Ц.Мөнхцэцэг: Кембрижийн хөтөлбөртэй 40 сургууль нэмэгдүүлвэл нэг жилд 56.9 тэрбум төгрөгийн зардал гарна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудыг нэмэгдүүлнэ гэж ярьж буй Х.Ганхуяг, Н.Учрал нарын хэсэг гишүүний эсрэг байр суурьтай байгаа юм. Тодруулбал, олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг нэмэх гэхээс илүү ерөнхий суурь боловсролын хөтөлбөрийг сайжруулах, үндэсний онцлогтой хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарын цалин, үнэлэмжийг сайжруулах бодлого нь зөв гэж үзэж буй аж.

-Кембрижийн хөтөлбөрийг Монголд нэмэгдүүлэх саналыг хэсэг гишүүд гаргаж, лобби бүлэг хүртэл байгуулаад байна. Та энэ асуудлаар боловсролын байгууллагын багш, эрдэмтэн мэргэдээс санал асуулга, судалгаа авсан юм байна. Үр дүн нь яаж гарав?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэх явцад зарим гишүүд Кембрижийн сургалттай сургуулиудын тоог нэмэх асуудлаар санал гаргасан. Төрийн бодлогын аливаа шийдвэр шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, тооцоололд үндэслэсэн, хэтийн төлөвийг харгалзсан байх ёстой. Мөн тухайн шийдвэрт хамрагдах нийгмийн бүлгүүд, оролцогч талуудын байр суурийг харгалзсан байх учиртай юм. Тийм учраас Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүний хувьд миний бие багш нар, мэргэжилтнүүд, эцэг эхчүүд, эрдэмтдийн төлөөллөөс энэ асуудлаар бичгээр болон албан ёсны сошиал хуудсуудаараа санал авч, тандах судалгаа хийсэн юм. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл гээд багш нарын хамгийн том фэйсбүүк группт багш нараас санал авсан.

Мөн боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, ТББ-уудын төлөөлөл, Монгол дахь Кембрижийн сургалт явуулж буй "Шинэ эрин", "Шинэ эхлэл", "Монгол тэмүүлэл" сургуулиудын удирдлагуудтай манай байнгын хорооны гишүүдийн төлөөлөл уулзаж тус хөтөлбөрийн сургуулиудын өнгөрсөн 10 гаруй жилийн үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж байр суурийг нь сонссон.

-Хэдэн хувь нь Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж байна вэ?

-Нийт санал, сэтгэгдлийн 69 хувь нь Кембрижийн хөтөлбөр, сургуулиудыг нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцсэн. Монголын суурь боловсролыг илүү сайжруулах, багш нарыг илүү чадавхжуулах, шилдэг судлаач, эрдэмтдээр бүрдсэн баг бүрдүүлж, өөрсдийн хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй гэх мэтчилэн дотоод боловсон хүчин, нөөц бололцоо, хүчээ ашиглах хэрэгтэй хэмээн үзсэн саналууд байлаа. Харин 30 орчим хувь нь Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн бөгөөд дэлхийд боловсролтой хөл зэрэгцэн алхах хэрэгтэй. Төрийн өмчит Кембрижийн сургуулиудад хэдэн арван саяын төлбөртэй хувийн сургуулиудын олгож буй боловсролыг үнэ төлбөргүй олгож байгаа учраас ийм сургуулиудын тоог нэмэх нь зөв гэсэн байр суурьтай байлаа. Ерөнхийдөө Кембрижийн хөтөлбөр гэхээсээ илүүтэй одоо байгаа Монголын боловсролын систем, хөтөлбөр, чанарыг сайжруулж, багш нарын нийгмийн баталгааг хангаж, цалин хөлсийг нэн тэргүүнд нэмэгдүүлж, амьдрах, ажиллах боломжоор хангах хэрэгтэй гэж үзсэн хүмүүс олонх нь байсан.

-МОНГОЛЫН СУРАГЧДЫН 10 ХҮРЭХГҮЙ ХУВЬД Л ҮР ШИМЭЭ ӨГӨХ ТОГТОЛЦОО-

-Манайд яг одоогоор Кембрижийн сургалттай хэдэн сургууль байна?

