УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
“Коронавируст цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын боловсролын систем зогсонги байдалд орж, хүнд сорилтууд тулгараад буй. Иймд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөг улс орон даяар хэрэгжүүлэх шаардлага бий болсныг Ц.Мөнхцэцэг гишүүн мэндчилгээндээ онцоллоо.
Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын салбарын нийт багш, ажилтнууд, эрдэмтэн мэргэд, улс орны гэрэл гэгээ болсон хүүхэд багачууд, оюутан сурагч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Боловсрол нь хүн бүрийн насан туршийн амьдралыг шийдэгч чухал зүйл, нийгэм дэх анги давхаргын ялгаа, тэгш бус байдлыг арилгагч гол түлхүүр учраас хүн бүрт чанартай боловсролыг олгох нь төрийн үүрэг юм.
Ийм учраас миний бие УИХ-ын гишүүн болохдоо тэгш, хүртээмжтэй боловсролыг бий болгох шинэчлэл хийх зорилго тавьсан билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Боловсролын гол хуулиуд дээр ажиллаж, сонгогдсон тойргоос эхлэн боловсролын цахим шилжилтийг эхлүүлж хүүхэд бүрт чанартай, тэгш хүртээмжтэй боловсрол олгох ажлуудыг хийж эхлээд байна.
КОВИД-19 цар тахлаас болж сургуулиуд хаагдсан нь дэлхий дээрх сурагчдын 90 гаруй хувьд нөлөөлсөн бөгөөд боловсролын салбарын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй хоцрогдол, бэрхшээлийг авчирсан билээ.
Ийм хүнд нөхцөлд Монгол Улсын бүх шатны сургалтын байгууллагууд үүд хаалгаа дахин нээж, оюутан сурагчдаа хүлээн авч байгаад төрийн түшээгийн хувьд төдийгүй гурван хүүхэдтэй ээжийн хувьд ихэд баяртай байна.
Энэ хичээлийн жилд багш, сурагч, эцэг эхчүүд, төр засгийн зүгээс хамтдаа зүтгэн, цар тахлын дэглэмээ баримталж, боловсролын хоцрогдлоо арилгаж, дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Эх сурвалж: vip76.mn