Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болж байгаа юм.
Номын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хүүхдийн номын зохиолчид, хэвлэгч, дизайнеруудтай уулзалт хийлээ. Уулзалтад МЗЭ-ийн гишүүн, хүүхдийн номын зохиолч Г.Ганболд, хөгжмийн зохиолч О.Сундуй, МУИС-ийн багш Д.Батжаргал, Тольт бүрэн дунд сургуулийн зөвлөх багш н.Энхтуяа, Монгени цогцолбор сургуулийн номын санч Х.Солонго нар оролцсон юм.
Хүүхдийн номын тухайд сүүлийн жилүүдэд тэдний нас, сэтгэлгээний цар хүрээнээс ахисан “хүүхдийн” хэмээн тодотгохоор ном олширсон талаар экспертүүд хэлж буй. Өөрөөр хэлбэл, хүүхдийн номонд тохиромжгүй, ойлгомжгүй, нуршуу үг хэллэгүүдийг хэрэглэдэг болсон байна. “Уран зохиолын хичээлийг ЕБС-ийн боловсролын системээс хассан тэр үеэс уг доголдол үүссэн. Хүүхдийн уран зохиолд үүссэн энэ байдалд төрөөс тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй. Нэгдсэн хяналт, мэргэжлийн редактор хэрэгтэй” хэмээн уулзалтад оролцогчид онцоллоо.
Мөн хэт эрээн мяраан зураг ихтэй байгаа тул хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэвлэх хэрэгтэй бөгөөд уламжлалаа хадгалж өнөөгийн шатанд авчрах ёстой гэсэн юм.
МУИС-ийн багш Д.Батжаргал “Миний хувьд хүүхдийн 30 гаруй ном, зохиол хэвлүүлсэн. Төрөөс бодлогоор хүүхдийн зохиолчдыг дэмжих, заавал унших номын жагсаалтыг батлах хэрэгтэй. Сүүлийн үед ажиглаад байхад хүүхдийн зохиолын үгийн сонголт, хэл бичгийн дүрэм их муу болсон байна. Бүдэрсэн, орооцолдсон үг, өгүүлбэр ихтэй.
Мөн хүүхдийн зохиолчид номоо ойролцоогоор 300-500 ширхэг л хэвлүүлдэг. Цаана нь ном уншихыг хүссэн олон мянган хүүхэд үлдэж байна. Хүн уншихаа больвол сэтгэхээ болино. Иймд хүүхдийн зохиолын номыг ядаж 30-50 мянган ширхэг хэвлэх хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: TOIM.MN