УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, “Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталж, нэг гишүүн шинээр нэмлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүдэд танилцуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь дэмжсэнээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд Н.Алтанхуяг гишүүнийг нэмлээ.
УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “УИХ-ын гишүүн нь Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, түүнээс гарах эрхтэй”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална” гэж тус тус заасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлжээ.
Иймд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тогтоолын төслийг боловсруулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба