УИХ-ын эмэгтэй гишүүд УОК, Засгийн газарт баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа

УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр /2021.07.01/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Тэд, дэлхий нийтэд корона вирусын нөхцөл байдал хүнд байна. Өнөөдрийн байдлаар нийт 180 сая иргэн халдвар авч, 3.9 сая иргэн амь насаа алдлаа. Дэлхийн 225 улсад коронавирусийн халдвар цар тахлын түвшинд хүрсэн.

Манай улсад 117.963 иргэн халдвар авсан байна. Нийт 79206 хүн эдгэрч, харамсалтай нь 578 иргэн нас барлаа.

Дэлхий нийтийг харж байхад коронавирусын нөхцөл байдал ойрын үед сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Үүнтэй холбогдуулж, УИХ-ын эмэгтэй гишүүд хэд хэдэн санал санаалчилга гаргаад байна. Тухайлбал, Улсын баяр наадмыг хойшлуулах саналыг УОК, Засгийн газарт гаргасан. Уг саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээн авч судлахаар болжээ. Баяр наадмаас илүү хүний амь нас, эрүүл мэнд чухал. Цар тахалтай тэмцэж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх сан байгуулах санаачилга гаргажээ. 

Мөн эмэгтэй гишүүд Коронавирусний халдварын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Хэдийгээр иргэд ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг эртнээс хүлээж байсан ч цар тахлын нөхцөл байдал дээрдэхгүй байна. Иргэдийн зүгээс хурдан морины унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг шаардаж байна. Наадам зохион байгуулснаар халдвар улам бүр тархах аюултайг ч онцолж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байхад наадам хийх нь оновчгүй гэж шүүмжилж байгаа юм. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал нэн чухал. Тиймээс эмэгтэй гишүүдийн зүгээс 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулаач гэдэг саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Нааштай шийднэ гэж найдаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.

Өнөөдрийн байдлаар Дэлхийд 4 сая иргэн ковидын халдвараар амь насаа алдаад байна. УИХ дахь эмэгтэй гишүүд ковидын халдвар авч, төрөхийн улмаас ээж нь амь насаа алдсан ар гэрт туслах аяныг зохион байгуулсан. Үүнээс үүдэн ковидоор өнчирсөн хүүхдүүдийг насанд хүртэл нь тусламж үзүүлэх тусгай санг бий болгохоор ажиллаж байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэллээ. Үүнд эмэгтэй гишүүд нэгдэж, сарынхаа цалинг хандивласан байна.  

Эх сурвалж: vip76.mn