"Өргөө" амаржих газарт амарсан эхээс коронавирусийн халдвар илэрснээс ХӨСҮТ-д шилжүүлсэн. Ингэхдээ дотуур өмд, унтлагын хувцас, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргаж эх, нярайг эрүүл мэндийн эрсдэлд оруулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Шадар сайд Я.Содбаатарт албан шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад дээрх үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэж үзэн, хууль тогтоомж, журам зааврыг зөрчсөн этгээдэд яаралтай хариуцлага тооцох, эх, нярайд эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийж, эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын журам зааврыг хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Би 3 хүүхэдтэй, анхны хүүгээ яг энэ 1-р амаржих газар төрүүлсэн. Эмч, сувилагч нарын хүйтэн хөндий, сэтгэлгүй харьцаа, анхлан төрөгч эхийг загнасаар байгаад төрүүлдэг, төрсний дараа хүйтэн өрөөнд хоёр цаг хэвтүүлж байсан зэргийг одоо хүртэл тод санаж, өчигдрийн ээж, хүүхэд хоёрын нөхцөл байдлыг яг өөр дээрээ мэт сэтгэл өвдөн мэдэрч байна. Өнөө өглөө эмэгтэй гишүүд бид бүгд л энэ асуудлаар буруутай этгээдэд хариуцлага тооцох, эмнэлэг, амаржих газруудыг энэ хэвээр нь байлгаад байж болохгүй, дорвитой өөрчлөлт хийе гэдэгт санал нэгдлээ. Цаашид эмнэлэг, амаржих газруудын цар тахлын нөхцөлд мэндийн тусламж үйлчилгээг ялгаваргүй үзүүлэх, бэлэн байдлыг хангах ажлыг сайжруулах ёстой. Шаардлагын хариуг ирэхээр та бүхэндээ танилцуулах болно" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба