УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх санаачилга гаргаж УИХ-д хүргүүлсэн. Энэхүү нээлттэй сонсголыг хийхийн тулд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах эрх зүйн шаардлага үүсээд буй. Тиймээс уг хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг Засгийн газарт тавьсан юм.
Уг хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, 2021 оны 3-р сарын 31-ны хуралдаанаараа уг хэргийн материалыг төрийн нууцаас гаргаж, шийдвэрлэсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан иргэд олон нийтийн дунд уг хэргийн материалтай хэзээ, яаж танилцах вэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Мөн хэргийн материал алдагдах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байна.
Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хэргийн материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, бусад гадны нөлөөллөөс хамгаалах зохих арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд хэргийн материалтай нээлттэй танилцах, хяналт тавих боломж олгох үүднээс цахим хэлбэрээр нээлттэй байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах хүсэлтийг хүргүүллээ.