Ц.Мөнхцэцэг: Хүн бүр дугуйгаа унаж, өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна

Өнөөдөр Дэлхийн унадаг дугуйн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Дугуйн спортын үе үеийн тамирчид, сонирхогчиддоо ДЭЛХИЙН УНАДАГ ДУГУЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

НҮБ-аас 06 дугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн унадаг дугуйн өдөр" хэмээн 2018 онд зарлажээ. Дэлхийн унадаг дугуйн өдрийг тодорхойлсон уг тогтоолд "Хүн төрөлхтөн хоёр зуун жилийн турш хэрэглэж ирсэн унадаг дугуй нь өөрийн гэсэн өвөрмөц шийдэлтэй, урт удаан ашиглахуйц, олон талыг дэмжсэн, энгийн, хямд, найдвартай, эко, байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн хэрэгсэл юм” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хүн бүр өдөрт тогтмол дасгал хийж байвал эрүүл байж, олон төрлийн өвчнөөс сэргийлдэг бөгөөд унадаг дугуйг өдөр бүр ашиглах нь ямар ч идэвхитэй хөдөлгөөнийг орлохуйц дасгал болдог байна.

Мөн унадаг дугуй нь ямар нэг түлш ашигладаггүй тул агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг зогсооход ч хувь нэмрээ оруулдаг, хүн бүхэн ижил тэгш хэрэглэх боломжтой тээврийн хэрэгсэл юм.

Мэргэжилтнүүд унадаг дугуй нь байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй учраас "Хотуудын дотоод аз жаргалын индекс"-ийг нэмэгдүүлдэг гэж үздэг юм.

Дугуйн спорт мэргэжлийн спортын төрлийн хувьд Монгол улсад амжилттай хөгжиж байна. Монголын дугуйн шигшээн баг тамирчид 1964 оны Токиогийн олимпоос эхлэн оролцож ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2022 оны Азийн АШТ-д Монголын баг тамирчид 4 медаль авч түүхэн амжилт үзүүлсэн.

Хүн бүр дугуйгаа унаж, өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна" хэмээн онцоллоо.

Эх сурвалж: eguur.mn