УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй намрын чуулган тойрсон болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НАМУУД ХЭСЭГ БҮЛГИЙН ЭРХ АШГИЙГ ИЛЭРХИЙЛЖ, ХАЛААСНЫ ГЭЖ ХЭЛЭГДЭХ НАМУУД ХҮРТЭЛ БИЙ БОЛСОН-
-Намрын чуулган эхэллээ. Гишүүд энэ зун амраад авах шиг боллоо. Таны хувьд чуулганы завсарлагааныг ямар үр бүтээлтэй өнгөрүүлсэн бэ?
-Чуулган завсарласан хугацаанд тойрогтоо ажиллаж, хэрэгжүүлж буй төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтуудад хяналт тавилаа. Мөн намрын чуулганаар хэлэлцэх хоёр хуулийн төсөл ахалж байна. Хуулийн холбогдох судалгаа, ажлуудаа хийгээд ер нь бол амраагүй. Миний ахалж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг, мөн Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал зөвлөмж боловсруулах ажлын хэсэг найм, есдүгээр сард бүтэн ажиллалаа. Мөн Боловсролын тухай багц хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Би Судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийн багийг ахалж байна. Мөн Боловсролын ерөнхий хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Нэлээд их ажилтай байлаа.
-Хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай хуулийн төслийн гол ач холбогдлыг товч дурдвал?
-Монголын ардчиллын 30 жилийн үйл явцыг эргэж харахад хамгийн шинэчлэл хийгдээгүй, эрх зүйн зохицуулалт нь хоцрогдсон салбар бол улс төрийн намын зохицуулалт. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу батлагдан гарах ёстой төрийн тогтолцооны том хуулиудын нэг нь Улс төрийн намын тухай хууль. Намын тогтолцоо хуучин хэвээрээ, улс төрийн намууд бодлогын нам болж төлөвшиж чадаагүй, зарим намууд хэсэг бүлэг хүний эрх ашгийг илэрхийлдэг, тэр байтугай халаасны гэж хэлэгдэх намууд бий болсон.
Иргэдийн зүгээс намд итгэх итгэл доогуур байна. Эрх мэдэлд очих гэсэн цөөхөн хүмүүсийн бүлэг гэх мэт төсөөлөл түгээмэл болсон. Гэтэл ардчиллын нөхцөлд улс төрийн бодлого боловсруулах гол институци бол улс төрийн нам байдаг. Нам бол нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой. Тиймээс намд тавих төрийн хяналт хариуцлага өндөр байдаг. Тодорхой хэмжээнд намын үйл ажиллагаанд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, нам эргээд ард түмнийхээ өмнө үүрэг хүлээдэг байх ёстой. Тиймээс энэ удаагийн УИХ Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлал бол улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод болгох замаар улс төр дэх хөрөнгө мөнгө, бизнесийн бүлгүүдийн нөлөөг хязгаарлах, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, дотоод ардчилалтай, бодлогын намыг төлөвшүүлэх явдал юм.
-Намрын чуулганаар өөр онцлох ямар хуулиуд хэлэлцэх вэ?
-Намрын чуулганаар тогтолцооны томоохон өөрчлөлт хийхээр хуулиуд орж ирж байна. Боловсролын багц хууль буюу Монгол Улсын боловсролын бүх шатыг хамарсан томоохон хуулиудыг хэлэлцэнэ. Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын тухай хууль, Боловсролын тухай ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн тухай хууль гээд зургаан багц хууль хэлэлцэнэ. Үндсэндээ 30 жилийн хугацаан дахь боловсролын тогтолцоог эргэн харж, томоохон реформ хийх хуулиуд юм. Мөн цахим шилжилтийг дагасан гурван ч хуулийн төсөл гэх мэт 70-аад хууль хэлэлцэнэ.
