Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы /2021.04.29/ хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийг баталлаа.
Тус хуульд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-д өргөн барьсан юм.
Манай улс анх 2003 онд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг батлан мөрдүүлж, улмаар Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ болон нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2010 онд шинэчилсэн найруулсан байдаг.
Гэвч барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх шаардлага үүссэн.
Мөн давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага гарсан байна. Түүнчлэн Оюуны өмчийн тухай хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах шаардлагатай болсон учраас тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөнд олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн доор дурдсан зохицуулалтыг тусгалаа.
Үүнд:
- Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томьёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсон.
- Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгасан.
- Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн.
- Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тэмдгийг 5 жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан.
- Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.
- Газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн.
- Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалтыг нэмж тусгасан.
- Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр зохицуулсан.
Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүд ажлын хэсэгт орж ажиллаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдгийн дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн, УИХ-аар амжилттай батлуулж чадлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг
Хуулийн төслийг ахалж ажилласан Ц.Мөнхцэцэг гишүүн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар
БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ БОЛОН БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦҮҮЛЭН БОЛОВСРОНГУЙ БОЛГОЛОО. ТУХАЙЛБАЛ, БАРААНЫ ТЭМДГИЙН ШҮҮЛТИЙГ ЧАНАРЖУУЛАХ, МАРГААНЫГ ТҮРГЭН ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГООР МЭДҮҮЛГИЙН ШҮҮЛТИЙН ШАТАНД ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭС ЭСЭРГҮҮЦЭЛ ГАРГАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН. МӨН МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ПАРИСЫН КОНВЕНЦ, ХУДАЛДААНД ХАМААРАХ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ НИЙЦҮҮЛЭН БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР БАРААНЫ ТЭМДГИЙГ ТАВАН ЖИЛИЙН ТУРШ АШИГЛААГҮЙ БОЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАЛАА хэмээн онцолсон.
Мөн Оюуны өмчийн тэр дундаа Аж үйлдвэрийн өмчийн нэг төрөл болох барааны тэмдэг нь ихэнх компанийн бизнесийн үнэ бүхий хөрөнгө болдгоос гадна заримынх нь хувьд энэ нь тус компанийн хамгийн өндөр үнэ бүхий хөрөнгө байдаг. Харин зарим иргэдийн хувьд бусад компаны барааны тэмдэгтийг хууль бусаар ашиглах мөн дууриалгаж хэрэглэж, иргэдийг төөрөгдүүлэх үйлдэл гаргадаг. Тэгвэл ийм үйлдэл гаргасан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалт байдаг гэдгийг сануулж байсан.
Дээрх хууль батлагдсанаар барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх явц илүү тодорхой болж улмаар шүүлтийн чанар сайжирч, барааны тэмдэг, газар зүйн заалтын эрхийн хамгаалалттай холбогдон гардаг аливаа зөрчил маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг баталгаажуулах эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах нь эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр болох юм.
Эх сурвалж: VIP76.mn