Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаан боллоо. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусган боловсруулсан байна.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмж тусгасан байна. Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.
Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.
Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан гэв.
Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйн мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан гэлээ. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ хуульч нь нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.
2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа аж.
Хуулийн төсөлд тусгасны дагуу хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх, шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Хуульчдын холбоог оновчтой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр н ны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зевлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байх, харин хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулах юм байна. Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөлллийг Хуульчдын холбоо, харин емгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулах юм байна.
Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл бүхий 25 гишүүний, Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их Хурлаас сонгох бөгөөд Удирдах эөвлөлийн болон Хяналтын хорооний гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулахаар тусгалаа.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбооны Их Хурал хоёр жил тутамд хуралдах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн хоёр жил, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг гурван жилээр тус тус тогтоосон нь холбооны бодлого, журмын хэрэгжилт үр нөлөөтэй, тогтвортой, уялдаа холбоотой хэрэгжих боломж муу, гишүүдийн cap тутам төлдөг хураамж дээр үндэслэдэг холбооны хөрөнгийг үргүй зарцуулах нөхцөлийг бий болгож байсныг өөрчилж, Хуульчдын холбооны Их Хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тус бүр дөрвөн жил байхаар тусгасан байна.
Хуульчдын холбооны үйл ажиллагаа нь утга учиртай, ач холбогдолтой, үр дүнтэй байх ёстой, тиймээс эрх зүйн орчин,баримтлах бодлогыг нь зөв тодорхойлох нь зүйтэй гэв. Хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэл рүү Хуульчдын холбоо оролцох шаардлагагүй, төслийн 6 бүлэг тэргүүтэй зарим зүйл, заалтыг бүхэлд нь хасах нь ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд хэллээ. Төслийн хамрах хүрээг хязгаарлах, Хуульчдын холбооны үйл ажиллагааг маш тодорхой, цомхон, оновчтой байдлаар томьёолох нь зүйтэй, эс бөгөөс хуульч болох гэсэн хүмүүсийн заавал дамжин өнгөрөх ёстой “дунд шатны коридор” болгоод, үүнийгээ салаатай болгож байгаа нь буруу гэв.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Эх сурвалж: http://www.parliament.mn/