- Монгол улсын Засгийн газар, Кембрижийн их сургуулийн Кембрижийн Олон улсын шалгалтын төвийн хооронд бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх талаар хамтран ажиллах санамж бичигт 2011 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурснаар 2011 онд олон улсын Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэл дээр хичээллэдэг “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн 3 лаборатори сургуулиуд анх байгуулсан. Улмаар 2011-2016 онд бага, дунд боловсролын математик, физик, хими, биологи, англи хэл, байгаль шинжлэлийн хичээлийн үндэсний хөтөлбөрүүдийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчилсэн туршилт хийсэн. Энэ туршилтад аймаг бүрийн төвийн 1, Улаанбаатарт 10, нийт 31 сургуульд 2529 багш, 55978 сурагч хамрагдсан байдаг. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн хөгжлийн банк болон зарим иргэний нийгмийн байгууллагууд, хувь эрдэмтэд судалгаа хийж үнэлэлт өгсөн байдаг.

-Таны хувьд Кембрижийн хөтөлбөрийг өргөжүүлэхийг эсэргүүцэж буй гол үндэслэлүүд юу вэ?

-Төрөөс нийгмийн аль нэг бүлэг, эсвэл цөөнхөд давуу тал олгох боловсролын бодлого явуулах ёсгүй. Кембрижийн хөтөлбөр гэх мэт тусгайлан цөөн тооны сурагчдыг сонгон шалгаруулалтаар авч бусад төрийн өмчит ЕБС-ийн сургуулиудтай харьцуулахад хэд дахин өндөр дүнгээр төрөөс санхүүжүүлэх хөтөлбөр нь боловсрол дахь тэгш бус байдлыг дэмжсэн бодлого учраас би зарчмын хувьд дэмжихгүй байгаа. Харин үүний оронд үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих, суралцагч бүрт адил тэгш чанартай боловсрол олгох бодлогыг өргөжүүлэх ёстой гэж үзэж байна. Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр  нэг суралцагчид ногдох зардал нь ЕБС-ийн бусад сургуулийн нэг суралцагчид ногдох зардлаас даруй хэд дахин өндөр байдаг. Хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй ЕБС-иудын санхүүжилт, чанарыг сайжруулах, Улаанбаатар хотод нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байгаа өнөөдрийн нөхцөлд цөөн тооны суралцагчдад үйлчлэх өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх нь боловсролыг тэгш, чанартай, бүх хүүхдэд тэгш хамруулан олгох зарчмыг алдагдуулж буй явдал юм.

Кембрижийн сургалтыг өргөжүүлэхээс илүүтэйгээр Монголын үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих зайлшгүй шаардлага байна.

Тийм учраас Кембрижийн сургалтыг өргөжүүлэхээс илүүтэйгээр Монголын үндэсний боловсролын тогтолцоогоо дэмжих зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл Кембрижийн сургалтын өнөөг хүртэлх хэрэгжүүлсэн үр дүн, цаашид өргөтгөлөө ч гэсэн Монголын хүүхдүүдийн 10 хувьд ч хүрэхгүй хэсэгт үр шимээ өгөх тогтолцоо байгаа учраас бид нийт хүүхдүүдийнхээ олонх руу чиглэсэн боловсролын бодлого явуулах ёстой гэж харж байна.

-КЭМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД СУРДАГ НЭГ ХҮҮХДИЙН ЖИЛИЙН ХУВЬСАХ ЗАРДАЛ

2.4 САЯ, ЕБС-ЫН НЭГ ХҮҮХДИЙНХ 374-437 МЯНГА БАЙНА-

-Кембрижийн хөтөлбөр гэж яг ямар хөтөлбөр юм бэ. Тодорхойлохгүй юу?