-ТӨРИЙН ОРДОН СЭТГҮҮЛЧДЭЭС ГАДНА ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БАЙМААР БАЙНА-
-Намрын чуулганаар маш олон хууль хэлэлцэх нь. Гэтэл иргэд хийгээд сэтгүүлчид хуулийн төслийг унших гэхээр байдаггүй. Гэнэт л чуулганаар оруулж ирээд хэлэлцээд батлуулдаг. Иргэд хуулийн төслийг хаанаас олж унших боломжтой вэ. Саналаа өгөх боломж хэр байна?
-Энэ удаагийн УИХ нээлттэй байх үүднээс нэг дэвшил гарсан. Энэ нь өргөн мэдүүлж буй бүх хуулийн төслийг өргөн барихаас эхлээд батлагдах хүртэл бүх шатанд нь lawmaker.mn, lawforum.mn гэсэн хоёр сайтаар дамжуулан олон нийтэд ил болгосон. Энэ сайт руу ороод өргөн барьсан хуулийн төслүүдэд саналаа өгөөд, харах боломжтой.
-Сэтгүүлчид төрийн ордонд ажиллах эрх нь хязгаарлагдаад бараг хоёр жил болсон. Та харин сэтгүүлчдийн эсэргүүцлийг дэмжиж байгаа юм билээ?
-УИХ-ын үйл ажиллагааг цар тахлын дэглэм гэдгээр шалтаглан сэтгүүлчдэд хаалттай болгосон. Сэтгүүлчдийн мэдээлэл хайх, чөлөөтэй авах боломж хязгаарлагдсан. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцууд, тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлд хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсвэл хэвлэлийн болон уран сайхны аргаар, эсвэл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, түгээх эрх чөлөө багтана гэж заасан. Олон нийтийн мэдэх эрхийг хангадаг хүмүүс нь сэтгүүлчид. Тиймээс УИХ-ын болон бусад яамдын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн эрхийг хязгаарлаж болохгүй. Мэдээллийн эрх чөлөө гэдэг бол хүний язгуур эрх чөлөө. Тиймээс цар тахлын нөхцөл байгаа ч сэтгүүлчдийн мэдээллийг олон нийтэд хүргэх эрхийг хүндэтгэх ёстой.
Төрийн ордон сэтгүүлчдэд нээлттэй байгаад зогсохгүй иргэдэд нээлттэй баймаар байна. Дэлхийн ихэнх улс орны парламентын ордонд иргэд нь аялаад, үзээд явж байдаг. Манайд маш хязгаарлагдмал. Чуулганы хуралдааныг хэдхэн минут үзээд, хоол идээд гардаг юм билээ. Түүнээс ч нээлттэй болгох ёстой юм.
-Төрийн ордонд сэтгүүлчид УИХ-ын гишүүдээс яриа авах хүсэлт их тавьдаг, өрөөнд нь очдог гэх зэрэг асуудлаас үүдэж, сэтгүүлчдийг хөл хорио нэрээр хашсан гэж ойлгож байгаа. Таны хувьд сэтгүүлчдийн мэдээлэл авах санал, хүсэлтийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сүүлийн хоёр жил цар тахал гээд нэгдсэн хэвлэлийн бага хурал хийх байдлаар мэдээлэл өгч байсан. Миний хувьд сэтгүүлч яриа авъя гээд хандахад өрөөндөө оруулаад чөлөөтэй ярилцлага, мэдээлэл өгдөг.
-ЦАГ ХУГАЦАА БОЛОН ЭРХЗҮЙН ХУВЬД ҮХНӨ ХИЙХ БОЛОМЖГҮЙ-
-ҮХНӨ хийгээд хоёр жил болж байна. Найман жил гар хүрэхгүй гэж хуульчилсан. Гэтэл энэ намрын чуулганаар дахин гар хүрэх нь гэдэг яриа гараад байна?
-2021 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг биш гэсэн байр суурьтай байгаа юм. 2019 оны арваннэгдүгээр сард Монголын ард түмэн, улс төрийн намууд, УИХ, Ерөнхийлөгч зөвшилцөж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ бол 1992 оны Үндсэн хуулиас хойших 30 жилийн улс төрийн тогтолцоо, олон улсын нөхцөл байдал, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг дагаж, зайлшгүй хийгдсэн өөрчлөлт.
Гэтэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад дөнгөж хоёр жил блж байхад дахин өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд боломжгүй. Мөн эрхзүйн хувьд хязгаарлагдмал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.2-т зааснаар Үндсэн хуульд нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулсан бол уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар дахин нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн заалт бий. Тэгэхээр хэрвээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол 2019 оны нэмэлт өөрчлөлтийн үед хөндсөн заалтууд дахин хөндөгдөх боломжгүй.
-Хэрвээ Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулвал УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг та зөв гэж үзэж байна уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сүүлийн арван хэдэн жилийн дэлхийн улс орнуудын парламент, гүйцэтгэх засаглалыг харьцуулан судалж байж хийсэн. Судалгаанаас үүдэн улс төр судлаачид, Үндсэн хуулийн хуульчид бүгд нэг зүйл дээр санал нэгддэг. Тэр нь УИХ, парламентын үр ашгийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг сааруулах, нэг гишүүнд төвлөрч байгаа эрх мэдлийг багасгах үүднээс одоо байгаа 76 гишүүнийг 150 орчим болгож нэмэх ёстой гэсэн зөвлөмж, судалгаа гаргадаг. Улс төр судлаачийн хувьд үүнтэй санал нийлдэг. Парламентын үйл ажиллагаа бүхэлдээ ямар нэг гадны лобби болон бусад бүлэглэлүүдийн шахалтаас ангид байх ёстой. 76 гишүүүнтэй Монголын парламент дэлхийд жижгэвтэр парламент гэж тооцдог. Тэр утгаараа нэг гишүүний санал, нэг гишүүнд ирж буй эрх мэдлийн төвлөрөл өндөр. Өнөөдөр нэг гишүүн гурав хүртэлх байнгын хороонд харьяалагддаг. Тиймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний хууль батлах босгыг өндөрсгөсөн. Парламентын 20 хүртэлх гишүүний саналаар хууль баталдаг байсныг нэмсэн. Цаашдаа парламентын үр ашгийг дээшлүүлэх, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг сааруулах үүднээс нэмэх шаардлагатай. Гэхдээ гишүүдийн тоог нэмэх асуудалд иргэд, олон нийтийн байр суурийг харгалзах ётой. Олон нийтийн зүгээс гишүүдийн тоог нэмэх асуудлыг дэмждэггүй. 1992 онд Монгол Улсын хүн ам 2.2 сая байх үеийн хүн амд ногдох парламентын гишүүдийг тооцож, 76-аар тогтсон. Одоо хүн ам 3.5 сая болсон. Тиймээс нэмэх нь зүйтэй. Гэхдээ цаг хугацааны хувьд 2021-2022 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх боломжгүй.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОХОД БУРУУДАХГҮЙ-
-Парламентын гишүүд Засгийн газарт олноороо орох нь хэр зөв юм бэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дөрвөөс илүүгүй байхаар өөрчилсөн?
-Парламентын засаглалтай улс орнуудын түгээмэл жишиг бол парламентад сонгогдохын тулд ард түмний итгэлийг авч, мэдлэг боловсрол, төрийн алба хаах чадвар, ёс зүйн өндөр шалгуур давсан хүмүүс гишүүн болох ёстой. Тиймээс сонгосон парламентын гишүүд дотроос дахин сонголт хийж, өндөр шалгуур тавьж гүйцэтгэх засаглал бүрддэг. Европын парламентын засаглалтай улс орнуудад Парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байдаг. Ингэж байж Засгийн газар нь салбар бүрийн өндөр чадвартай, лидерүүдээсээ бүрддэг. Монголын хувьд УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн давхар байх гэхээр нэгдүгээрт гишүүн цөөтэй жижиг. Тиймээс 19-20 нь гүйцэтгэх засаглалын гишүүн болчихоор тухайн гишүүний орсон байнгын хороо, хууль боловсруулах ажил хаягдана. Мөн иргэдийн дунд нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрүүлдэг, олон давхар дээл өмсүүлдэг гэх шүүмжлэл байдаг шүү дээ. Хэрвээ Монголын парламент 120-150 гишүүнтэй байвал түүний 18-20 нь гүйцэтгэх засаглалд ороход парламентад хийдэл гарахгүй. Хууль боловсруулах ажилд төдийлөн нөлөөлөхгүй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох асуудлыг ярих нь. У.Хүрэлсүхийг ард түмнээсээ сонгосон сүүлийн Ерөнхийлөгч гэж ярьж байна. Парламентаас сонгох нь зөв жишиг үү?
