УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар "Иргэний эрхийн эсрэг эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал" сэдвээр УИХ-д нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байгаа талаараа өнөөдөр Төрийн ордонд Хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
-"Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц”-ийг 2002 онд, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол”-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Иргэн Т.Чимгээгийн асуудал бол С.Зориг агсны хэргээс тусдаа бөгөөд процессын шатанд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж буй тул Монгол Улсын төдийгүй олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж байна. Бид хуульд заасан үндэслэлээр нийтийн сонсгол хийхээр албан бичгийг өргөн барьж байна. УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад зарим баримтууд ил болсон мөн Засгийн газрын тогтоолоор эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа. Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно гэлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:
-Манай улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлохын эсрэг концвенцид нэгдсэн байдаг. Гэтэл өнөөдөр иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь дээрх конвенцын үүргийг ноцтой зөрчиж байна. Яагаад өнөөг хүртэл энэ асуудлыг хөндөж ярьдаггүй юм. Өмнөх парламентын УИХ-ын гишүүдэд Б.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байсан. Зургаан удаа шүүхээр яваад өнөөдрийг хүртэл иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Нийтийн сонсгол хийх саналыг гаргаж байна. Иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн оргил гэж дүгнэж байна. Энэ асуудлыг өдөр бүр ярих ёстой. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр төдийнхөнөөр харж хөнгөмсөг хандаж байгаа нь тун харамсалтай. Иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчсөөр байхад огт ярихгүй эсрэгээрээ сонгууль болохоор уг асуудлыг хөндөж ярьдаг. Одоо асуудлыг нэг мөсөн мухарлах ёстой. Иргэн Т.Чимгээгийн асуудлыг Дээд шүүхээр яаралтай хэлэлцэж нэг талд нь гаргахыг шаардаж байна" гэв.
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд болон сэтгүүлч нарт үзүүлсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна. Иймээс уг асуудлаар нийтийн сонсгол явуулах талаар УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж буйгаа санаачлагч гишүүд мэдэгдлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж заасан. Иймээс УИХ-ын гишүүдийг уриалж, уг ажлыг дэмжин гарын үсэг зурахыг хүслээ. УИХ-ын гишүүдийн 4-ний 1-ээс доошгүй нь дэмжвэл нийтийн сонсгол явуулах юм байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба