DNN: Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй

-Ерөнхийлөгч Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригуудыг хүлээж авсангүй. Авлигын тухай хуулиас асуухад АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор томилдог болох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юү?

-Хуульд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-ын томилгооны сонсгол хийж томилно гэж өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрх хуучнаар буюу УИХ-д хадгалагдаж, гагцхүү санал болгох субьект нь Ерөнхийлөгч байсныг Ерөнхий сайд болгон өөрчилсөн. Мөн дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга нь томилдог болох өөрчлөлт оруулсан. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуультай уялдаж гарч байгаа өөрчлөлт юм. УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан байсан. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай хэрхэн уялдаж байна гэхээр өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмыг органик хуулиуддаа суулгаж өгөх явдал юм. Сая баталсан Шүүхийн тухай хууль бол үүний тод жишээ. Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдлийн хүрээнээс хальсан, шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгож ирсэн байдаг. Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л эрх мэдлийн хэтийдэл болсон. Иймд Авлигатай тэмцэх газрын даргын нэрийг Ерөнхий сайд дэвшүүлэх нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй, нөгөө талаас авлигатай тэмцэх бол Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон үндсэн бүрэн эрх болох гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний нэг юм. Үндсэн хуулийн 38.2.7-д Засгийн газрын бүрэн эрхэд “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

-Өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмын тод жишээ Шүүхийн тухай хууль гэж байна. Энэ хууль батлагдсанаар шүүх болон шүүгчид улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөл боломж нь хангалттай бүрдсэн үү?

-Шүүхийн тухай хуулийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байсан. Энэ зорилгоо биелүүлж чадахуйц хууль баталсан гэж бодож байгаа. Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор өөрчлөлтүүд хийсэн. Ингэхдээ шүүх тогтолцооны гол институт болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх болно. Мөн шүүгч хараат бус ажиллах баталгааг зааж өгсөн. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч хэн нэгний нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргадаг байхын тулд хууль зүйн болон эдийн засгийн баталгааг төрөөс хангаж өгсөн байх учиртай. Шүүхийн тухай хуулийн 43-51 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн халдашгүй байдлыг хангах зохицуулалтыг оруулж өгч байна. Иймэрхүү Шүүхийн тухай хууль нь тогтолцооны том өөрчлөлт хийсэн хууль болсон. Одоо хараат бус шүүхийг бий болгож, хуулийг шударгаар хэрэгжүүлэх эсэх нь Монголын шүүгчдээс өөрсдөөс нь хамаарна. Ерөнхийлөгч энэ хуулийн тодорхой заалтуудад хэсэгчлэн хориг тавьсныг МАН-ын бүлэг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тухайлсан хориг тавьсан заалтуудыг хүлээн авахгүй байх эрх зүйн үндэслэлүүд бий.

-Тухайлбал?

-Ерөнхийлөгчийн хоригт Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аар томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь эрх зүйч байж болохгүй хэмээсэн нь хуульд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Энэ нь ШЕЗ-ийн гишүүдийн тав нь шүүгч, тав нь шүүгч биш байх утгыг илэрхийлж байгаа юм. Яг энэ агуулгаар Шүүхийн тухай хуульд дээрх хориг тавьсан заалтууд орсон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тал нь шүүгчид дотроосоо буюу нийт шүүгчдийн хуралдаанаас нууц санал хураалтаар томилогдоно. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дөрвийг мөн өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно. Энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар оролцохгүй. Шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл орохвий гэсэн болгоомжлолоор томилгооны талыг шүүгчдэд өөрсдөд нь олгосон. Энэ бол шүүгчдийг шүүх эрх мэдлийнхээ дархлаа байгаасай гэсэн үүрэг хариуцлагыг өндөрсгөж өгсөн хэрэг. Харин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор Шүүхийн тухай хуульд зааж өгсөн нь олон улсын жишиг юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог. “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй” гэж Европын зөвлөлийн Венецийн комисс үздэгийг дэлхийн улс орнууд шүүхийн практиктаа хэрэглэж ирсэн. Ер нь парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд Ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилцүүлдэг механизмыг илүү их хэрэглэдэг. Гэтэл өнөөг хүртэл манай шүүх практикт хэрэглэж ирсэн жишиг үүнээс өөр байгаа юм.

-ХЭТ ТӨВЛӨРСӨН ЭРХ МЭДЭЛ "ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ" ГЭЭЧИЙГ БИЙ БОЛГОСОН-

-Өнөөгийн практикт яаж явж ирсэн юм бэ?

-ШЕЗ одоогоор таван гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр таван гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Үүнийг засч залруулах нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний дагуу сая батлагдсан Шүүхийн тухай хуулийн нэг гол зорилт байсан юм.

-Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байна. Цар тахлыг дотооддоо алдсаны улмаас манай улс хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрч байна. Хариуцлагатай хүндхэн цаг үед Засаг огцорч байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс нэлээд байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг зарчмын үүднээс би Засгийн газрыг огцорч байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Харин засаг тогтвортой байхаас илүү хүмүүнлэг зарчим, ёс зүйн хариуцлагыг чухалд тавьж ард түмнийхээ өмнө алдаа гаргасандаа уучлалт гуйн Ерөнхий сайдын огцорч буйг хүндэтгэн үзэж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, нийгмийн бүх шатанд сахилга, хариуцлагыг чухалчилж, намаас нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр шалгуур тавьж ирсэн. Цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт хариуцлага алдаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг явдал болсон нь ёс зүйн хариуцлага хүлээж огцроход хүргэсэн гэж үзэж байна.

-Тэгвэл дараагийн Ерөнхий сайдаар МАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Засаг хэрхэн бүрдэх бол?

-МАН-ын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг ч тэр, өөр хэн нэгэн, УИХ-ын гишүүн ч оролцох эрхгүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал буюу “Алсын хараа-2050”-ийг боловсруулсан багийг ахлан ажилласан хүний хувьд хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадахуйц салбар салбарын шилдэг мэргэжилтэн, манлайлагч нараар танхимаа бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Шинэ Засгийн газрын бодлого яаж явах бол. Өмнөх Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлж ирсэн бодлогыг үгүйсгэдэг гэх зүйлс яригддаг шүү дээ?

-Энэ их чухал асуудал. Төрийн бодлого тогтвортой явагдах ёстой. Өнгөрсөн жилүүдийн Монголын төрийн тогтолцооны гол алдаа бол төрийн бодлого тогтворгүй, залгамж чанаргүй явж ирсэн явдал юм. Дэлхийн улс орнуудын жишээг харахад хөгжлийн бодлого нь тогтвортой бөгөөд тодорхой байдаг. Улс төрийн аль нам гарч ирснээс үл хамаарч тэр бодлого нь хэрэгжээд явж байдаг. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраас өргөн барьж өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан. “Алсын хараа-2050” гэдэг бол Монгол Улсын хөгжлийн үндсэн хууль гэж хэлж болно. Үүнийг ямар ч нам, улс төрийн хүчин, ямар ч дарга, сайд байсан мөрдөж, хэрэгжүүлдэг байх нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Алсын хараа-2050”-д үндэслэн ирэх дөрвөн жилд хийх ажлаа “Хөгжлийн гэрээ” нэртэй мөрийн хөтөлбөр болгон ард түмэндээ танилцуулж дэмжлэг авсан. Иймд Ерөнхий сайд солигдож шинэ Засгийн газар бүрдсэн ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын ард түмэндээ амласан амлалт өөрчлөгдөхгүй, бодлого тогтвортой явна. Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайд “Ерөнхий сайд болбол хийх ажил, бодлого, үнэт зүйлсээ танилцуулахдаа нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараахь улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна. Хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангаж ажиллана” гэж хэлсэн. Энэ үгнээс нь шинэ Засгийн газар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны засаглалыг бий болгох, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх, цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргаа дэмжсэн эрүүл мэнд, боловсролын шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон.

