УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Мобикомын удирдлагуудад талархал илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлагаар Мобиком корпораци "Академи" дата багцыг гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнгөрсөн хоёрдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүний хувиар “Боловсролыг дэмжих дата багц” гаргаж, алслагдсан сум, орон нутаг болон нийгмийн зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг зайн сургалтанд тэгш хамруулах, багш нарын цахим системд хандах боломжийг нь нэмэгдүүлэхэд дэмжин ажиллах хүсэлтийг үүрэн холбооны оператор компаниуд руу илгээсэн юм.

Уг хүсэлтийг Мобиком корпораци хамгийн түрүүнд хүлээн авч, "Академи" багцыг гаргаад байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өнөөдөр саналыг нь хүлээн авч, ажил хэрэг болгосонд талархал илэрхийлэх зорилгоор Мобиком корпорацийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Боловсрол бол хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч гол зүйл төдийгүй тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм. Ийм учраас миний бие УИХ-ын гишүүнээр ажиллахдаа тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд боловсролын гол хуулиуд дээр ажиллах, сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргээс боловсролын цахим шилжилтийг эхлүүлж, хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох ажлуудыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд болон цахим орчноор дамжуулан эцэг эхчүүд, багш нараас ирсэн саналыг үндэслэн үүрэн холбооны оператор компаниуддаа хандаж, “Боловсролыг дэмжих дата багц” гаргах хүсэлт явуулсан билээ.  Энэ хүсэлтийг маань Мобиком корпораци хамгийн түрүүнд хүлээн авч, “АКАДЕМИ” нэртэй багц гаргаж, ажил хэрэг болгосонд талархалтай байна.  Энэ дата багцыг багш, сурагч, оюутнууд хямдралтай үнээр сарын турш хязгааргүй цахим хичээлдээ ашиглах боломжтой боллоо. Хөдөө орон нутгийн сумдын сургуулийн модон жорлонг орчин үеийн шийдэлтэй болгохоос эхлээд нийгмийн хариуцлагын хүрээнд бусдыгаа түүчээлэн ажиллаж ирсэн Мобиком корпорацийн хамт олондоо энэ дашрамд дахин талархал илэрхийлье” гэсэн юм.

Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагын сургалт цахимаар явагдах болсонтой холбогдуулан хоёр багш тутмын нэг нь сарын дата хэрэглээнд 20,000-30,000 төгрөг зарцуулдаг бол оюутнууд Zoom, Teams, Google Classroom-ээр хичээлдээ орохдоо өдөрт 1500 төгрөг ашигладаг гэсэн судалгаа байна. Тэгвэл 4000 төгрөгөөр сарын турш хязгааргүй ашиглах боломжтой "АКАДЕМИ" багцыг ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн санаачлагаар Мобиком корпораци гаргалаа. 

Мобиком корпорацийн захирал Тацуяа Хамада "Мобиком Корпораци хөл хорионы үеэр 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагчдад 99GB дататай дугаар үнэ төлбөргүй ашиглуулах, БШУЯ, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран үзүүлэнгээр ашиглаж байсан гар утаснуудад теле хичээл суулгаж, алслагдсан сумдын сурагчдад хүргүүлэх зэрэг боловсролын салбарт чиглэсэн олон ажлыг шат дараатай хэрэгжүүлсэн. Цаашид ч олон ажлыг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлнэ. Боловсролыг дэмжих дата багц гаргах хүсэлт тавьсан Ц.Мөнхцэцэг гишүүндээ талархал илэрхийлье" гэв.

Тус багцыг

  • 24 их, дээд сургуулийн веб хуудас
  • ЕБС-иудын веб хуудас
  • Google meet
  • Google Classroom
  • Gmail
  • Zoom
  • Teams
  • Skype
  • Telegram апликейшн болон сургуулиудынхаа цахим хуудас руу хязгааргүй хандаж, хэрэглэх боломжтой болжээ.

Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрд буй багш, оюутан, сурагчид цахим хичээл болон бусад цахим сургалтанд зориулж буй дата хэрэглээндээ бага төлбөр зарцуулж, чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй авах нөхцөл бүрдлээ. 

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийнхээ төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иудыг цахим системд холбох төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай дүүргийн нийт 23 сургууль цахим системд бүрэн холбогдоод байна. Мөн тун удахгүй Сүхбаатар дүүргийнхээ ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлтгэх сургалтыг зохион байгуулах юм. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба