Ц.МӨНХЦЭЦЭГ: ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРААТ БУС, ХАРИУЦЛАГАТАЙ ШҮҮХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

-Шүүхийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэллээ. Шүүхийн тухай хоёр хуулийн төслийг Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан. Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татаж авсан учраас Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхээр болж байна. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг Засгийн газрынхтай харьцуулахад ямар ялгаатай байсан бэ?

-Өчигдөр Ман-ын бүлгийн хурлаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр батлагдах ёстой хуулиудаас шүүх засаглалын хараат бус байдлыг бий болгох хамгийн чухал хууль бол Шүүхийн тухай хууль. үндсэн хуулиар шүүхийн томилгоонуудад онцгой үүрэгтэй байгаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан бөгөөд Үндсэн хуулийн 33.4-д заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь л Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгох юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгох механизмыг бий болгоно. Шүүхийн тухай хуулиар хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор зорьж байна. ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл болон Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг харьцуулан үзэж байна. аль аль нь шүүхийн шинэтгэлийг хийх, шүүхийн хараат бус байдлыг хангах тухайд зорилго тавьсан байна.

Гэхдээ Ерөнхийлөгчийн төсөлд үндсэн хуулийн тодорхой заалтуудад нийцэхгүй, эсвэл аль нэг субьектэд эрх мэдэл хэт төвлөрүүлсэн шинжтэй заалтууд байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дэх гурван заалтыг онцлон дурдах хэрэгтэй.

-Тухайлбал?

Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг олгосон.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт маш олон байна. Жишээлбэл, хуулийн төслийн наймдугаар зүйлд Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Засгийн газрын төсөлд ингэж олгоогүй, харин тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн заалт. Засгийн газрын төсөл “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг тухайн шүүхэд нь нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан нь олон улсын сайн туршлагад болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчимд нийцэж байна. Харин Ерөнхийлөгчийн төсөл “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч …томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн 33.4-д зааснаас хальж уг заалтыг зөрчиж, Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулахаар заасан байсан. Мөн Ерөнхийлөгчийн төслийн 31.4-д Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор заасан байна. Энэ хоёр төсөл дээр дахиад л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчсөн байна. Шүүгчид дотроос ерөнхий шүүгчийг сонгодог нь олон улсын жишиг учраас Монгол Улсад энэ зарчмыг нэвтрүүлэх нь зүйтэй. 2010 онд ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, ХБНГУ-ын Макс Планк хүрээлэнгийн Минерва судалгааны групптэй хамтран гаргасан Зүүн Европ, Өмнөд Кавказ, Төв Ази дахь шүүхийн хараат бус байдлын зөвлөмжид “Шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар” гэж заасан байдаг. Мөн Европын улсуудын үндсэн хууль, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах гол институт болох дэлхийн 60 гаруй улсыг эгнээндээ нэгтгэдэг Венецийн комисс шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгох нь зөв гэсэн зарчим барьдаг. Ерөнхийлөгчийн төсөлд ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгохгүй, харин зөвхөн УИХ-д санал болгож, УИХ томилох эсэхийг шийдвэрлэх зохицуулалт нь Үндсэн хуулийн 45.5-д буй “шүүгчид дотроосоо сонгох” заалтад нийцэхгүй байсан. Энэ мэтээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан болон Засгийн газрын өргөн барьсан Шүүхийн тухай хуулиудад зарчмын ялгаатай заалт, үзэл баримтлалууд байгаа юм.

-Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэр хязгаарлаж байгаа бол. Шударга бусын хонгил гэгчийг нурааж чадах уу?

-Өмнө дурдсанаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн томилгоонуудад онцгой үүрэгтэй байгаа ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг хязгаарлах заалтууд Шүүхийн тухай хуулийн төсөлд орсон байгаа. Ер нь сүүлийн 30 гаруй жилд нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн алдаа гаргаж ирсэн нь өнөөдрийн “Шударга бусын хонгил” гэдгийг бий болгосон гэдэгт улстөрчид, эрдэмтэн судлаачид санал нэгтэй байдаг. Эрх мэдэл хэт төвлөрсөн субьект гэдэг бол УИХ болон ерөнхийлөгчийн институтууд юм. Ялангуяа шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлүүдийг Ерөнхийлөгчид олгож ирсэн. Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуулиар олгосон эрх мэдлийн хүрээнээс хальсан явдал болсон. Ингээд зогсохгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. Бас нэг ноцтой зүйл бол 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр цуцалдаг болсон. Тийм учраас хараат бус шүүхийг бий болгохын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид олгосон дээрх хэт эрх мэдлийг хязгаарлаж “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын Хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж тодотгон оруулсан. УИХ-ын нэр бүхий 13 гишүүн бидний зүгээс ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлдөг явдлыг арилгах хуулийн төслийг өргөн барьсан. Шүүхийн эдгээр шинэчлэлүүдийг хийж чадвал “шударга бусын хонгил” гээчийн эрсдэлийг арилгах болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх засаглалтай холбоотой ямар өөрчлөлтүүд орсон бэ. Одоо өргөн баригдаад байгаа Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалтууд яаж туссан бэ?

-Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу урьд өмнө шүүхийн практикт байгаагүй дэвшилтэт заалтууд нэлээд орж байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог томилон бүрдүүлэх зарчмыг дурдах нь зүйтэй. УИХ сар гаруйн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын шинэ бүрэлдэхүүнийг нээлттэй сонгон шалгаруулж улс төрөөс хараат бусаар томилсон. Одоо бид Шүүхийн тухай энэ хуулиар Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхдээ адил зарчмаар нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр зааж өгөх ёстой. Үндсэн хуулийн 49.5-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, үүнийг УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Хоёрдугаар тогтоолын 3.2.3-т “Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажлын туршлагатай хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэшилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэйгээр бүрдүүлэх зарчмыг хуульчлах” гэж заасан шаардлагыг хангасан хууль гарах хэрэгтэй. Үүний тулд ШСХ-ны есөн гишүүний дөрвийг нийт шүүгчид дотроос сонгоод, бусад таван гишүүнийг их дээд сургууль, хуульчдын холбоо зэрэг олон талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулж, шалгарсан хүнийг УИХ томил-гооны сонсгол хийж олонхын саналаар томилдог байхаар хуульчлах нь чухал юм.

-ШЕЗ-ийг хэрхэн сонгохоор тусгасан бэ?

-Шүүхийн тухай хуулийн төсөлд орж буй дараагийн нэг онцлох өөрчлөлт бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх заалт юм. Хуулийн төслийн 78.2, 79 дүгээр зүйлд ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд УИХ-ын “Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг тус тус нээлттэйгээр энэ хуулийн 79.1-79.6-д заасны дагуу сонгон шалгаруулж томилох,” “Байнгын хороо өөрт ногдох гурван гишүүнийг дийлэнх олонхоор сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулах, дийлэнх олонхоор томилох”-оор тус тус заасан. Тэр дундаа ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулахад хуулийн мэргэжлийн холбоод болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагыг шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцуулах нь улс төрийн зүй бус нөлөөллийг хязгаарлах чухал алхам болно. Энэ нь Венецийн комисс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас байнга зөвлөдөг олон улсын сайн туршлагад тооцогддог учраас эдгээрийн төлөөллийг Ажлын хэсэгт орох, эсхүл нэр дэвшигчийг санал болгох байдлаар заавал оролцуулах хэрэгтэй. Хуульчдын холбоо буюу Өмгөөлөгчдийн холбоог ШЕЗ-ийг бүрдүүлэхэд оролцуулдаг жишиг Финланд, Франц, Мальт, Украин, Гүрж зэрэг улсад байна. Хууль зүйн сургуулийн профессоруудын төлөөллийг оролцуулдаг жишиг Нидерланд, Хорват, Болгар, Гүрж, Украин зэрэг улсад байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагыг оролцуулдаг жишиг Румын, Гүрж улсад байна. Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дахь шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог практик бий. “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй.” Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахын тулд шүүхийн зөвлөлийн бүрэлдэхүүний гол хэсгийг шүүгчид дотроосоо сонгох, шүүхийн зөвлөлийн ардчилсан легитим шинжийг хангахын тулд бусад гишүүдийг парламентаас сонгох ёстой гэж Венецийн комисс үздэг.

-Монгол Улс дотооддоо цар тахлыг алдлаа. Үүнтэй холбогдуулж хатуу хөл хорио тогтоосон. Эдийн засаг улам хүндэрч байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид нөхцөл байдал хэрхэх бол?

