Залуу гишүүдийн төлөөлөл Ц.Мөнхцэцэгийн хувьд энэ парламентэд өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлж, хүний эрхийн чиглэлээр зоригтой дуугарч тодорхой ажлуудыг хийж байна. Тэрээр УИХ-ын гишүүн болоод анх удаа ажлын хэсгийг нь ахалж ажилласан Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы эхэнд амжилттай батлуулснаар Хүний эрхийн хамгаалагчид хуулиараа хамгаалагдах эрхтэй болсон юм.
Тэгвэл дараагийн гурван хууль болох Зохиогчийн эрх, Патент, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж батлуулж чадлаа.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн хувьд анх 1993 онд баталсан бөгөөд нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан 2006 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болгон шинэчлсэн байдаг.
Гэвч цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага бий болоод байсан учраас тус хуулийн шинэчлэн найруулжээ.
Хуулийн төсөлд шинээр компьютер программын зохиогчийн эрхийн заалтыг оруулж программыг өөрөө санаачлан зохиосон, эсхүл албан үүргийн дагуу туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг эдлэх субьектыг хуулиар тодорхойлохоор тусгажээ. Мөн зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа, дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгож өгсөн.
Түүнчлэн хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан тэдний хүртэж болох хэлбэрт шилжүүлэн хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт гээд чухал чухал заалт тус хуульд орсон юм.
Харин Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 141-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу энэ хуулийг шинэчлэн найруулж батлуулсан юм.
Түүнчлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж батлуулсан. Энэ хууль батлагдсанаар аж, ахуй эрхлэгчид зах зээлд шударгаар өрсөлдөх, бараа, барааны тэмдэгтийг хуурамчаар үйлдэхгүй байх зэрэг эрхзүйн орчин бүрдэж байна.
Ийнхүү хаврын ээлжит чуулган эхлээд 2 сар хүрэхгүй хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн ахлан ажилласан дөрвөн хууль батлагдлаа.
Гишүүний хувьд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн энэ хуульд тус салбарын хүний нөөц, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухааны салбар болгон хөгжүүлэхэд анхаарах зэрэг бодлогын шинжтэй зарчмын томоохон асуудлуудыг тусгах шаардлагатай гэсэн байр суурьтай ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: VIP76.mn