Монгол Улс анх удаа тэднийг хамгаалах тусгайлсан хуультай болох гэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилсан. Харин тус хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахлан ажиллаж байгаа юм.
Ингээд Хуулийн төслийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар www.vip76.mn сайтын сэтгүүлч О.Батзаяатай ярилцлаа.
-ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ОЛОН ЖИЛ ТЭМЦЭЖ ИРСЭН ХАМГААЛАГЧДАА ТӨР ХАМГААЛАХ ЁСТОЙ-
- Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах гол зохицуулалт юу вэ?
- Дэлхийн 40 гаруй улс хүний эрхийн хамгаалагчийн эрхийг баталгаажуулсан хууль тогтоомжтой. Харин манай улс “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлж, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулах гэж байна.
Энэ бол олон улсын хүний эрхийн тогтолцоог нутагшуулж байгаа сайн жишиг. Бид энэ хуулийн төсөлд хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ, тэд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхойлж, мөн өөрийн болоод бусдын эрхийн төлөө тэмцэж байгаа тэднийг хэрхэн, яаж хамгаалах, үүнд төр болон бусад талууд ямар үүрэг хүлээх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.
Монгол улсад шударга бус явдлын эсрэг дуугарсан хүмүүсийг айлгаж ичээх, сүрдүүлж, дарамтлахаас эхлээд амь насанд нь хүртэл халдаж байсан олон жишээг бид мэднэ. Энэ тухай ХЭҮК, бусад хүний эрхийн байгууллагуудын судалгаа, мэдээлэлд бий. Ийн Хүний эрхийг хамгаалагчид өнөөдөр хамгаалагдаж чадахгүй байгаа нь тэднийг шантрахад хүргэж байна.
Тэд шантарснаар бусад хүмүүсийн зөрчигдсөн эрхийг сэргээж, шударга бус зүйлтэй тэмцэх, түүний төлөө дуугардаг хүнгүй болоход хүргэж байгаагаараа нийгмийн хөгжилд ихээхэн сөрөг нөлөөтэй. Тиймээс УИХ энэ хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжээд хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн төсөл бүхэлдээ “хүний эрхийг хамгаалах эрх”-ийг баталгаажуулж өгч байгаа юм. Хүний эрхийн төлөө амь нас, аюул заналыг үл тоон олон жил тэмцэж ирсэн хамгаалагчдаа төр "хамгаалах" ёстой.
- Хүний эрхийг хамгаалагч гэж яг хэн бэ?
- Хүний эрх хамгаалагч гэдэг нь өөрөө эсвэл бусадтай эвлэлдэн нэгдээд хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, түүний төлөө тайван замаар, хүчирхийллийн бус арга замаар тэмцэж байгаа хувь хүн юм.
- Таны ахалсан ажлын хэсэг оны өмнө хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдаж байсан. Анх орж ирсэн төслөөсөө өөр ямар нэмэлт, өөрчлөлт орохоор яригдаж байна вэ?
- Ажлын хэсэг 12 дугаар сарын 30-нд хуралдсан. Энэ хуулийн төслийг 2016 оноос эхлэн боловсруулж, нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлэг явуулсан байдаг. Гэхдээ сүүлийн үед шинэ шинэ сорилтууд гарч ирж байна. Тиймээс ажлын хэсэг дээр төсөлд эдгээр сорилтуудыг харгалзаж, тусгах талаар ярилцсан.
Тухайлбал, Ковид-19 цар тахлын улмаас маш олон хязгаарлалт хаа сайгүй тавигдаж, үйл ажиллагаа бүр цахимжиж байна. Хүний эрх хамгаалагчид цахим орчинд ч хамгаалагдах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр хүний эрх хамгаалах үйл ажиллагаа дан ганц нэг улсын нутаг дэвсгэрт хамааралтай асуудал биш юм.