-Дэлхийн боловсролын системд байдаг олон хөтөлбөрүүдийн нэг. Евро-Америк төвтэй хөтөлбөр гэж судлаачид үздэг. Британи улсын элит боловсролын систем бүхий хөтөлбөр. Монголын хувьд ЕБС-иудаас авьяас чадлаараараа шалгарсан хүүхдүүдийг тусгайлан авч өндөр зардлаар бэлддэг хөтөлбөр болсон. Түүнээс биш массын боловсролыг дэмжих хөтөлбөр биш. Түүхийн явцад Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын элит боловсролын хөтөлбөр байж ирсэн. Харин Хойд Европ буюу Нордик загварын орнууд бүх нийтийг тэгш хамран сургах, төрийн үнэ төлбөргүй боловсролын системээр явдаг. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд энэ загварын боловсролын тогтолцоо, эрүүл мэнд нийгмийн хамгааллын тогтолцоог чиг баримжаа болгон явдаг. Тиймээс элит боловсролын тогтолцоо буюу цөөнхөд өндөр санхүүжилт бүхий боловсрол олгодог тогтолцоо МАН-ын суурь үнэт зүйлтэй харшилдаг гэж үздэг.

-Кембрижийн хөтөлбөр энгийн ЕБС-ийг бодоход өндөр зардалтай гэж та хэллээ. Энэ талаарх тоо баримтыг тодруулаач.

-2015 оны БСШУЯ-ны тоо баримтаар Кембрижийн сургалттай олон улсын сургуулиудын хувьсах зардал нь ердийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлаас 25 дахин их байна гэсэн тоо байна. Ердийн сургуульд байдаггүй зардлууд гардаг. Кембрижийн хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд тухайн улсын сургалтын байгууллагууд асар өндөр дүнтэй төлбөр төлдөг. Стандартад нийцүүлэхийн тулд нарийн шалгуур давдаг. Тухайлбал суралцагчдын шалгалтын материалыг олон улсын шуудангаар хүргүүлдэг, Кембрижийн олон улсын хөтөлбөрийн жил бүрийн хураамж төлдөг, сургуулийн багш нарын эрх авах шалгалтын зардал, сургалтын зардал, удирдах албан тушаалтан, багш нар, гадаад багш нарын зардал, хичээлийн хөтөлбөрийн зэрэг өндөр зардлууд гардаг.

10 жилийн хугацаанд үндсэндээ гурван сургуульд л Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Гэтэл энэ гурван сургуулийн хоёр нь одоо хүртэл байргүй байна.

Кембрижийн хөтөлбөрт зарцуулж байгаа санхүүжилт нь авьяастай суралцагчдыг нэг сургуульд хамруулан суралцуулж, сурлагын өндөр амжилт гаргахыг зорьсон санхүүжилт юм. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд үндсэндээ гурван сургуульд л Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Гэтэл энэ гурван сургуулийн хоёр нь одоо хүртэл байргүй байна. Тэгэхээр судалгаа хийгээд харахаар цаашид Кембрижийн хөтөлбөртэй 40 сургууль нэмэгдүүлвэл тэр 40 сургуулийн нэг жилийн сургалтын зардал нь 56,9 тэрбум төгрөг болох нь. Энэ бол зөвхөн сургалт явуулах зардал. Үүн дээр багш нарын зардал болон тоног төхөөрөмж, байрны зардал ороогүй. 

-Кэмбрижийн сургалттай гурван сургуульд 2020 онд төсвөөс хэдэн төгрөг төсөвлөсөн юм бэ?

-2020 онд энэ гурван сургуульд бараг 3 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Кэмбрижийн хөтөлбөртэй сургуульд сурдаг нэг хүүхдийн нэг жилийн хувьсах зардал 2,4 сая төгрөг ногдож байна. Гэтэл төрийн өмчит ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчдын нэг жилд ногдох хувьсах зардал нийслэлд 374 мянга, хөдөө орон нутагт 437 мянга байна.

-Шинээр Кембрижийн хөтөлбөртэй нэг сургууль байгуулахад хэдий хэмжээний зардал гарах бол?

-Бараг 9 тэрбумын зардал гарна. Зөвхөн эхний ээлжний зардал. Ингээд байгуулаад хаячихгүй шүү дээ. Жил бүр төлбөр төлнө. Өөрөөр хэлбэл бид асар өндөр дүнтэй олон улсын хөтөлбөрийг худалдаж аваад хэрэглэж байгаа гэсэн үг.

-Одоо тэгээд яах ёстой вэ. Кембрижийн хөтөлбөрт зарцуулна гээд байгаа тэр их мөнгөөрөө Монголын уламжлалт боловсролын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх ёстой юу?

- УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө баталлаа. Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын зорилтыг “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ” гэж заагаад “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ” гэж зааж өглөө. Ийнхүү Монгол улсыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичигт боловсролын тэгш, хүртээмжтэй, хэнийг ч алагчлахгүй байх нийгмийн ардчиллын болон хүний эрхийн үндсэн зарчмууд төрийн бодлогоор баталгаажив.  Мөн Кембрижийн гэх мэт аль нэг гадаад хөтөлбөрийг бус, олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох эрх зүйн шинэтгэл хийнэ гэсэн зорилтыг дэвшүүлэн тавилаа. Ингэснээр үндэсний боловсролын тогтолцоогоо хөгжүүлэх, тэгш хамран сургах, хүртээмжтэй боловсролын төлөө явах үйл ажиллагаанууд хийгдэх юм.

Төрийн өмчид ЕБС-иудад тогтвортой ажиллах багш бэлтгэхийн тулд нийгмийн хамгаалал, цалин урамшууллын сайн системийг бий болгох ёстой. Тэгж байж улсын сургуульд сайн багшийг тогтоож үлдэнэ. МУБИС сүүлийн жилүүдэд ЭЕШ-д өндөр оноо авсан төгсөгчдийг төрийн зардлаар суралцуулж байгаа. Сайн төгсөгч ажлын байранд гараад ганц хоёрхон жил ажиллаад хувийн сургууль руу шилжчихээд байгаа. Цалингийн ялгаатай байдлаас болж шүү дээ. Ингэхээр цалинд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй. Мөн төрийн өмчит ЕБС-иудын англи хэлний хөтөлбөрийг сайжруулах ёстой.

Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн суралцагчдын чадварын дүнд хийсэн Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн судалгаанаас үзэхэд улсын сургуулиуд төгсч байгаа хүүхдүүдийн байгалийн ухааны хичээлийн оноо Кембрижийн сургалттай сургуулийн хүүхдийн онооноос төдийлөн ялгарахгүй байна. Харин англи хэлний оноо хангалтгүй байгаа учраас улсын сургууль төгсөгчдийн цөөхөн хувь нь л тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцэж байгаа юм байна. Тиймээс ЕБС-иудын англи хэлний хөтөлбөрүүдийг дэмжих ажлыг юуны өмнө хийх нь зүйтэй. Мөн байгалийн ухааны лаборатори, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдүүдийн математик сэтгэлгээ, техникийн авьяасыг хөгжүүлдэг STEAM хөтөлбөрийн агуулгыг ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрт шингээж өгөх хэрэгтэй.  STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Math буюу Шинжлэх ухаан-Технологи-Инженерчлэл-Урлаг дизайн-Математик тооцоолол” гэсэн утгын товчлол бөгөөд математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн сэтгэлгээтэй хослуулан олгодог давуу талтай тул 21 дүгээр зуунд заавал эзэмших ёстой мэдлэг чадварт тооцогддог.

-Энэ хөтөлбөр нь зардлын хувьд?

-Энэ хөтөлбөр нь асар өндөр зардал, шалгалтын төлбөр шаардахгүй. ЕБС-иудын сургалтын орчинд нэвтрүүлээд явах боломжтой байдаг юм. Мөн боловсролын салбарт зайлшгүй хийгдэх төрийн том дэмжлэг бол нэг сурагчид ногдох хувьсах зардлыг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж боловсрол дахь тэгш бус байдлыг багасгаж чадна. Боловсролд хөрөнгө оруулалт хийх хувь хүн, ААН-үүдтэй хамтран ажиллах, татварын хөнгөлөлт үзүүлэх ажлыг өргөжүүлэх, ашгийн бус сургалтын байгууллагуудыг төрөөс дэмжих нь зүйтэй. Тухайлбал, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо саяхан “Боловсрол дахь цахим шилжилт” хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт оролцсон байгууллага, хувийн компаниуд цахим сургалтын салбарт хамтарч ажиллахаар болсон. Төрийн өмчит ЕБС-иудын орчинд дата үнэгүй хэрэглэх боломжуудыг үүрэн телефоны зарим оператор компаниуд олгохоор болж байгаа.

-ГИШҮҮД ДЭГ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД АВДАГ САХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ БАЙДАГ ГЭДГИЙГ УХАМСАРЛАХ ЁСТОЙ-

 -Та өмнө нь улс төрийг гаднаас нь хараад судлаад явдаг байлаа. Одоо дотор нь орж ажиллаж эхэллээ. Яг одоо Монголын парламентын төлөвшил ямар байна гэж дүгнэж байна вэ? Энэ УИХ ямар ямар ажлууд хийх ёстой гэж бодож байна вэ?

-Энэ жил Монголд байнгын ажиллагаатай парламент үүсссэний 30 жилийн ой болж байна. Монгол Улс дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжиж байгаа улсуудын нэг. Тэр утгаараа өнгөрсөн 30 жил парламентат ёс, улс төрийн намын тогтолцоо, ардчилсан улс төрийн соёл, иргэдийн ардчилсан оролцоо зэрэг маш олон ардчиллын институци, хэв маягууд төлөвшиж ирлээ. Үүнд дотроо зарим салбар амжилтад хүрсэн, зарим нь тодорхой дэвшил харагдахгүй зүйлс ч байна. 2019 оны 11 дүгээр сард Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалаа улам баталгаажуулж, гүйцэтгэх засаглалын бие даасан, хүчтэй тогтолцоо бүрдүүлж чадсан.

-Засаглалын бие даасан хүчтэй тогтолцоо гэдэг нь?

УИХ-ын зарим хэтийдсэн эрх мэдлийг хязгаарласан. Төрийн тогтолцооны олон асуудлыг парламентат ёсны дагуу хөгжүүлэх эрх зүйн боломжийг тавьсанаараа дэвшилд хүрсэн. Одоогийн УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан зарчмын дагуу төрийн тогтолцооны шинэчлэлүүдээ хийх ёстой. Тухайлбал хараат бус, улс төр, бизнесийн бүлэглэлээс ангид шүүх тогтолцоо бий болгоно. Шүүгчийн ёсзүй, сахилгад үнэлэлт дүгнэлт хийдэг, огцруулах Шүүгчийн сахилгын хороогоо бий болгох ёстой. Шүүхийн хараат бус байдлыг хангах шүүхийн хуулиудыг намрын чуулганаар батална. Улс төрийн шинэчлэлийн бас нэг томоохон зүйл бол улс төрийн намын тогтолцоогоо өөрчлөх явдал. Улс төрийн нам бизнесийн бүлгийн ашиг сонирхлын хэрэгсэл биш Монголын ард түмний хэрэгцээг илэрхийлдэг, бодлогын нам болох ёстой. Улс төрийн намын хөтөлбөр, бодлогууд хэрэгжих боломжтой, тооцоо судалгаанд үндэслэсэн байх ёстой. Түүнчлэн хүний эрхийн нэгдэн орсон хууль тогтоомжууд, түүн дотроо жендерийн тэгш байдлыг хангах, хүчирхийлэл, ажлын байранд дахь бэлгийн дарамт, цөөнхийн эрх зэргийг хангасан хууль тогтоомжуудыг боловсронгуй болгоно. ХЭҮК-ийг хараат бус байдлаар байгуулж, хүний эрхэд хяналт тавьдаг бүтцийнх нь дагуу жинхэнэ утгаар нь ажиллуулах ёстой. ХЭҮК-ын бүрэлдэхүүнийг намрын чуулганаар томилно.

