Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга ноён Фулвио Мартучиллотой цахим уулзалт хийлээ.
Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн даргаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгт баяр хүргэж, парламент хоорондын ээлжит уулзалтыг зохион байгуулах болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хоёр талаас үргэлжлүүлэн ажиллах болно гэдгийг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв.
Европын өдөр буюу Европын энх тайван, эв нэгдлийн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын баярын захидлыг Европын Парламентын Ерөнхийлөгч ноён Дэвид Сассолид дамжуулж өгөхийг Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг уулзалтын эхэнд хүсэв. Тэрбээр, Монгол Улс Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах харилцааг өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд парламент хоорондын түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажилладаг гэлээ.
Түүнчлэн, 2019 онд Монгол Улс, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байсныг дурдаж, Европын холбооны зүгээс Монгол Улстай байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болохыг нотлов. Мөн Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хамтарсан хороо жил бүр хуралдаж, хамтын ажиллагааны механизмын хүрээнд Хөгжлийн ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын урт хугацааны зорилго бол Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцах харилцаагаа өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх замаар соёл, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд оршино гэв.
Уулзалтад Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Траян Христеа, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Оч болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эх сурвалж: http://www.parliament.mn/