“Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсвийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 9 цаг 40 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж,  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 114 дүгээр зүйлийн 114.5-д “Нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэн тогтоол батална” гэж заасны дагуу “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Байнгын хорооны даргын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Сүхбаатар гишүүн, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхээ хангуулах шаардлагыг Засгийн газарт тавьж буйг сануулаад, төсөлд энэ талаарх тодорхой зохицуулалтыг тусгах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, дээрх тогтоолын төсөлд хүний эрхийн зөрчлийн талаар, эрүүл мэндийн асуудал, үнийн өсөлтийн талаар болон амьд явах эрхийг хангахтай холбоотой маш тодорхой, товч хэлбэрээр боловсруулах саналыг хэлж байлаа.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ, КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ, ТЭР ТУСМАА ОРОН НУТГИЙН УДИРДЛАГА, ТӨР ЗАСГИЙН ЗҮГЭЭС ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ХОРИГЛОХ, ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАХ САНАЛЫГ ХЭЛЛЭЭ. МӨН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛД НЭМЭГДҮҮЛЭХ ӨРГӨН ХҮРЭЭНИЙ, ТОДОРХОЙ ЗОХИЦУУЛАЛТЫГ ТӨСӨЛД ТУСГАХ САНАЛ ГАРГАСАН. ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЗАРЧМЫН ХУВЬД ДЭМЖИЖ БАЙГААГАА Б.ЭНХБАЯР ГИШҮҮН ИЛЭРХИЙЛЛЭЭ.

Үүний зэрэгцээ Улсын онцгой комисс хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа ХЭҮК-ын төлөөллийг заавал оролцуулдаг байх, тус Комиссын саналыг нь хүлээн авдаг байхыг үүрэгжүүлэх заалтыг төсөлд тусгах саналыг хэлсэн. Мөн баривчлах, саатуулах байранд саатуулагдаж байгаа иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг нь хангахыг үүрэг болгосон тодорхой заалт тусгах санал хэлж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан хүний баталгаатай эдлэх ёстой үндсэн 18 эрх, эрх чөлөөг хангахад бүх түвшинд онцгой анхаарч ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, гишүүдийн гаргасан саналуудыг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

 

Ингээд хэлэлцүүлгийн үеэр тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн гаргасан саналуудыг төсөлд тусган, Улсын Их Хуралд танилцуулж, батлуулах томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжснээр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: http://www.parliament.mn/