суртахууны хувьд дампуу, арьс өнгөөр ялгаварлагч гэж үздэг. Харин цагаачлалын иж бүрэн шинэчлэл хэрэгтэй гэдэг, өмнө нь хязгаарлах бодлогыг дэмжиж ирсэн. Цагаачдын эх оронд нь цагаачлах шалтгааныг нь тодруулах ёстой гэдэг.


Ойрхи Дорнод

Трамп

Ойрхи Дорнодод Израйл, Саудын Араб, Египетийг хүчтэй дэмждэг,  Ирантай сөргөлддөг. Ойрхи Дорнодын талаарх Трампын гол байр суурь бол тус бүс нутгийн эцэс төгсгөлгүй дайныг эцэс болгож, АНУ-ын цэргийг гаргана гэж амладаг.

Байден

Сенатч, Дэд ерөнхийлөгчийн хувьд Ойрх Дорнодахь АНУ-ын бодлогыг тодорхойлоход идэвхтэй оролцсон. Ирак, Израйл, Сири, Иран, бүс нутгийн орнуудтай харилцсан туршлагатай.


ОХУ

Трамп

Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай нөхөрсөг харилцаатай. Трамп 2016 оны сонгуульд түүнийг ялуулахын тулд Оросын зүгээс оролцсон хэмээх АНУ-ын Тагнуулын төв газрын дүгнэлтийг үгүйсгэдэг. Москвад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн биелүүлэхийн оронд Оростой хамтран ажиллах, Украйнд цэргийн тусламж үзүүлэх бодлого явуулдаг.

Байден

Трамптай харьцуулахад Байден Оросын талаар илүү хатуу байр суурьтай. Путины удирдаж буй ОХУ бол НАТО-г сулруулж, Европын холбоог хувааж, АНУ-ын сонгуулийн тогтолцоог сулруулж, Өрнөдийн ардчиллын суурь үнэт зүйл рүү халдаж байна гэж Байден үздэг юм. Орос Барууны санхүүгийн байгууллагыг ашиглан тэрбум тэрбум долларын мөнгө угаалт хийж, улс төрчдөд нөлөөлж байна гэдэг.


Олон улсын худалдаа

Трамп

Дэлхийн худалдааны тогтолцоо нь АНУ-ын эрх ашигт харшилж, худалдааны алдагдалд хүргэж байна. Үүний улмаас АНУ-ын үйлдвэрлэл унаж, ажлын байр алдагдаж байна гэж Трамп үздэг юм.

Байден

Байден бол олон улсын худалдааны либералчлалыг тууштай дэмжигч, Трампын тарифын бодлогыг шүүмжлэгч нэгэн. АНУ олон улсын дүрэм журмыг тэргүүлэгч, тарифыг бууруулж, дэлхийн худалдааг дэмжих ёстой гэдэг.