Ц.Мөнхцэцэг: Бүтээл ашиглах онцгой эрхийг бусдад шилжүүлэх боломжийг бүрдүүллээ

УИХ-аас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 23-нд Оюуны өмчийн тухай хуулийг баталсан. Тус хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжтой уялдуулан Зохиогчийн эрхийн тухай, Патентын тухай хуулийг шинэчлэн найруулахын зэрэгцээ Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэн өнгөрсөн долоо хоногт баталсан. Эдгээр хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

-Зохиогчийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах үндэслэл, шалтгаан юу байв?

-2006 онд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг баталснаас хойш нийгмийн хөгжлийн чиг хандлагад ихээхэн өөрчлөлт гарсан. Техник технологи хөгжихийн хэрээр шинэ бүтээлийн нэр төрөл олширч байна. Мөн тэр хэмжээгээр зохиогчийн эрхийг зөрчих, бүтээлийг илүү хялбар аргаар хувилан олшруулах боломжтой болсон тул эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжоо нийцүүлэх шаардлагатай болсон.

-Албан үүргийн дагуу туурвисан бүтээл, компьютерийн программ гэх мэт зарим онцлогтой бүтээлийн эрхийг ямар байдлаар зохицуулсан бэ?

-Шинэ хуульд албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн программ, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан заасан. Мөн цахим орчин, өргөн нэвтрүүлэг, дуу авиа, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалт, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.

-Зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг хэрхэн тодорхойлсон бэ. Тогтоосон тухайн хугацаа ямар боломж олгож байна вэ?

-Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсвэл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар хуульд тусгасан. Энэхүү зохицуулалт цаашид өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах, эрх тэгш, боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Ямар тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, мөн бүтээлээ бусдад өөрийн хүсэлтээр ашиглуулж болох вэ?

-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай өмнөх хуулиар гэрээний төрөл, зохиогчийн эрхийн бүтээл ашиглалттай холбоотой харилцааг тодорхой зохицуулаагүй байсан. Тэгвэл шинэ хуулиар бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээний үндсэн дээр бүрэн буюу хэсэгчлэн бусад этгээдэд шилжүүлж болохоор зааж өглөө. Ингэхдээ лицензийн болон эрх шилжүүлэх гэрээ, мэдээллийн зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах, хараагүй, сонсголгүй, харааны эсвэл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах, архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах зэрэг гэрээний тодорхой төрлийг нарийвчлан хуулчилсан.

-Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байдаг учраас эзэмшигч, зохиогчид багагүй хохирол учрах асуудал түгээмэл гардаг. Үүнийг шийдвэрлэх ямар зохицуулалтыг шинэ хуульд тусгасан бэ?

-Өмнөх хуульд дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалт тодорхой бус байсан. Шинэ хуулиар уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлүүлэх, эрхийг шилжүүлэх тохиолдолд бүтээлийг нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй байхаар зааж өгсөн. Мөн бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд тухайн бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр тусгасан.

-Хуулийн төсөлд Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулахаар тусгасан байсан. Энэхүү зөвлөл ямар чиг үүрэгтэй байх вэ?

-Зохиогчийн эрхийн зөвлөл зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, чиг үүрэгтэй, орон тооны бус байдлаар ажиллах юм. Энэхүү зөвлөл хамтын удирдлагын байгууллагаас санал болгож байгаа бүтээл ашиглалтын тарифын нөхцөл нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, бүтээлийн хэвийн ашиглалт болон зохиогч, хамаарах эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэж үзвэл бүтээл ашиглалтын тарифыг баталгаажуулахгүй байх эрхтэй.

-Харилцаа холбооны сүлжээнд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Өргөн нэвтрүүлгийн телевиз, олон сувгийн дамжуулагчдад зохиогчийн эрхийн бүтээлийг олон нийтэд түгээхтэй холбоотой зохицуулалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, харилцаа холбооны сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг нэмж тусгасан.