-Он гараад цар тахлын нөхцөл байдлаас хамаарч, эдийн засаг хүндэрвэл төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Төсөвт хийсэн тодотголоор банкны зээлийн хүүг бууруулах стратегиа амжилттай хэрэгжүүлж, дундаж давхаргаа дэмжсэн урт хугацааны бодлого явуулах, ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдэд татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар авч хэрэгжүүлж байгаа зээл төлөлтийг хойшлуулах арга хэмжээ нь иргэдийн амьдралд урт хугацаандаа өгөөжтэй, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх алхам биш юм. Ард иргэдийн хувьд нэг удаагийн бэлэн мөнгөний дэмжлэгээс илүүтэй урт хугацаандаа амьдралд үр өгөөжөө өгөх бодлого, шийдвэрийг Засгийн газраас гаргаасай гэдэг хүлээлттэй байна. Олон улсын ажиглагчид, эрдэмтэд цар тахал дэлхий дахины тэгш бус байдал, хөгжлийн ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна. Хөгжиж буй, ядуу буурай орнууд цар тахлын хүндрэлийг илүүтэй ихээр мэдэрч хямралд орж байгааг удаа дараа бичсээр байгаа. Тэр дундаа вакцины хэрэглээнд хүртэл хөгжлийн ялгаа, тэгш бус байдал нөлөөлнө гэж үзэж буйг анхаарахаас өөр аргагүй байна. Засгийн газраас вакциныг яаралтай оруулж ирэх ажлын хэсэг байгуулсан. 2021 он гарах үед “Ковид-19”-ийн эсрэг вакцин улс орнуудын хэрэглээнд нэвтэрвэл дэлхийн авиа компаниуд зорчигчид, хил нэвтрэгсдийг вакцин хийлгэсэн байхыг шаардаж эхлэх нь илэрхий болоод байна. Тийм учраас нэн тэргүүнд Монгол Улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрөгдсөн, шаардлага хангасан вакциныг боломжит улс орнуудаас худалдан авах, хөнгөлөлттэй авах гэрээ хэлэлцээрийг даруй оруулж ирэх нь зүйтэй байгаа юм.

-Цар тахлын халдварыг дотооддоо алдсан ч барьж чадсан улсын туршлага юу байна вэ?

-Бусад улс орнуудын туршлагыг судалж, мэдээлэл авч байгаа. Цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудад хатуу хөл хорио тогтоох явц үргэлжилж байна. Лондон хотын Эзэн хааны коллежийн Халдвар судлалын баг тодорхой бүлгийн буюу эрсдэлтэй иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс, тэдний гэр бүлийг тусгаарлах нь халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч удаашруулдаг, харин бүх нийтийн хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт хор хөнөөлтэй ч халдварын тархалтыг тогтоож чадаж байгааг тогтоосон байна. Хөл хорио тогтоогоогүй үед халдвар, нас баралтын тоо огцом нэмэгдэж, эмч, эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрч, эдгэрэх хүний тоо маш бага байх бол хөл хорионы дэглэмийн зэрэг нэмэгдэх тусам эрүүл хүн амын тоо нэмэгдэн, өвчлөл бага байна гэдгийг эрдэмтэн, судлаачид сануулж байна.

Солонгос улс цар тахлын үед эдийн засгаа дахин сэргээх бодлогоо 3Р буюу “Protection, Promotion, Preparation” гэж зарлаж хэрэгжүүлж байгааг солонгос судлаач Б.Урангоо УИХ, УОК-т хүргүүлсэн зөвлөмждөө дурдсан байсан. Тухайлбал, тус улсын Засгийн газраас иргэдийн ажил эрхлэх боломжийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах бодлого, орлого багатай хүмүүст зориулсан тусгай бодлогоор дэмжих хөтөлбөр, бүс нутгийг эдийн засгийн уналтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Онцгой байдлын үеийн тусламжийн сан байгуулж, ЖДҮ ба бичил бизнес эрхлэгчид, дотоодын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг сэргээх тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Мөн зайлшгүй шаардлагатай Business travel буюу бизнесийн зорилгоор гадаад руу гарах хүсэлтэй бизнес эрхлэгчдэд тусгайлан боломж олгох зэрэг бодлого, үйл ажиллагаа явуулж байна.

Ерөнхийдөө Солонгос улсын “COVID-19” хариу арга хэмжээний стратегийн зорилго нь өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засгийг нээлттэй байлгах, иргэд, ААН-ийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд оршиж байна. Тус улсын Засгийн газраас халдварт өвчний тархалтын хорио цээрийн дэглэм, нийгмийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тэнцвэрийг хадгалж чадсан. Иргэд чөлөөтэй зорчих эрх чөлөөгөө эдлэхээс гадна олон улсын агаарын тээврийн сувгуудыг аль болох нээлттэй байлгахыг эрмэлзсэн. Өөрөөр хэлбэл, тус улсын “COVID-19”-ын эсрэг хариу арга нь нээлттэй, ил тод байдал, иргэний оролцоо, технологид суурилсан шинэлэг байдлын зарчмууд дээр явагдсан гэж хэлж болно. Манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмж болон бусад улс орнуудын туршлагыг судлан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Гэхдээ цаашид учирч болох эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлын үеийн төлөвлөгөөндөө үндэслэн иргэд, ААН-ээ дэмжсэн бодлого явуулах, тэр дундаа БНСУ-ын адил ажлын байрыг нэмэгдүүлэх, шинээр хөгжих боломжтой үйлдвэрлэл, үйлчилгээнүүдийг дэмжих чиглэл баримтлах нь зүйтэй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин