2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэглэмийн хүрээнд Төрийн ордны үйл ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай байгааг зогсоож, мэдээллийг ил тод болгохыг шаардаж буй юм.
Уг асуудалд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Парламентын сэтгүүлчид цар тахлын дэглэм нэрээр хоёр жилийн турш төрийн ордонд мэдээлэл, сурвалжлага бэлтгэх сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаж байгааг эсэргүүцэж байр сууриа илэрхийлснийг дэмжиж байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд “…мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө”-г зааж өгснийг Монгол Улс нэгдэн орсон улсын хувьд дагах ёстой.
Мөн Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 19 дүгээр зүйлд: “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэж заасан.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59 дүгээр тогтоолд “Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд…НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн” гэсэн байдаг.
Олон улсын хүний эрхийн эдгээр гэрээ, баримт бичгүүдэд заасны дагуу Монголын төр мэдээллийн эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах ёстой юм.
Монгол Улсын төр мэдээлэл авах эрх чөлөөг хязгаарлахгүй байх ёстой. Төрийн ордон сэтгүүлчдэд төдийгүй бусад орны парламентууд шиг олон нийтэд нээлттэй байх нь зөв” хэмээсэн юм.
Эх сурвалж: toimnews.mn