УИХ-ын гишүүн Цэрэнжамцын Мөнхцэцэг тэгш боломж, шударга нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд хаана төрөхөөс үл хамаарч боловсролыг тэгш хүртээмжтэй авдаг болгоход онцгойлон анхаарч ажиллаж буй. Иймдээ ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр хэдэн хэдэн чухал ажлуудыг санаачилж ажилласан.
Үүнийхээ хүрээнд тэрээр Европарламентын гишүүн Норберт Нойзерын хөгжиж буй улсуудын хүүхдийн хөлбөмбөгийн дэмжлэг болох “KICK FOR HELP” төслийг санаачилж, Сүхбаатар дүүргийнхээ сургуулиудад хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд Ерөнхий боловсролын 2 болон 16 дугаар сургуулиудын хөлбөмбөгийн багийн бяцхан тамирчдад өмсгөл, бөмбөг гардууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Хүүхдийн эрүүл чийрэг бие бялдарыг хөгжүүлэх, нийгэмд зөв төлөвшилтэй иргэн болоход нь спортын арга хэмжээ маш чухал ач холбогдолтой.
Хүүхэд бүрийг спортоор хичээллэхийг дэмжих нь их чухал. Заавал мэргэжлийн тамирчин болох албагүй ч хүүхэд спортоор хичээллэснээр тэсвэр хатуужилтай, багаар ажиллах чадвартай, аливаад тууштай хүн болж төлөвшдөг. Тийм учраас дэлхийн улс орнуудын ЕБС-иудад биеийн тамирын хичээлд их ач холбогдол өгч, спортын дугуйлан секцэнд хүүхэд бүрийг хамруулж, эцэг эхчүүд нь ч их дэмждэг.
Тийм учраас миний бие Европын холбоонд хүсэлт тавьсны үндсэн дээр Европын холбооноос хэрэгжүүлдэг хөгжиж буй улс орнуудын өсвөрийн хөлбөмбөгийг дэмждэг “Kick for help” төсөл Сүхбаатар дүүргийн 2 болон 16 дугаар сургуулиудад хэрэгжиж эхлээд байна. Төслийн хүрээнд дээрх хоёр сургуулийн хөлбөмбөгийн клуб болон хүүхдийн сургалтыг дэмжиж ажиллах юм.
Цар тахлын нөхцөл байдал намжихаар багш нарыг ХБНГУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаас гадна Герман улсаас багш нар ирж хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар болсон гэдгийг хэлэхэд таатай байна.
Мөн УИХ дахь Биеийн тамир, спортын бүлгийн даргын хувьд Монголын өсвөр үеийнхний бие бялдарын хөгжлийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг монгол хүн бэлтгэхэд анхаарч, хүүхдийн хөлбөмбөг, хөнгөн атлетик, дугуйн спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа.
Л.Цэнгэлмаа: Манай сургууль “Kick for help” төсөлд хамрагдаж байгаадаа баяртай байна
Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Л.Цэнгэлмаа:
Цар тахлын улмаас спортын дугуйлан, секцийн үйл ажиллагаа тасалдаад байсан. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн тусламжтайгаар манай сургуулийн хүүхдүүд Герман улсын “Kick for help” төсөлд хамрагдаж байгаадаа баяртай байна. Цаашлаад төслийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлэх, багш дасгалжуулагч нараа суралцуулах, сурагчдынхаа урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах болно. Энэ ажлыг санаачилж, ажил хэрэг болгон ажиллаж байгаа эрхэм гишүүндээ талархаж буйгаа илэрхийлье.
Н.Батцэнгэл: Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна
Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн багш, дасгалжуулагч Н.Батцэнгэл:
Цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд танхимаар хичээллээгүй хүүхдүүдыг маань дэмжиж, спортоор хичээллэх боломж олгож буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг болон төслийн хамт олонд маш их талархаж байна. Мөн Герман улсын энэ том байгууллагатай хамтарч ажиллах болсондоо баяртай байгаа. Цаашдаа бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, амжилт гаргана гэдэгтээ бид бүрэн итгэлтэй байна. Сурагч хүүхдүүдийн маань эцэг эхчүүд мөн баярлаж талархсанаа илэрхийлсэн гэдгийг энэ дашрамд уламжлья.