УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хэд хэдэн хуулийн төсөл санаачилж, хуулийн төслийн Ажлын хэсгийг ахаллаа. Тэр дундаа хүний эрхийг хамгаалах чиглэлд дуу хоолойгоо хүргэж байна. Хамгийн сүүлд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр ажилласан. Энэ хуулийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Би УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж буйн хувьд Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийг хамгаалах гол хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ намрын чуулганаар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Д.Цогтбаатар гишүүн өргөн барьж, би Ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Энэ хууль нь хүний эрхийн төлөө зүтгэж, тэднийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа иргэн, иргэний нийгмийн байгууллагуудаа хамгаалах зорилготой юм.
Өнгөрсөн 30 жилийн практикаас харахад, удаа дараа хүний эрхийг хамгаалагчийн эрхийг зөрчих, айлгах, дарамтлах, аминд нь халдах хүртэл асуудал гарч байсан. Тухайлбал, ирвэс хамгаалагч Г.Лхагвасүмбэрэл гэж залуу байна. 2016 онд Хөвсгөл далайд живсэн байдалтай олдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах чиглэлд дуу хоолой болж байсан түүний хэргийг амиа хорлосон хэмээн хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Г.Лхагвасүмбэрэл агсан байгаль хамгаалах чиглэлээр дуугарсныхаа төлөө дарамт, шахалтад орж, 2015 оноос удаа дараа цагдаагийн байгууллагад хандаж байсан гэдэг. Ингэхдээ Өмнөговь болон Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас хүмүүс удаа дараа түүнийг дарамталсан, айлган сүрдүүлсэн гэдэг баримтыг гаргаж байсан байна лээ. Тухайн үед түүнийг хамгаалах талаар дэмжлэг үзүүлээгүй учраас энэ золгүй хэрэг гарсан байж болзошгүй.
Үүнээс гадна уул уурхай, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын эрх зөрчигдөх асуудал их байдаг юм байна. Тиймээс олон улсын хүний эрхийн байгууллагууд хүний эрх хамгаалагчдад эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдгийг удаа дараа сануулсан.
Мөн сэтгүүлч Л.Болормаа агсны хэрэг байна. Энэ бүхнээс харахад хүний эрхийн зөрчлийн төлөө дуугарч байгаа иргэн, байгууллага, сэтгүүлчийг хамгаалах шаардлагатай нь харагдаж байгаа юм. НҮБ-ын дэргэдэх Хүний эрхийн комиссоос хүний эрх хамгаалагчийн хуулийн загвар гаргасан байдаг. Энэ хуулийн үзэл баримтлалаар хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр хүний эрхийг хамгаалагч гэдэг шинэ эрх зүйн зохицуулалт орж ирж байна. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд Хүний эрхийн хороо гэж тусдаа нэгж ажиллана. Энэ хууль зөвхөн Монгол Улсад хэрэгжих боломжтой гээд газар нутгийн хэмжээнд хязгаарлагдахгүй. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ төлөө дуугарч байгаа хүмүүсээ ч мөн хамгаалах юм.
-Яг үүнтэй холбоотой Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуай тантай саяхан уулзсан байх аа?
-Тийм ээ. Энэ хэрэг гарснаас хойш 15 жил өнгөрсөн ч хэргийн гол холбогдогч, буруутан этгээд өдийг хүртэл шударга шүүхийн шийтгэл аваагүй байна. Талийгаачийн аав С.Шаарийбуу гуай олон жил тууштай тэмцэж ирсэн. Монголын төрөөс хоёр, гурван удаа эрх зүйн туслалцаа үзүүлсэн ч цаашдаа зөвлөгөө туслалцаа үзүүлэх гэхээр эрх зүйн болон бусад саад бэрхшээл байдаг юм байна.
Тухайлбал, Монгол Малайзын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй. Үүнээс болоод хэрэг удааширч байна. Хоёрдугаарт, манайх Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцод нэгдсэн байхад Малайз Улс нэгдээгүй гэдэг ч юм уу. Ийм байдлаар хилийн чанадад монгол хүний эрх зөрчигддөг, түүний төлөө дуугарч байгаа хүмүүс ч хуулиар хамгаалуулж чаддаггүй. Тиймээс түүний төлөө тэмцэж байгаа хамгаалагч нарт энэ хууль хүрэх ёстой.
-Хүний эрх хамгаалагчийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж өгснөөрөө хүний эрхийг хамгаалах асуудал улам сайжирч байна гэж ойлгож болох уу?
