Ц.Мөнхцэцэг: Боловсролын багц хуульд жендер, хүний эрхийн мэдрэмжтэй өөрчлөлтүүд хийнэ

“ЮНЕСКО”-гийн Монголын үндэсний комисс, УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой хамтран “Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” хурал хэлэлцүүлгийг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж буй.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, М.Оюунчимэг тэргүүтэй Юнескогийн төлөөлөгчид, мэргэжилтнүүд оролцож байна. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжийн харилцан уялдаа, саад бэрхшээлийн талаар санал солилцож, бодлогын зөвлөмж гаргана гэдгээ онцлов.

Тэрбээр “Жендерийн тэгш байдлыг бий болгох, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хууль тогтоох байгууллагын үүрэг оролцоог  нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын гишүүд бид анхааран ажиллаж байна. 

Өнгөрсөн жил анх удаагаа Олон Улсын Цагаан тууз аяныг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бид хоёр дэмжиж, УИХ-ын бусад гишүүдээ уриалан цагаан тууз аянд нэгдсэн юм.

УИХ-ын гишүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй гэдгээ амлаж энэ аянд нэгдсэн билээ. 

УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар шинэ зохицуулалт хийж хариуцлагыг чангатгасан.

Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэж буй гол хуулиудыг жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй гаргах үүднээс анхааран ажиллаж байна. 

Тухайлбал, Боловсролын тухай багц хуулинд жендерийн болон хүний эрхийн мэдрэмжтэй өөрчлөлтүүд хийх, тэгш хүртээмжтэй боловсролын тогтолцоог бий болгох чиглэлд бид ажиллаж байна.

Мөн Улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн хуулинд жендерийн тэгш оролцоог дэмжсэн тодорхой зохицуулалт хийнэ.  

Жендерт суурилсан хүчирхийллийн асуудал нь цахим орчинд түгээмэл гарах болсон учраас Цахим орчинд хүний эрхийг хангах асуудал чухлаар тавигдаж байна. УИХ-аар эдгээр хуулийг хэлэлцэхэд та бүхэн маань саналаа өгч хамтран ажиллаарай гэж хүсч байна” гэв.

Эх сурвалж: eguur.mn