-Судлаачид, Үндсэн хуулийн эрхзүйн хуулчьдын судалгаагаар цэвэр парламентын засаглалтай улс орон байхад Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь буруудахгүй гэдэг байр суурьтай байдаг. Герман, Энэтхэг гэх мэт улсууд ийм. 1992 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлахын өмнө хууль тогтоогчид Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох заалт оруулсан нь хэд хэдэн үндэслэлтэй байсан. Нэгдүгээрт, монголчууд төрт ёсоо дээдэлдэг, төрийн тэргүүн нь улс орны эв нэгдлийг хангагч гэж үздэг учраас ард түмэн өөрсдөө сонгоё гэсэн эрмэлзлэлтэй байдаг. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч сонгогдчихоод улс төрийн намын харьяаллаасаа гардаг. Бүх ард түмэн, бүх улс төрийн намыг эвлэлдэн нэгдүүлэх ёстой хүн болдог. Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хоорондын тэнцвэржүүлэгч үүрэг гүйцэтгэдэг. Ер нь цаашдаа сонгодог парламентын тогтолцоог улам бэхжүүлье гэж байгаа бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгоход буруудахгүй. Гэхдээ иргэдийн дунд судалгаа хийхэд Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох ёстой гэсэн санал өгдөг юм.
-ҮХНӨ-ийн асуудал намын түвшинд яригдаагүй гэж хэллээ. Гадуур бол МАН-ынхан ҮХНӨ-ийг АН-ынхнаар өргөн бариулах санал тавиад байгаа гэх сураг байна?
-Намын түвшинд тийм асуудал яриагүй учраас мэдэхгүй байна.
-НАМРЫН ЧУУЛГАНЫГ ТАНХИМААР ХУРАЛДАХ ХҮСЭЛТЭЭ ОЛОН ГИШҮҮН ИЛЭРХИЙЛСЭН-
-2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламент ажлаа хэр үр өгөөжтэй хийж чадаж байна вэ?
-Цар тахлын үед бүрдсэн парламент учраас өнгөрсөн хугацаанд Цар тахлын хуулийн дагуу хагас цахимаар, маш цөөхөн тохиолдолд биечлэн оролцсон байдлаар ажиллалаа. Тиймээс гишүүдийн үгээ хэлэх, саналаа хэлэх эрх минут, хоёр минутаар хязгаарлагдсан. Иймэрхүү цар тахлын үетэй нүүр тулсан парламент ажиллаж байна. Цахим хурал сул талтай нь ажиглагдсан. Зарим маргаантай асуудлаар бодлогын байр сууриа илэрхийлэх боломж хоёр минутад хязгаарлагдмал байдаг юм байна. Тиймээс намрын чуулганы бүх хуралдаан, байнгын хорооны хуралдаануудыг танхимаар явуулмаар байна гэдгээ маш олон гишүүн илэрхийлсэн. Төрийн хууль тогтоомжид нухацтай хандаж, цаг зарж, бодлогын мэтгэлцээнийг хүчтэй өрнүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн энэ удаагийн парламентын нэг онцлог нь 2020 оны долдугаар сараас эхлэн, тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хурал дээр бодлогын мэтгэлцээн өрнөж эхэлсэн. Кембриджийн сургалттай лаборатори сургуулиудыг нэмэх ёстой юу, эсвэл нийтийн сургуулиудыг дэмжих үү. Төрийн бодлогоор хувийн сургуулиудыг хэрхэн зохицуулах вэ. Цөөхөн хүүхдийг өндөр шалгуураар сонгож аваад тусгайлсан сургуульд явуулах нь зүйтэй юм уу. Эсвэл бүх нийтийн боловсролын тогтолцоогоо дэмжээд, санхүүжилтыг хүүхэд бүрт тэгш хуваарилах ёстой юм уу гэдэг асуудлаар бодлогын мэтгэлцээн өрнөж эхэлсэн. Энэ мэтгэлцээн маш хүчтэй өрнөсөөр боловсролын том реформ хийх гэж байна. Гэх мэт энэ парламентаас бодлогын мэтгэлцээн их өрнөх болсон. Иргэд бас анхаарлаа хандуулах болсон.