Дараагийн анхаарах асуудал бол авлигын эсрэг тэмцэл, төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийг арилгах явдал. Улс төрийн, төрийн бүх томилгоонд улс төрийн нам, анги, бүлэг, нутаг ус, ах дүү, хамаатан садны ашиг сонирхлоор ханддаг байдлыг хязгаарлах ёстой. УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа гаргасан бол өөрөө огцордог соёлыг нэвтрүүлэх ёстой гэх мэтчилэн парламентад хийх ажил их байна. Парламентад анх удаа сонгогдсон шинэ гишүүд биднээс нийгэм өндөр хүлээлттэй байгаа. Олон асуудлаар байр сууриа илэрхийлээч, оролцооч гэсэн хүсэлт байнга ирүүлж байгаа. Тийм учраас мэдрэмжтэй ажиллаж, өнгөрсөн 30 жилийн алдсан зүйлийг нь засч, оносныг нь хөгжүүлээд явах ёстой. Энэ удаагийн УИХ-д гишүүдийн ёс зүй болон дэгийн хувьд дэвшил гарна гэж найдаж байна. Өмнөх парламентуудад гарч байсан ёс зүйн алдааг давтахгүйн үүднээс энэ удаагийн УИХ-д анх удаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн үйлдэл ёсзүйн алдаа мөн үү. Чуулган, байнгын хорооны хуралд суух эрхийг нь Дэгийн хуулиар долоо хоногоор хассан. Олон улсын парламентад ийм дэг үйлчилдэг үү?

-Аливаа улсын парламентад Дэгийн тухай хууль байдаг. Дэгийн хууль бол парламентийн үйл ажиллагаа хэвийн явуулах, парламентын чуулган болон байнгын хороо, бусад хуралдааны үед дэг зөрчсөн гишүүнийг сануулах, дэгийн зөрчлийг арилгуулах зорилгоор үйлчилдэг. Би 2004 онд “Монгол маягийн парламент буюу дэггүй УИХ” гэсэн нийтлэл бичиж байсан. Дэлхийн улсуудын парламентад үйлчилдэг дэгийн тогтолцоо Монголын парламентад маш сул байна. Жишээ нь, ХБНГУ, Их Британи, Франц зэрэг ихэнх улсад хуралдааны үед бусдыг үг хэлээр доромжлох, спикерээс олгогдсон үг хэлэх хугацааг хэтрүүлэх гэх мэтээр дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор чуулганд оролцох эрхийг хасах арга хэмжээ авдаг. Грек зэрэг улсад дэгийг ноцтой зөрчсөн гишүүнийг буруутгах тогтоолыг сонинд нийтэлж олон нийтэд танилцуулдаг өвөрмөц шийтгэл бий. Иймэрхүү дэг өмнөх парламентуудад байгаагүй. 2016-2020 оны УИХ Дэгийн тухай хуулийг баталж, нэлээд нарийн зохицуулалт оруулсан нь сайшаалтай. Тиймээс цаашдаа гишүүд дэгээ сахиж, дэг зөрчсөн тохиолдолд авдаг сахилгын арга хэмжээ байдаг гэдгийг ухамсарлах ёстой.

-Эмэгтэй гишүүд нэгдээд бүлэг байгуулан ажиллаж байна. Улмаар тус тусын сонирхсон чиглэлд анхаарч ажиллаж байгаа гэсэн. Таны хувьд ямар асуудалд анхаарч ажиллах вэ?

-Миний хувьд Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт хүний эрхийн асуудлыг голлон хариуцаж байна. Үүн дотроо цахим орчинд хүний эрхийг хангах, цахим гадуурхал, хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд онцгойлон анхаарч ажиллана. Мөн Зөрчлийн тухай хуулийн зарим заалтуудыг өөрчлөх, нийтийн аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн зохицуулах тал дээр анхаарна. Тухайлбал сүүлийн үед олон нийтийн газар нохойд хазуулах, түүний улмаас хохирсон хохирлыг Зөрчлийн хуулиар зөвхөн торгох шийтгэлтэй байгаад байна. Гэтэл хохирлын хэмжээ, сэтгэлзүйн болон бие махбодид  учруулсан хохирлыг Зөрчлийн хуулиар бүрэн зохицуулж чадахгүй байна. Үүнтэй адил цахим орчинд гүтгэлэг, хуурамч мэдээлэл тарааснаас болж өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд дунд амиа хорлох тохиолдол гарч байна. Тиймээс цахим гадуурхал, хүчирхийллийн эсрэг, хүний нэр төр, нандин байдлын хамгаалах, хүчирхийлэл бүхий үг яриа, үймээн самуунд уриалан дуудах асуудлаар хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий. Энэ талаар ХБНГУ, Европын аюулгүй байдал, хамтын ажилагааны нийгэмлэгийн судлаачидтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: zaluucom.mn 

Сэтгүүлч Б.Бурмаа