-ТЕЛЕ БОЛОН ЦАХИМ ХИЧЭЭЛД ХҮҮХЭД БҮРТ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА-

-Энэ цаг үед эрүүл мэндээс гадна боловсролын асуудал хөндөгдөж байна. Хөл хорионы улмаас сургууль, цэцэрлэг хичээллэхгүйгээс шалтгаалж хичээл хоцрогдолт ихээхэн үүсч байна. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-"Ковид-19" цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд оюутан сурагчид теле болон цахимаар хичээл үзэх шаардлагатай болсон. Гэтэл техник технологи, интернэтийн хэрэглээний дутагдлын улмаас бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Гэртээ компьютергүй өрх, компьютертэй ч интернэтгүй өрхийн хүүхдүүд цахим хичээлд оролцох боломж хязгаарлагдмал байгаа. Түүнчлэн гэртээ телевизортой байсан ч кабельгүй, кабельтай ч ухрааж үзэх үйлчилгээгүй өрхийн хүүхдүүд зайны сургалт, хичээлээс хоцрох эрсдэлд оржээ. Мөн уламжлалт мал ахуйн соёл, жендерийн тогтсон үүрэг, амьдралын хэв маяг, амьжиргаа зэрэг нийгмийн хүчин зүйлс хөдөө орон нутгийн хүүхдүүд теле болон цахим хичээл үзэх ижил боломжийг хангаж чадахгүй байна. Энэ нөхцөл байдал их, дээд сургуулиудад ч илэрч байгаа. Цар тахлын хямрал нүүрлэж байгаа ч оюутан, сурагчдын сурч боловсрох эрхийг хангах, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нь Монгол төрийн үүрэг. Бид энэхүү хямралаас бүрэн гарч, эргэн сэргэхийн тулд эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Боловс-рол, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүний суурь эрхүүд тул эдгээр салбарууд төрийн нийтийн өмчлөлд байж, хямралын үед үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадавхыг төрөөс дэмжин бэхжүүлж байх ёстой. Цахим сургалтын дэд бүтцийг бий болгох, чадавхыг нэмэгдүүлэх, холболтыг чанартай найдвартай болгох зэргээр боловсролын цахим шилжилтийг хийх төсвийг боловсролын салбарт хангалттай хуваарилах бодлогыг цаашид барих ёстой гэдгийг цар тахал бидэнд харууллаа. Мөн сургалтын үйл ажиллагааг зайн сургалтаар зохион байгуулахдаа алслагдсан сум, орон нутаг болон нийгмийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн гар утас, телевиз, интернетийн хүртээмжтэй байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр тэгш хамруулах сургах зорилт биелэгдэхгүй. Тиймээс эрх тэгш, тэгш хамруулсан чанартай боловсролыг хүн бүрт олгохын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын гишүүд, дэмжигчидтэй хамтран хүүхэд залуус, насанд хүрэгчдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллах болно.

-Шинэ Засгийн газар энэ ажилд хэр анхаарлаа хандуулах бол?

-Анхаарахаас өөр аргагүй, нэн тэргүүнд анхаарах ёстой салбар. Л.Оюун-Эрдэнэ сайдын онцолсон нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах бодлогын нэгэн том чиглэл бол боловсрол. Монголын боловсролын салбарт тэгш, хүртээмжтэй байх зарчим алдагдсан, хот хөдөөгийн сургуулиуд болон улсын ба хувийн хэвшлийн сургуулиудын хоорондын сурлагын чанарын ялгаа ихэсч, эцэг эхийн орлого, сурлагын амжилтын хооронд шууд хамааралтай болсон нь үнэхээр сэтгэл зовоох асуудал болоод байгаа. Хэрэв бид боловсрол дахь энэ тэгш бус байдлыг өнөөдөр арилгахгүй бол цаашид нийгмийн тэгш бус байдал улам бүр гүнзгийрэх болно. Тиймээс Шинэ засгийн газар, шинэ Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайдтай бид боловсролын шинэчлэл, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох талаар хамтран зүтгэх болно. УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны шинэ гишүүд бид УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш боловсролын шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг, уулзалтууд хийж эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, хилийн чанадад байгаа монголчуудтай хамтран ажиллаж байна. УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Боловсролын тухай багц хуулиар үндэсний боловсролын тогтолцоогоо шинэчлэх том алхам биеллээ олно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин