Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон нийслэлийн 9 дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд нийслэлийн удирдлагуудтай санал солилцож, зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, мэдээлэл сонсов.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ удаагийн Парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн харин одоо хэрэгжүүлэх асуудал Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой" гэлээ. Мөн 2019 онд Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өмчийн эрх зүйн зөв суурийг тавьсан.
Тодруулбал “59,2-р зүйлд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасан. Энэ заалтыг амилуулах хэрэгтэйг илтгэлдээ онцолсон юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд хуваагдахгүйгээр хүчээ нэгтэн нийслэл хотод таван “Т”-г арилгая хэмээлээ. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэслэе хэмээн уриалсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцууллаа. УИХ-ы гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт, асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирэх долоо хоногт яамдуудаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар технологийн дэвшил ашиглан иргэд олон нийтийг мэдээллээр хангах шаардлага байгааг, УИХ-ын гишүүн П.Анужин ирэх намраас ЕБС-ийн сурагчдыг Үдийн хоолоор хангах хууль хэрэгжиж эхлэхэд шаардлагатай төсвийг нийслэлээс шийдэх гарц байгаа эсэх, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нийслэлийн иргэд яаралтай түргэн тусламж авч чадахгүй байгаа талаар зэрэг саналууд хэллээ.
Хотын дарга ирэх жилүүдэд хийх ажлаа нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, санал солилцон, зөвлөлдөх уулзалт хийж байгаа нь анх удаа юм байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/