Энэ тохиолдолд Монгол улс нь гуравдагч этгээдээс ирэх аюул заналхийлэл, халдлагаас өөрийн нутаг дэвсгэр болон мөн өөрийн шүүн таслах харъяаллын хүрээнд багтах бусад орон зай, газар нутагт байгаа хүний эрх хамгаалагчийг хамгаалах үүргийн асуудал сөхөгдөнө. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын чиг үүрэгтэй давхцаж буй эсэхийг болон бусад хуулиудтай уялдуулах, зарим давхцлыг арилгахтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах эсэх зэрэг асуудлууд байгаа юм.
- Бусад хуульд шингээх байдлаар өөрчлөлт хийхгүй бие даасан тусгайлсан хууль гаргах нь ямар ач холбогдолтой вэ?
- Судлаад үзэхээр улс орнууд хүний эрх хамгаалагчийг хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн орчныг хоёр чиг хандлагаар зохицуулж байна.
Хүний эрх хамгаалах тогтолцоо сайтай, бүс нутгийн хүний эрхийн шүүхтэй газруудад дагнасан хууль гаргалгүйгээр бусад хуулиуддаа шингээж, тусгайлан үндэсний хөтөлбөр гарган гэрч, хохирогчийг хамгаалах зохицуулалттайгаа нарийн уяж хэрэгжүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг.
Үүнд Европ дахь улс орнууд, эсхүл холбооны засаглалтай улс орнууд хамаарч байна. Мөн бусдын эрх чиний эрхээр хязгаарлагдах ёстой гэдгийг нийгмээрээ сайтар ухамсарласан, хүний эрхийн суурь зарчмуудыг практикт хэрэгжүүлж чаддаг суурь соёлтой, эрх тэгш байдлыг эрхэмлэдэг өндөр хөгжилтэй, улс орнууд орж байна
Харин хүний эрхийн тогтолцоо дутмаг, бүс нутгийн хүний эрх хамгаалах механизмгүй, ардчилал болоод хүний эрхийн соёл бүрэлдээгүй, эдийн засгийн хөгжил буурай улс орнуудад дагнасан, тусгайлсан хууль гаргах замаар шийдвэрлэж байна.
Хүний эрх хамгаалагчдыг хамгаалж буй 40 гаруй орны туршлагыг судалж үзсэний үндсэн дээр 100 гаруй орны 500 гаруй хүний эрх хамгаалагчидтай нүүр тулсан ярилцлага хийж, 27 хуулийн шинжээч хянаж, Загвар хууль гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Манай улсад дагнасан, тусгайлсан хуулиар зохицуулах нь илүү үр дүнтэй байгааг тогтоосон гэсэн үг юм.
- Тэгэхээр манай улс хүний эрхийг хамгаалагчийг тусгайлсан хуулиар хамгаалахаас өөр аргагүй байна гэсэн үг үү?
- Тийм. Манай орны хувьд өөрийн нөхцөл байдал, дээрх хандлага, олон улсын сайн туршлага, сургамж зэргийг харгалзан үзээд тусгай, дагнасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Ингэсний ач холбогдол гэвэл хэн яг жинхэнэ хүний эрх хамгаалагч вэ гэдгийг хуурамч нэр зүүсэн хүмүүсээс ялган таних, хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагааг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөх, дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй нөхцөлд байгаа бол шуурхай арга хэмжээ авах зэрэг ач холбогдолтой юм.
-АШИГ ХОНЖОО ХАЙЖ, БУСДЫГ ӨДӨӨН ТУРХИРДАГ “ХУУРАМЧ ХАМГААЛАГЧ”-ДЫГ ЯЛГАЖ ТАНИДАГ БОЛНО-
- Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед яг энэ асуудлыг, тодруулбал “Хүний эрхийг хамгаалагч” гэж хэнийг хэлэх вэ, тэднийг мөнгө, хувийн ашиг хонжоо хайгчдаас хэрхэн ялгах вэ? гэдгийг УИх-ын гишүүд ихээр хөндөж асууж байсан. Энэ хууль батлагдсанаар энэ ялгааг тодорхой болгох уу?
