УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ.
Энэ үеэр гишүүд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Миний бие Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх нь зөв гэдэг бүлгийн шийдвэрийг дэмжиж байгаа юм. Олон нийт ч, бизнесийнхэн ч хоригийг хүлээн авахгүй байх нь зөв гэж үзэж буй.
Учир нь, Ерөнхийлөгчийн хоригт “Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулах хэрэгтэй” гэж дурьдсан. Тэгвэл ингэж 20 хувиар зардлыг хэмнэе гэдэг саналыг гаргахдаа эдийн засгийн үндэслэл, бусад тооцооллыг хэр хийсэн бэ гэдгийг асуумаар байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн тэтгэвэр, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх иргэнд олгодог амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хүнсний талон, цалинтай ээж хөтөлбөр, алдарт эхийн одонгийн мөнгө, ахмад настанд олгодог насны хишиг, тэтгэврийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын даатгалын сан, орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болон боловсрол, эрүүл мэнд, газрын харилцаа, хүүхэд хамгааллын тусгай зориулалтын шилжүүлэг, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал, төрийн албан хаагчийн цалин хөлсний зардлыг тус тус 20 хувиар хасч байж төсвийн нийт зардлыг хэмнэхэд хүрнэ. Энэ нь төрөөс зайлшгүй үзүүлэх эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг ард иргэдэд хүргэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй.
-ДУНДАЖ ДАВХАРГАА ДЭМЖСЭН УРТ ХУГАЦААНЫ БОДЛОГО ЯВУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ-
Хоёрт, Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг эрхийн бичиг /ваучер/-ээр олгох саналыг Ерөнхийлөгчийн хоригт дурьдсан байна. Энэ саналын үндэслэл юу вэ? Нэг сая төгрөгтэй тэнцэх ваучер болон бэлэн мөнгийг бүх өрхөд нэг удаа олгохоос илүүтэй шаардлагатай өрхөд нь сар бүр тодорхой хэмжээгээр олгох нь төсвийн боломж хязгаарлагдмал манай улсын хувьд ядуурлыг бууруулахад чиглэгдсэн, үр ашиг, үр дүнгийн хувьд хамгийн оновчтой хувилбар гэж үзэж байна. Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөг олгох саналыг иргэд хэрхэн хүлээж авч байгааг судлахад олонх нь дэмжихгүй байсан. Гэхдээ Засгийн газраас иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэхүйц шийдвэр гаргаасай гэдэг хүлээлттэй байна. Он гараад цар тахлын нөхцөл байдлаас хамаарч эдийн засаг хүндэрвэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Тэр тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй" гэлээ.
Мөн тэрбээр цар тахлын хүндрэлтэй үед иргэдийн амьдралд бодитой нөлөөлөх шийдвэрийг гаргаж, банкны зээлийн хүүг бууруулах стратегиа амжилттай хэрэгжүүлэх, ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүд болон дундаж давхаргаа дэмжсэн урт хугацааны бодлого явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба