УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны Жанжин Сүхбаатарын танхимд 10:00 цагт эхэллээ. Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Л.Цэдэвсүрэн нараас шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, суурь судалгааг дэмжих, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, эх хэл, соёлоо сурталчлах зардлын төсөв болон боловсролын сангийн зээлийн төсвийн таналт, сонгон шалгаруулалтын журам, мэргэжлийн чиг баримжааны талаар тус тус тодрууллаа.
Тухайлбал, боловсролын сангийн уг зээлд ихэвчлэн УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хамрагддаг нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгосоор ирсэн. Тиймээс сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй болгож, сурлагын өндөр амжилттай боловч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй ард иргэдийн хүүхдүүдийг тэгш, шударгаар хамруулах нь зүйтэй юм. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай байгаа боловч хүний хөгжлийн сангийн гол зардлуудыг танахгүй байх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийллээ.