Ц.Мөнхцэцэг: Үндэсний номын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний номын баяр” өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тэгвэл уг баярыг “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” болгон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд оруулах хуулийн төсөлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар өргөн бариад буй.

Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээс тодруулахад, “Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлс, шинжлэх ухаан, оюуны өмч төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Хүн төрөлхтний нийгэм, соёлын амьдралд даяарчлал асар хүчтэй нэвтэрч, техник технологи өндөр түвшинд хөгжиж байгаа энэ үед Монгол үндэсний соёл, хэл, зан заншлыг дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх нь өнөөгийн төрийн үүрэг. Тиймээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулийн төсөлд жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын гурав дахь 7 хоногийн амралтын өдөр “Үндэсний ном, бичиг соёлын өдөр” тэмдэглэхээр тусгасан. Энэ нь Монгол үндэстний соёлын өв дурсгалыг хамгаалах, ном бүтээх өвийг үргэлжүүлэх, хүүхэд залуучуудад уламжлан үлдээх чухал ач холбогдолтой. Мөн Монголын ном, бичиг, соёлын баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх боломжийг бүрдүүлэх юм. Энэ хуулийг УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна” гэлээ.

Ташрамд дурдахад, Дэлхий нийтэд 100 гаруй улс номын баярыг тэмдэглэдэг бөгөөд хамгийн эртний уламжлалтай орон бол ХБНГУ байгаа. 17 дугаар зуунаас Франкфуртын номын баярыг тэмдэглэж ирсэн байна.