- Хүний эрх хамгаалагчдад тавигддаг тодорхой шалгуур бий. Тухайлбал, тухайн хүний үйлдэл нь хүний эрхийг хамгаалсан, хөхиүлэн дэмжсэн, түгээн дэлгэрүүлсэн үйл ажиллагаа байх, уг хамгаалж буй үйлдлээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар явуулдаг байх, хүний эрхийн түгээмэл шинжийг хүлээн зөвшөөрдөг байх гэх мэт. Хүн бүр хүний эрх хамгаалагч байх боломжтой ч харамсалтай нь дээрх шалгуурт тэнцсэн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хүний эрх хамгаалагчийг таних нийтлэг 4 шинжийг хуулийн төсөлд тусгасан байгаа.
Энэ нь тухайн хүний тавьж буй асуудал хүний эрхийн асуудал байх, уг асуудал нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх, үйл ажиллагаа нь бусдыг хүчирхийлэлд турхираагүй байх, тийм шинжийг агуулаагүй байх, тууштай байх юм. Өөрөөр хэлбэл, хуулиар тодорхойлсон энэхүү шалгуураар би хүний эрх хамгаалж байна гэдэг нэрээр бусдын оршихуйг үгүйсгэдэг, бусдад ялгавартай ханддаг, хүчирхийлэлд уриалан дуудаж турхирдаг, мөнгө, хувийн ашиг хонжоо хайгчдыг ялгаж таньдаг болно.
- Манайд хүний эрхийг хамгаалж яваад өөрийн эрүүл мэнд, алдар нэр, амь насаараа хохирсон жишээ цөөнгүй бий. Энэ талаар хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын судалгаа ч жил бүр гардаг. Тэднийг хэр сонсож, ажиллаж байна вэ?
- Тийм ээ, бид маш олон судалгаатай танилцсан. Хүний эрхийн хамгаалагч, тэмцэгчидтэй ч ярилцаж, тэдний асуудлыг сонсож байна.
Манай улсын хувьд зарим төрийн бус байгууллагаас гаргасан“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүд” 2005 оны судалгаа, “Аюул дундах хүний эрх хамгаалагч” 2017 оны судалгаа, ХЭҮК-ын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” 2014 оны үндэсний хэмжээний судалгаа , мөн НҮБ-ын хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийн 2018 оны судалгаа, тайлан гээд хэд хэдэн судалгаа бий.
Эдгээр судалгаанд дурсанаар хүний эрх хамгаалагчдад сэтгэл зүйн дарамт үзүүлэх, нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, цахим халдлага дайралт хийх, мөрдөж мөшгих, ажлаас халах, хилс хэрэг хүлээлгэх, бие махбодод нь халдах, сураггүй алга болгох, амь насанд нь халдах гээд бүхий л төрлийн халдлагууд байгааг онцолсон байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааны асуудлаар ажиллаж буй эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, утсаар айлган сүрдүүлсэн, бие махбод, эд хөрөнгөнд нь халдсан, улмаар амиа хорлоход хүргэсэн гэдэг маш харамсалтай кейсүүдийг иргэний нийгмийн идэвхтнүүд ярьж байгаа.
Маш олон жишээг ярьж болох ч ганцхан жишээ дурдахад “Ажлын нь цонх байнга хагардаг, цонхоор чулуу орж ирдэг, хаалганых нь цоож руу цавуу цутгачихдаг. Ажилтнуудыг нь хүн дагадаг, утсаар дарамталдагаас гадагшаа гарахдаа хиймэл үс зүүж, хувцсаа сольж гарах тохиолдол гардаг.
Шүүх хуралд ороход өшиглүүлж, чимхүүлээд гарах наад захын асуудал байдгаас маргаашийн нарыг харах уу гэдгээ мэдэхгүй, гэрээслэлээ бичээд сууж байхад амьдрал утгагүй санагдсан” гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллагсад ярьдаг.
Өнөөдөр Монголд хүний эрхийн хамгаалагчид маань ийм хүнд нөхцөлд, чимээгүй тэмцэж байна. Тиймээс төр үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч болохгүй. Хуулиараа хамгаалах л ёстой.
