Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы /2021.04.29/ хуралдаанаар Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан юм.
Манай улс анх Патентын тухай бие даасан хуулийг 1993 онд аж үйлдвэрийн өмчийн үндсэн обьект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүртгэх, патент болон гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, тэдгээрийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор баталсан байдаг.
Тус хуульд 1996, 1999 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд шинэчлэн найруулсан байна.
Туунчлэн 2020 онд батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийг дагаж мөрдөх явцад, хуулиуд хооронд зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентийн тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн шинэчлэх шаардлага гарсан учраас ийнхүү дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан юм.
Иргэдийн дунд техник, технологийн өндөр хөгжлийг дагаад шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын шийдлээ хамгаалуулах, ашиглах сонирхол хурдацтай өсөж байна. Түүнчлэн шинийг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэхээс гадна гадаадын зах зээлд гаргах, бизнесээ өргөжүүлэх асуудлыг ихээхэн анхаарах болжээ.
Улсын хэмжээнд патентын мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд мэдүүлгийн ихэнх нь патент, гэрчилгээ олгох шалгуурыг хангаж байна. Тухайлбал, 2010-2019 онд шинэ бүтээлийн 2111 мэдүүлгийн 70%, бүтээгдэхүүний загварын 2974 мэдүүлгийн 94%-д патент олгохоор, ашигтай загварын 1797 мэдүүлгийн 75%-д нь гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Монгол Улс патентын бие даасан хуультай хэдий ч хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг зохицуулалтгүй орхигдуулсан, хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилтэй, түүнчлэн патент, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсад тогтсон практикт нийцээгүй зэрэг асуудалтай байна.
Тухайлбал, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар гэсэн тус тусын онцлог бүхий бүтээлүүдийн ялгааг үл харгалзан хуульд нэг стандартаар зохицуулсан, мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийхтэй холбоотой зохицуулалт олон улсын практикт нийцтэй бус, түүнчлэн патентыг албадан Лицензээр ашиглах асуудал тодорхой бус, оюуны бүтээл бүтээгчдийг дэмжсэн санхүүгийн дэмжлэг, татвар, хураамжийн хөнгөлөлтийн бодлого байхгүй, патенттай холбоотой олон улсын мэдүүлэг гаргах, хүлээн авах зохицуулалт нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрт заасан стандарт, шаардлагыг хангахгүй байсан юм.
Түүнчлэн Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх комисст ирсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээний талаарх өргөдлийн 80%-ийг “шинэ, тухайн үеийн түвшингээс давуутай”, “нийтэд илэрхий болсон, нэвтэрч ашиглагдсан, Хэвлэн нийтлэгдсэн” гэсэн нэр томьёоны ойлголтуудтай холбоотой маргаан эзэлж байгаа” тул нэр томьёоны тодорхойлолтыг сайжруулах шаардлагатай болсон. Харин дээрх асуудал Патентын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шийдэгдлээ.
9 бүлэгтэй тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд:
- шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заасан байна.
- “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллагааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгажээ.
- Патент олгох болон патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бий болгож өгсөн.
- Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашиггай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.
- Түүнчлэн патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтуудыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан юм.
Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн давуу талыг Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл онцлохдоо:
"ПАТЕНТЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР АШИГТАЙ ЗАГВАРТ ПАТЕНТ ОЛГОДОГ БОЛСОН. МӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХ АВАХ ҮЙЛ ЯВЦ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ, ХУГАЦАА ИХ ОРДОГ. ПАТЕНТЫН ХУВЬД 9 САР БАЙСАН ХАРИН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААР 31 САР БОЛГОЖ СУНГАСАН. ЭНЭ НЬ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД /ПХАГ/ ХУГАЦАА МАШ УРТ БАЙДАГ, ҮҮНТЭЙ НИЙЦҮҮЛЭХ ШААРДЛАГА ГАРСАН УЧРААС ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН. ЭХНИЙ ЭЭЛЖИНД ШҮҮМЖЛЭГДЭЖ МАГАДГҮЙ ГЭХДЭЭ ХУГАЦАА НЭМЭГДСЭНЭЭР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИД БОЛОМЖ ОЛГОСОН ЗҮЙЛҮҮД ОРСОН.ТОДРУУЛБАЛ, ЭНЭ ХУГАЦААНД МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ НАР НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХАЙЛТААР ТӨСӨӨТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН ИЛРЭЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА ҮҮССЭН ТОХИОЛДОЛД ҮҮНИЙГ ЗАСАХ БОЛОМЖТОЙ БОЛСОНООС ГАДНА ПАТЕНТ ОЛГОХ ТАЛААР ХОЁР ТАЛААСАА АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН. ӨМНӨ НЬ НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХГҮЙ УЧРААС ИРГЭД ПАТЕНТ АВАХ ЭРХЭЭ АЛДДАГ БАЙСАН БОЛ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨӨР ИРГЭДЭД ПАТЕНТ АВАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ НАРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ТУСГАЖ ӨГСНӨӨРӨӨ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛЛОО" ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛЛЭЭ.
Дээрх хуулийн төслийг батлуулахад ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд идэвхи, санаачлагатай ажилласан юм.
Патентын хууль батлагдсанаар өнөөгийн практикт гарч буй эрсдэл буурч, хууль нэг мөр хэрэгжих баталгаа хангагдана. Түүнчлэн энэ чиглэлээр төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал, хариуцлага сайжирч, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах, түүнд шүүлт хийх ажиллагаа илүү тодорхой болсноор мэдүүлэг гаргагчид учирдаг чирэгдэл багасна.
Мөн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар нь патент, гэрчилгээ эзэмшигчийн амьжиргааны хэрэгсэл болж, эрх нь хамгаалагдсан бүтээлээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зэргээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдлээ гэж ажлын хэсгийнхэн онцолсон юм.
Эх сурвалж: vip76.mn