-Эрх баригчид цар тахлын үед хүч түрсэн шийдвэрүүд гаргаж байна гэж олон нийт их шүүмжилж байна. Цар тахлын үед эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүд хэр оновчтой байна вэ?
-Номхон далайн бүс нутгийн орнуудын цар тахлын үеийн парламентын харьцуулсан судалгаанд Монгол Улсыг төлөөлөн үндэсний шинжээчээр ажилласан. Цар тахлын хоёр жилд дэлхийн улс орнуудын парламент томоохон сорилтод орж байна. Ихэнх улсын парламент цахим, хагас цахим байдалд шилжсэн. Цар тахлын үед хүн амынхаа эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогууд ихээхэн маргаан бэрхшээл, зөрчил дунд явагдсан. Миний хувьд Номхон далайн бүс нутгийн улсуудын ковид-19 цар тахлын нөхцөл байдал, эсрэг хэрэгжүүлж буй бодлогын талаар олон улсын судалгаанд ажилласан. Судалгаа маань саяхан Герман улсад хэвлэгдсэн. Энэ судалгаанаас үзэхэд Монгол Улсын парламент харьцангуй хурдтай ажиллаж, Цар тахлын эсрэг хуулиа хамгийн түрүүнд баталсан улсуудын нэг болж байна. Мөн парламентын хуралдаануудаа тасралтгүй зохион байгуулж ирсэн цөөхөн улсын нэг. Бас цар тахлын эхний жилд буюу 2020 онд бүх нийтийн сонгуулиа амжилттай явуулсан цөөхөн улсын нэг. Түүнчлэн 2021 оны зургаадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай хийсэн. Гэхдээ Цар тахлын хуулиар гүйцэтгэх засаглалд эрх мэдэл ихээр төвлөрч байна. Эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалтууд, том төслүүд УИХ-ын хяналтаас гадуур байна гэдэг шүүмжлэл бий. Үүнтэй зарим талаар санал нэг байна. Тиймээс цар тахлын эсрэг хуулийг яаралтай зогсоож, энгийн байдалдаа шилжих ёстой. Улс орны эдийн засаг ердийн дэглэмээрээ үргэлжлэх ёстой.
-НАМ, БҮЛГИЙН ЗҮГЭЭС ШИНЭ ГИШҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ШАХАЛТ БАЙХГҮЙ-
-Нэг нам Засгийн эрх барьж байгаа. УИХ-д шинээр орж ирсэн гишүүний хувьд төрийн ордонд орж ирэхээсээ өмнө хийж хэрэгжүүлье гэж бодсоноо хийж чадаж байна уу. Намын эсрэг ярьж чадахгүй, барьцаалагдах үе гарч байна уу?
