УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар Хууль зүйн сайд Х.Нямбаатартай уулзаж Монгол улсын Засгийн газар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэн санаачилгатай ажиллах тухай хүсэлтийг уламжлалаа.
Мөн иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ-д нийтийн сонсгол хийхтэй холбоотойгоор С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэсэн Монгол Үндсэн хуульд заасан асуудлаар эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг бий болгох тухай хууль санаачлах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа Хууль зүйн сайдад танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба