УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

"Сайдын мэдээлэл хэлснээр эмч сувилагч нарын сэтгэл санаа нилээн гундуухан, ачаалал ихтэй байгаатай 100% санал нэг байна. Цар тахлын хуулийн 7.2.31 дээр зааснаар ажлаа хийж байхдаа халдвар авсан бол нөхөн төлбөр нэг удаа олгоно гэсэн. Энэ хэрэгжиж байна уу? Засгийн газартаа санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. Эдгээр эрх, боломжуудаа ашиглан санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. 

Цар тахлын үед иргэдийн эм эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангана гэсэн хуулийн заалт бий. Гэтэл дөрөвдүгээр сарын 25-наас эхэлсэн хатуу хөл хорио иргэдийн шилжилт хөдөлгөөнийг цагаар хязгаарласан. Үүний улмаас бусад өвчний тусламж үйлчилгээ авахад хүндрэл тулгарч байгаа гомдол их ирж байна. Үүнд шаардлагатай арга хэмжээ авахад яам ямар санал өгсөн бэ, ямар үндэслэлээр хязгаарлалтыг тогтоосон бэ?

Шинжилгээний хариу 48-60 цаг болж гарч байна гэж иргэд хэлэх болсон. Энэ нь хүнд өвчтэй хүмүүст бэрхшээл үүсгэж байна".

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.