Ц.МӨНХЦЭЦЭГ: ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ЗОРИГТ ЭЭЖЭЭР БАХАРХАЖ БАЙНА

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй ноцтой хэргийн талаар 3-р сарын 23-ны өдөр Paparazzi.mn сайт мэдээлсэн билээ. Үүний дараа хэргийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хорооны  хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандаж энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авч хохирогч эмэгтэйд хууль зүйн туслалцаа үзүүлэхийг хүссэн.

Тэгвэл энэ дагуу ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэдгээ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгт албан бичгээр ирүүлжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хүүхдийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийлэл ихэвчлэн ураг төрлийнхний дунд үйлдэгддэг учраас гэр бүлийн хүнээ хамгаалан өнгөрөөж, дарагдуулдаг, удаан хугацаанд үргэлжилж асар хор хохирол дагуулдгийг гэмт хэргийн статистик харуулдаг. Хүчирхийлэл хийсэн гэдгийг мэдсэн ч хүчирхийлэгчээс ирэх дарамт, заналхийллээс айх, гэр бүлийн нэр төрөө бодох, эсвэл хаана хандахаа мэдэхгүйгээс хохирогчид дуугүй өнгөрөх тохиолдол олон байдаг.

Тэгвэл энэ бүсгүй охин нь эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэргийг мэдсэн даруйдаа аймгийнхаа цагдаагийн газарт хандаж, улмаар аймгийн эмнэлэг, шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулж хүчирхийлэгч нөхрийнхөө эсрэг зоригтой тэмцсэн байна. Охиныхоо төлөө, шударга ёсны төлөө тэмцэгч зоригт ээжээр үнэхээр бахархаж байна.

Мөн энэ хэргийг олон нийтэд мэдээлж, хууль тогтоогчид, цагдаагийн байгууллагын анхааралд оруулсан Paparazzi.mn сайтын хамт олон, сэтгүүлчдэд талархлаа илэрхийлье. Хэвлэл мэдээлэл бол нийгмийн нүд чих, үнэний дуу хоолой байх Дөрөв дэх засаглалын үүргээ сайн биелүүллээ. Цаашид ийм хүүхдийн хүчирхийлэл гаргахгүйн төлөө, гэрч, хохирогчийг хамгаалах тухайд иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтын байгууллагатай хамтран ажилласаар байх болно” гэжээ.

Цагдаагийн байгууллагаас хохирогч охин Э.М-ыг ээж Ш.Б, дүүгийнх нь хамт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Түр хамгаалах байранд авч, сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, сэтгэл зүйн дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн хэрэгт холбогдогч төрсөн эцэг О.Э-г Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт 3-р сарын 26-ны өдөр хүргүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг энэхүү албан бичигт дурьдсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ажлын алба