Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.10.25) хуралдаан 14 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газраас 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Танилцуулгадаа, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн зорилтуудад чиглүүлж байна гэлээ.
Мөн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүдийн 46.2 хувь нь үнийн өсөлтийн нөлөөнд өртсөн бөгөөд уг асуудлыг шийдсэнээр боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, соёл, спорт гэх мэт нийгмийн өндөр ач холбогдолтой 636 төсөл хугацаандаа ашиглалтад орох, 476 компанийн 28 мянган ажлын байр хадгалагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
Биеийн тамир спортыг нэгдсэн бодлогоор хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын албан тушаалыг шинээр бий болгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад тус сайдыг ажлын албатай байхаар тооцож, үйл ажиллагааны зардлыг тусгав.
Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав. Танилцуулгадаа, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, Улсын Их Хуралд гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өглөө.
Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төсөл Боловсрол, шинжлэх ухааны сайд 2.2 их наяд төгрөг, Соёлын сайд 126.5 тэрбум төгрөг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга 37.9 тэрбум төгрөг байна гэлээ.
Үргэлжлүүлэн хууль санаачлагчдаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням олимп, дэлхийн тэмцээнээс медаль авсан тамирчдад жил бүр 1.8 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгодог. Энэ мөнгийг олгох журмыг Засгийн газар өөрчилж, насан туршид нь зүгээр цалин өгдгийг болиулах талаар тус Байнгын хорооны тогтоол гарсан.
Тогтоолын хэрэгжилт ямар байна вэ. Тамирчдыг урамшуулахад зориулсан хэдий хэмжээний төсөв тавигдсан бэ гэдгийг тодруулж, хэмнэлтийн горимын үед төсөв хэмнэх талаас харж, тамирчдыг бус татвар төлөгчдийг урамшуулах талаар байр сууриа илэрхийллээ. Асуултад Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгох урамшуулал нэмэгдэж, 2.2 тэрбум төсөвлөгдсөн талаар хариулав.
Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Соёлын сайдын соёл урлагийг хөгжүүлэх зардлаас нэг зуун сая төгрөгийн зардлыг бууруулж, Кино урлагийг дэмжих үйл ажиллагааны зардлыг нэг зуун сая төгрөгөөр нэмэгдүүлэх талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.6 хувийн саналаар дэмжлээ.
Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв.