УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэргүүтэй төлөөлөгчид нийслэлд тавигдаж буй дугуйн замуудын стандарт, тохижилтийн ажлуудтай танилцлаа

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хамгийн эрсдэл багатай унаа, нийтийн тээврийн нэг бол дугуй юм. Иймдээ ч Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлэхээр тусгасан.

Уг ажлын хэрэгжилттэй УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг болон бүлгийн гишүүд, Монголын дугуйн холбооны удирдлагууд танилцаж, цаашид анхаарах замын стандарт, тохижилтын асуудлыг ярилцлаа.

Энэ үеэр талууд нийслэлийн замын түгжрэлийг бууруулах нэг чухал шийдэл бол дугуйгаар зорчих иргэдийг дэмжих, дугуйн замыг стандартын дагуу барьж байгуулах явдал хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн дугуйн спортыг бүх талаар хөгжүүлэх нь Монголын биеийн тамир, спортын хөгжил, хүн амын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал ач холбогдолтой юм.