ПАТЕНТЫНХАА ХУРААМЖИЙГ ТӨЛӨӨГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ЭНЭ ТУХАЙ ХЭВЛЭЛД НИЙТЭЛНЭ

-Оюуны өмчийн тухай хуультай нийцүүлэн найруулж, батлах ёстой дараагийн хууль бол Патентын тухай хууль. Шинэчлэн найруулж, баталсан хуулийн төсөлд онцлох ямар зохицуулалт тусгасан бэ?

-Патентын тухай хуулийг мөн адил дэлхийн чиг хандлага болон нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн шинэчилсэн. Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчлэх, мөн шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

-Патент эзэмших эрх яаж үүсэх вэ?

-Эл хуульд патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусдад лицензийн гэрээгээр ашиглуулах, патентын эрх шилжүүлэх, өв залгамжлуулах, патентаар хамгаалагдсан шинэ бүтээл ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг бусад этгээд зөвшөөрөлгүй ашиглахаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг эрхийг патент эзэмшигч эдэлнэ гэж заасан байгаа.

-Патент олгох эсэхийг шийдвэрлэх хугацаа богино байдагт патент хүсэгчид шүүмжлэлтэй ханддаг. Энэхүү хугацааг ямар байдлаар өөрчилсөн бэ. Ямар тохиолдолд патентыг хүчингүй болгох вэ?

-Патент авах эрхгүй этгээдэд патент олгосон, патентын мэдүүлэг гаргахдаа худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, патентын мэдүүлгийн шаардлага хангаагүй шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгосон, патентын шалгуур хангаагүй шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварт патент олгосон, патентаар хамгаалагдахгүй зүйлд патент олгосон тохиолдолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж болно гэж хуулийн 49 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн.

-Патент ашиглах эрхгүй этгээд патент ашигласан, мөн патентынхаа хүчинтэй хугацааны хураамжийг төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

-Патентыг хүчинтэй байлгах эхний таван жилийн хураамжийг патент олгосон өдрөөс хойш зургаан сарын дотор, патентыг хүчинтэй байлгах хугацааны дараагийн жилүүдийн хураамжийг тухайн патентын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө төлнө. Төлөөгүй тохиолдолд дээр дурдсан хугацааны патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бөгөөд энэ хуулийн 41.4-т заасны дагуу хүсэлт гаргаагүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, оюуны өмчийн байгууллага патентыг хүчингүй болгож, энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлнэ гэж оруулсан байгаа.

АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ЗОХИЦУУЛАЛТЫГ НЭМЖ ТУСГАХ ШААРДЛАГА БИЙ

-Дараагийнх нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулийн төсөлд тусгасан зохицуулалтуудаас онцолбол?

-Оюуны өмчийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгах шаардлагатай болсон. Мөн Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагаа өргөжиж байгаатай уялдуулан аж ахуй эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс барааны тэмдэгт тавигддаг шаардлагыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын ковенцод нийцүүлэн аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгохгүй байх зохицуулалтыг хуульд нэмж тусгах шаардлага бий болсон юм. Тиймээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах болон бүртгэхтэй холбоотой зохицуулалтыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болголоо. Тухайлбал, барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн.

-Ямар тохиолдолд барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах, мөн хүчингүй болгох вэ?

-Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг хуульд нэмж тусгасан. Харин Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол хүчингүй болгох тухай зохицуулалтыг тусгасан.

-Барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгэсний дараа маргаан гарахаас урьдчилан сэргийлсэн ямар зохицуулалт байна вэ?

-Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан мэдүүлгийг хэвлэдэг болсон. Түүнчлэн гуравдагч этгээд мэдүүлгийн шүүлтийн шатанд эсэргүүцэл гаргах боломж бүрдсэн тул үүнийг хуульд тусган зохицуулснаар шүүлтийн чанар сайжирч, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж:  Сэтгүүлч С.Юмсүрэн