-ЗОРИГТОЙ ТЭМЦЭГЧДИЙГ ХАМГААЛЖ ЧАДСАНААР БИД ТЭГШ, ШУДАРГА НИЙГЭМД АМЬДАРЧ ЧАДНА-
- Хүний эрх хамгаалагчдыг хамгаалж буй 40 гаруй орны туршлагыг судалж үзсэн гэж та дээр хэллээ. Тэгэхээр хүний эрхийг хамгаалагчийн хууль үйлчилдэг тэдгээр улсад энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарсан байдаг вэ?
- Хүний эрх хамгаалагчдын амь насанд хамгийн их халддаг орнууд болох Колумби, Мексикт анх хүний эрх хамгаалагчийг хамгаалах дагнасан хууль батлагдаж байж. Хуулийн үр нөлөө ямар байгаа талаар тус улсууд үнэлгээ хийсэн байдаг.
Уг үнэлгээгээр Колумби улсад л гэхэд хүний эрх хамгаалагчид руу зохион байгуулалттайгаар халддаг байсан нь буурсан, хүний эрх хамгаалагчид нь илүү тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байсан.
Мөн Мексик улсын хувьд тус хуулийн үр нөлөөний талаар үнэлгээ хийгдэх үед 45 хүний эрх хамгаалагчийг хамгаалалтад авсан байсан.
Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин нь бүрдсэн, тогтолцоотой улсуудын хувьд өөр нэг ажиглагдаж байгаа зүйл гэвэл хүний эрх хамгаалагчдад халдсан хэргүүдийг мөрдөн шалгаж, хариуцлага тооцох явдал бусад орнуудтай харьцуулахад харьцангүй өндөр байна.
Ингэснээр тийм хэрэг дахин гарах, давтагдахгүй байхад нөлөөлж байгаа зэрэг эерэг өөрчлөлт, ахиц дэвшлүүд байна.
- Хуулийн төсөл нь 4 бүлэг 14 зүйлтэй. Төсөл санаачлагчид энэхүү хууль нь хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангана гэж хуулийн зорилгыг тодорхойлж байгаа. Төсөл энэ зорилгыг хангаж чадна гэж үзэж байна уу?
- ХЭҮК-оос мэргэжлийн үйл ажиллагаагаар хүний эрхийг хамгаалж буй шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагч, өмгөөлөгч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч иргэд, идэвхтэн зэрэг 1375, аймгуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан 3662 хүн гээд 5000 орчим хүний дунд судалгаа хийсний үндсэн дээр хүний эрх хамгаалагчийн асуудлыг анхааралдаа авахыг 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын илтгэлдээ онцлож, УИХ-д өргөн барьсан байдаг.
Энэ цаг үеэс өнөөг хүртэл хуулийн төслийг олон талуудаар хэлэлцүүлж, дэлхийн улс орнуудын туршлага, сургамж дээр үндэслэн Загвар хуулийг барьж, боловсруулсан учраас хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахуйц хэмжээнд гэж үзэж болно. Тийм ч учраас УИХ уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.
Цаг үе хурдтай өөрчлөгдөж буй энэ үед зарим зүйлийг нэмж хасах асуудлыг хэлэлцэн, хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх асуудлыг миний ахлаж буй энэ ажлын хэсэг хариуцаж байгаа юм.
- Хууль батлагдсанаар манай улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?
- Дээр хэлсэнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгчид маань хамгаалах механизм сул байгаагийн улмаас дуугарах эрхээ “боомилуулж” байна. Харин энэ хуулийн төсөл батлагдсанаар тэднийг хамгаалах механизм бүрдэнэ.
Ингэснээр хүмүүс айх айдасгүйгээр, аливаа дарамт шахалтаас айж, эмээлгүйгээр болохгүй бүтэхгүй зүйлийг, авилгалыг үнэн зөвөөр илчилж, шударга ёс, тэгш эрхийг шаардаж, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой дуугарч чадна. Зоригтой тэмцэгчдээ хамгаалж гэмээнь бид авилгагүй, эрх тэгш, шударга нийгэмд амьдарч чадна. Мөн хүний эрхийг хүндэтгэдэг нийтийн соёлтой болно.
- Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч О.Батзаяа
www.vip76.mn