-Миний хувьд улс төр судлалын эрдэмтэн хүний хувьд төрийн бодлого, Үндсэн хууль, улс төрийн нам, сонгууль гэх мэт асуудлаар судалгаа хийж байсны хувьд энэ чиглэлээрх бодлогын гол хуулиуд дээр аль нэг нам байна уу, тодорхой удирдлагаас үл хамаараад байр сууриа хүчтэй илэрхийлэх бүрэн боломжтой. Өнгөрсөн хугацаанд батлагдсан гол хуулиуд болох Шүүхийн тухай хууль, Боловсролын хуулийн гол хэлэлцүүлгүүд, авлигын эсрэг асуудлаар хүчтэй байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын залуу гишүүд голчлон байгуулсан Авлигын эсрэг лобби бүлэгт бид ажиллаж байна. Гол хуулиуд дээр авлигын эсрэг дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийж байна. Намын, бүлгийн хувьд шинэ гишүүдэд үзүүлэх шахалт байхгүй.
-УИХ-ын эмэгтэй гишүүд хэр нэгдэж, яаж ажиллаж байгааг олон нийт их анхаардаг. Энэ парламентын хувьд нэгдэж ажиллаж чадаж байна уу?
-УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгосон. Эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулаад тодорхой асуудлууд дээр эрхэлсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Миний хувьд цахим орчинд хүний эрх хамгаалах, улс төр дэх жендерийн тэгш байдал хангах зэрэг чиглэлээр үүрэг хариуцлага авсан.
-Засгийн газрыг орцруулсан асуудалд УИХ-ын эмэгтэй гишүүд хожуу дуугарсан нь шүүмжлэл дагуулж байсан. Энэ мэтчилэн нийгэмд гарч байгаа цаг үеийн асуудлуудад эмэгтэй гишүүд мэдрэмжгүй хандаж байна гэх шүүмжлэл бий?
-Нялх биетэй ээжийг нимгэн авч гарч, эмнэлэгт шилжүүлсэн асуудлаар тухайн үед Шадар сайд байсан Я.Содбаатартай уулзаж, тухайн асуудалд хариуцлага тооцох тухай саналаа тавьж байсан. Мөн зэвсэгт хүчний алба хаагч амиа алдсан асуудлаар УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлэг санаачлан Хүний эрхийн дэд хороотой хамтран хэлэлцүүлэг хийсэн. Тодорхой хуульд өөрчлөлт оруулах, албан тушаалтанд хариуцлага тооцох асуудал ярьсан. Мөн эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудлаар ХЭҮК-т асуудал тавьж шийдүүлж байна. Эмэгтэйчүүдийн бүлэг Хүүхэд хамгааллын болон Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьсан. Мөн ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж, зохицуулах асуудлыг хуульд оруулахад эмэгтэйчүүдийн бүлэг тодорхой нөлөөтэй ажилласан. Цахим орчинд хүний эрх хамгаалах тухай хуулийг өргөн барихад энэ төсөл дээр ажиллана. Цахим орчинд дарамтуулсны улмаас хэд хэдэн эмэгтэй амиа хорлох асуудал гарч байсан.
-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд сүүлийн үед хүмүүс ам сайтай байна. Салбараа сайн удирдаж байна гэж харж байх шиг?
-Манай боловсролын салбарт шинэчлэл хийх цаг нь болсон байсан. Хэдийгээр тодорхой сайдууд гарч ирээд хөтөлбөрийн шинэчлэл хийдэг байсан ч гэсэн Л.Энх-Амгалан сайдын ажиллаж байгаа шиг өргөн хүрээтэй, далайцтай санхүүжилтын болон хөрөнгө оруулалтын шинэ шийдэл санал болгож байгаагүй. Мөн боловсролын салбарт ужгирсан сул талуудыг арилгахаар зоригтой дуугарсан сайд байхгүй. Сайн ажиллаж, томоохон шинэчлэлүүд хийж байгаа гэж үнэлж байна. Тиймээс Боловрол шинжлэх ухааны байнгын хороо Л.Энх-Амгалан сайдтай хамтарч, боловролын реформыг амжилттай хийхийн төлөө ажиллаж байна.
Эх сурвалж: EGUUR.MN