Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, 2021 онд хийсэн ажлын тайлан болон 2022 онд хийх ажлуудаа төлөвлөв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн Дэд дарга Ц.Мөнхцэцэг оролцсон юм. Тэрбээр Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.
Хуралдааны үеэр хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнесийн харилцааг тэлэх талаар харилцан санал солилцлоо. Тодруулбал, талууд цаашид хоёр орны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийнхний харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүрээнд хамтран ажиллахаар болов.
Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Евро-Хаан ХХК-ийн захирал Оливер Шнорр цар тахлын хүнд нөхцөлд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа дэмжих, ажлын байрыг хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, авилгын индексийг бууруулах тухайд онцгой чармайлт гарган ажиллаж байгааг онцлон дурьдав.
Мөн ирэх 2022 онд тохиох Герман-Монголын хооронд уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан энэ салбарт хоёр талын харилцааг эрчимжүүлэх ажлууд хийж байгаагаа хэлэв.
Карлсруэ, Кёльн хотуудын худалдааны танхимтай хамтран ажиллаж, тус хотуудын бизнесийн салбарынхныг Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулах, харилцаа холбоо тогтоох ажлуудыг эхлүүлээд байгааг ноён Оливер Шнорр мэдэгдлээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ болон Европын зах зээлд гаргахад гол саад бэрхшээл болж буй Евростандартыг нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийг шинэчлэх тухайд парламентын гишүүний хувьд анхааран ажиллахаа илэрхийлэв.
Мөн тэрбээр УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн даргын хувьд ХБНГУ-ын дугуй, хөлбөмбөг зэрэг спортын холбоод, спортын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах санал тавьж, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо тодорхой ажлууд хийхээр болов. Өнөөдрийн уулзалтын хүрээнд Монголын жижиг дунд үйлдвэрийнхэн, гарааны бизнес эрхлэгчдийг ХБНГУ-ын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, Германд түншлэгч байгууллагуудтай холбох зэрэг бодитой ажлуудыг хийхээр боллоо.