-Болно. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалснаар Монгол Улсын хүний эрх хамгаалах тогтолцоо бэхжиж байгаа юм. Монгол Улсад буй ардчилал, хүний эрхийн соёлын уламжлалыг эргэж харахаар бид шинэ тутамд хөгжиж байгаа нь харагдаж байна. Харин либерал ардчилал өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манайд нийтээрээ хүний эрхийг хүндлэх, хамгаалагч нарыг өмөөрөн хамгаалах эрх зүйн соёл дутмаг байгаа. Тиймээс шинээр ардчилсан тогтолцоонд шилжиж буй манайх шиг улсад хүний эрхийг хамгаалагчийг тусгай хуулиар хамгаалдаг. Европын холбоо зэрэг бусад улсад бүс нутгийн хүний эрхийн тогтолцоо өндөр хөгжсөн байдаг. Жишээлбэл, эрүүдэн шүүсэн хэргийн гол буруутанг Европын хил рүү нэвтрүүлэхгүй гэх мэт хатуу санкцтай байдаг. Гэхдээ бас анхаарах зүйл бий. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа нэрээр хагалан бутаргах, үймээн самуунд уруу татах зэрэг хуурамч тэмцэгчээс ялгах шаардлага байгаа юм. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн.
ЭРҮҮДЭН ШҮҮЖ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭХ НЬ ҮЙ ОЛНООР УСТГАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ АДИЛ ХЭМЖЭЭНИЙ НОЦТОЙ ЗӨРЧИЛ
-Хүний эрхийг хамгаалагчтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үеэр эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлууд сөхөгдсөн. Тухайлбал, та бусад гишүүний хамт С.Зориг агсны амийг хохироосон хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотой нийтийн сонсгол явуулах шаардлагатай гэж үзсэн байх аа?
-Монгол Улсад хүний эрхийн ноцтой зөрчил эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал өнөөг хүртэл байсаар байна. Ер нь олон улсын эрх зүйн ойлголтоор эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх нь үй олноор устгах гэмт хэрэгтэй адил хэмжээний ноцтой зөрчил болдог. Манайд эрүүдэн шүүлттэй холбоотой нэг л хэрэг ил болсон. Тодруулбал, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт. Энэ хэрэг хоёр жилийн өмнөөс ил болж, тодорхой бичлэгүүд задарсан. Гэтэл гэм буруутай хүмүүсийн шүүх хурал удаашралтай явсан. Ингээд эрүүдэн шүүсэн нь тогтоогдож, холбогдох хүмүүст нь энэ гуравдугаар сард хуулийн хүчин төгөлдөр ял оноосон.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бид хоёр “Манай улсад эрүүдэн шүүлт байж болохгүй” гээд хуулийн төсөл өргөн барьж, шаардлага хүргүүлээд байгаа. 19-өөс дээш гишүүн энэ тал дээр санал нэгдвэл нээлттэй сонсгол явуулах боломжтой. Үүн дээр хуулийн болон бусад хүний эрхийн чиглэлээр ажилладаг бүх байгууллага нэгдэж хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн нийтийн сонсгол явуулахын тулд хэргийг ил болгох ёстой. Тиймээс С.Зориг агсны хэргийг бүхэлд нь ил болгох хүсэлт Засгийн газарт тавьж, хүсэлтийг хүлээн авсан.
С.Зориг агсны хэрэг ил болсон учраас энэ хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй болгож, цахим орчинд тавих боломжийг нээж өгөөч гэсэн хүсэлтэй өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тавихаар болсон. Эрүүдэн шүүлттэй холбоотой өөр асуудлууд байгаа ч одоогийн хууль, эрх зүйн зохицуулалтаар ил болгож чадахгүй байна. Тиймээс эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцын дагуу эрүүдэн шүүхийн эсрэг хараат бус үндэсний механизм ажиллах ёстой. Хууль зүйн байнгын хороон дээр ХЭҮК-ын Эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн хараат бус гишүүний сонгон шалгаруулалт явж байна. Энэ гишүүн эрүүдэн шүүх, урьдчилсан сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашлаад эрүүдэн шүүлтийн эсрэг хараат бус механизм буюу УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх, үүнтэй төстэй байгууллага бий болгох шаардлагатай.
САЯХАН 2.6 НАСТАЙ ХҮҮХДЭЭ ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРСАН
-Хуулийн төслийг хэлэлцүүлж байх явцад хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар олон асуудал хөндөгдөж байсан. Сүүлийн үед хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх зөрчигдсөн харамсалтай хэргүүд гарч байна. Энэ тухайд?
-Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Бага насны хүүхэд хойд эцэг, төрсөн эцэгтээ хүчирхийлүүлж байна. Тухайлбал, саяхан 2.6 настай хүүхдээ төрсөн эцэг нь хүчирхийлсэн хэрэг дээр би хууль зүйн туслалцаа үзүүлэх тал дээр анхаарч, төрөөс ямар хяналт тавьж байгаа талаар Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд оролцож байна. Хүүхдээ хүчирхийлдэг байсан энэ хэргийг ээж нь мэдсэн даруйдаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж байсан ч удаан хугацаанд хэрэг шийдэгдэхгүй яваад байсан байгаа юм. Эндээс харахад хүүхэд хамгааллын асуудал сайнгүй байна.
Хүүхэд хамгааллын байр, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа орон тооны хүмүүсийг нэмэх шаардлага байна. Мөн хүүхэд хамгаалал, хүчирхийллийн чиглэлээр цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажиллах хэрэгтэй байгаа. Саяхан Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд төрсөн эцэг нь 11 жилийн турш хүчирхийлдэг байсан хэрэг ил боллоо. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг олон жил нуугдмал байдалтай байгаа нь энэ баримтуудаар ил болж байгаа.
Тиймээс хүүхэд хамгааллын тогтолцоог илүү сайжруулах шаардлага байна. Хохирогч удаан хугацаанд дарамтад өртсөн байдаг. Үүнтэй холбоотой сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх мэргэжлийн боловсон хүчин ч үгүйлэгдэж байна. Цаашлаад хүчирхийллийн золиос болсон хүүхдүүдэд төр ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл санааны гэм хохирлыг үнэлж, дэлхийн жишигт нийцүүлэх ёстой.
-Ил болсон нь энэ болохоос хаалганы цаана хүчирхийллийн золиос болж байгаа хүүхэд олон бий. Хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй нь энэ жишээнүүдээр батлагдаж байгаа юм биш үү. Үүнтэй холбоотой Цаазын ялыг сэргээх асуудал ч хөндөгддөг. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Иргэд хүүхдийн хүчирхийллийн хэрэгтэй холбоотой цаазын ялыг сэргээхийг шаарддаг. Гэтэл судалгаанаас харахад хүчирхийлэл ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг байна. Өөрөөр хэлбэл, ураг төрөл, гэр бүлийн хүрээнд ихэвчлэн гардаг гэсэн үг. Тиймээс гэр бүлийн нэр төрөө хамгаалах, эсвэл хүчирхийлэгчийн дарамт шахалтад байдаг учраас хэрэг илэрдэггүй, нуун дардаг байна. Ийм тохиолдолд хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд цаазын ял оноодог болчихвол хэрэг илрэхгүй байх магадлалтай. Цаазын ялтай болбол хэрэг дарагдах аюултай гэсэн үг. Тиймээс цаазын ялнаас илүү урьдчилсан сэргийлэх арга хэмжээ сайн авах хэрэгтэй. Хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх ёстой.
-Дан ганц хүүхдийн эрх гэлтгүй нийгэмд маш харгис, хүний эрхийг ноцтой зөрчсөн хэргүүд их гарах боллоо. Тэр дундаа цэрэгт очсон залуус эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол ч цөөнгүй байна. Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд та үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчний байгууллагад амиа алдсан дарга, удирдагчийн хүнлэг бус харилцааанаас болж эрүүл мэндээрээ хохирсон, амиа хорлосон зэрэг ноцтой хүний эрхийн зөрчлүүд удаа дараа гарч байгаа. 2021 оноос хойш нэг цэрэг амиа хорлосон. Амиа хорлоход нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байхыг үгүйсгэхгүй. Мөн долоо хоногийн өмнө ЗХЖШ-ын 326 дугаар ангийн байлдагч хүнд зодуурын улмаас амиа алдлаа. Үүн дээр ЗХЖШ хариуцлага хүлээх ёстой. Урьдын хэргүүд дээр ихэнхдээ ангийн захирагч, хариуцсан удирдлага нь хариуцлага хүлээж, хохирогчийн ар гэрт нөхөн олговор олгосноор хэрэг хаагддаг байсан. Одоо үүнтэй эвлэрч болохгүй.
Нийтийн дунд цэрэгт явж, дэг үзэх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Ийм зүйл байж болохгүй. Энэ бол хүний эрхийн зөрчил. Үүнийг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж үздэг. Цэрэгт хэдий даргын тушаалаар үйл ажиллагаа явдаг ч амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон асуудал байж болохгүй. Өнөөдөр энэ асуудлаар Хүний эрхийн дэд хороо хуралдаан хийж, ЗХЖШ, Хилийн цэрэг, ХЭҮК, хууль, шүүхийн байгууллагатай хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг явуулна. Цаашлаад шаардлагатай хууль тогтоомжид өөрчлөлт оруулах юм. Мөн соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Эх сурвалж: Ergelt.mn
Сэтгүүлч Б.Бадралмаа