Ц.Мөнхцэцэг: Иргэний болон УТ-ийн эрхийн тухай ОУ-ын пактын хэрэгжилт Монгол Улсад хангалтгүй байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн явцын танилцуулгыг сонслоо. Энэ талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Танилцуулгын дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг иргэний болон улс төрийн эрхийн тухай ОУ-ын пактын хэрэгжилт Монгол Улсад хангалтгүй байгааг шүүмжилсэн бөгөөд гадаадад суугаа монголчуудад Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх орнуудын тоог нэмэх хэрэгтэйг сануулсан юм.

Тэрбээр “Цар тахлын үеэр тусгаарлалтад байгаа хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үндэслэлгүй хязгаарлах, тайван замаар жагсаж буй иргэдийн үг хэлэх эрхийг хязгаарлах явдлыг цагдаа хүчний байгууллагууд удаа дараа гаргаж байна. Тодруулбал, Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбатын асуудал болон Төв талбай дээр тайван замаар жагсаал хийж буй болон үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг хязгаарлах, баривчлах явдал удаа дараа гарч байна.

Тиймээс Хууль зүйн байнгын хороо иргэний үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг хууль, хүчний байгууллагаас зөрчөөд байгаа талаар хэлэлцэж тогтоолд оруулах ёстой.

Мөн гадаад улс оронд Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөх, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. 15 жилийн өмнө Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг болон уг хэргийн төлөө талийгаачийн аав Б.Шаарийбуу гуай тасралтгүй, шантралгүй тэмцэж байгаа нь бодит үнэн.

Гэвч Малайз болон Монгол Улсын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй байгаагаас болж, тухайн улсад амь насаа алдсан иргэнээ Монголын төр хангалттай хамгаалж чадахгүй байна. Тийм учраас Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах орнуудын тоог нэмэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ирэх онд монголчууд олноор оршин сууж буй хэд хэдэн улстай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах тал дээр МУ-ын Засгийн газар, Гадаад харилцааны яам анхаарч ажиллах нь зүйтэй.

Глобалчлалын нөхцөлд Монгол Улсын төрөөс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа зөвхөн үндэсний нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй байх ёстой болж байна. Өнгөрсөн Хаврын чуулганаар баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд дагалдах эрх зүйн орчноо сайжруулах ёстой” хэмээсэн юм.

Эх сурвалж: toimnews.mn