УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан явагдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байгаа юм.
Уг ажлын хэсэг хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпын түвшинд хүргэх үндсэн зорилготой ажилладаг.
Энэ удаагийн хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг хэлэлцэж байгаа юм. Тухайлбал, үндэсний шигшээ багийн төрөл жил бүр нэмэгдэж, төсвийн санхүүжилт ч тэр хэрээр өсч байгаа юм. 2012 онд төсвийн санхүүжилт 3.4 тэрбум байсан бол 2017-2020 онд 21.4 тэрбум болж өсчээ.
Төсөв ийн нэмэгдэж байгаа ч шигшээ багийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тамирчдын залуу халааг бэлдэх асуудалд анхаарах, ЕБС-иудаас эхлээд хүүхэд, өсвөр үеийг бэлтгэх, биеийн тамирын боловсролын агуулга, хөтөлбөрийг сайжруулахгүй бол зарим спортын төрлүүд уналтын байдалд байгаа талаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Мөн Биеийн тамир, спортын салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсвийн үр ашигтай хуваарилалт, хөрөнгө оруулалт дутагдсаар ирснийг салбарынхан хэлж байна. Тухайлбал, батлагдсан төсвийн дийлэнх хувийг тамирчдыг бэлтгэх, тэмцээн уралдаанд зарцуулдаг бөгөөд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээнд хүрэлцдэггүйг уламжилжээ.
Энэ үеэр МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй Өөжинмед эмнэлгийн газрын маргаантай асуудлаар тайлбар өглөө.
Эх сурвалж: toimnews.mn