УИХ-ын нэр бүхий гурван гишүүн “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болох тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Монгол улсын Үндсэн хуулийн 7.1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлс, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж заасан байдаг.
Хүн төрөлхтний нийгэм, соёлын салбарт даяарчлал хүчтэй нэвтэрч, улс үндэстнүүдийн соёл иргэншил улам бүр хамааралтай болж, техник технологийн нөлөө өндөрсөж байгаа энэ цаг үед монгол хэл, бичиг, номын үнэ цэнийг олон нийтэд таниулах, тэр дундаа хүүхэд залууст эх хэл, соёлын үнэт өвөө уламжлуулах бодит шаардлага бий болоод байна.
Дэлхийн 100 гаруй оронд иргэдээ соён гэгээрүүлэх, оюуны өв уламжлалаа сурталчлан таниулах зорилгоор номын баярыг төрийн дэмжлэгтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн асан, доктор А.Ундраа анх санаачилж, Төрийн ордонд "Номын соёлт ертөнц" ТББ-тай хамтран номын хэлэлцүүлэг зохион байгуулж байсан юм.
Номын баярыг тэмдэглэх энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын хамт дэмжин үргэлжлүүлж “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг жил бүрийн 9 дүгээр сар, 5 дугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болох тухай хуулийн төслийг ийнхүү Намрын дунд сарын шинийн 1-ний билэгт энэ өдөр өргөн барилаа.
УИХ-ын Ц.Мөнхцэцэгийн ажлын алба